Ногоон шошготой 14 байгууллага бий

Экологийн стандартад нийцсэн бүтээг дэхүүн худалдаж авч байгаа гэдэгт итгэлтэй байхыг ногоон шошгоор баталгаажуулдаг жишиг Европын зах зээлд нэвтрээд 10 гаруй жилийн нүүрийг үзээд байгаа аж.

Энгийнээр тайлбарлавал, талхны үйлдвэрлэлийн явцад ус, цахилгаан хэмнэхийн зэрэгцээ орчиндоо ямар нэгэн хор хөнөөлгүй байж гэмээнэ цэвэр үйлдвэрлэл гэж үзнэ. Энэ харьцааг тооцон эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгааг цэвэр үйлдвэрлэлийн индексээр үнэлдэг байна.

Манайд хоёр жилийн өмнөөс гурван Ц буюу “цэвэр үйлдвэрлэл, цэвэр байгаль орчин, цэвэр хүнс” уриалга дэвшүүлэн, энэ хүрээнд тодорхой ажлыг хийж эхэлжээ. Одоогоор “Ногоон шошго” төслийн хүрээнд 14 байгууллагад шошго олгоод буй юм байна. Ногоон эдийн засаг гэдэг өргөн ойлголтын цаана аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үйл ажиллагаа, айл өрхийн амьдралын хэрэглээ их үүрэг гүйцэтгэх юм. МҮХАҮТ-ын Гишүүнчлэл, олон нийттэй харилцах албаны дарга Т.Золбоот “Ногоон эдийн засаг гэдэг ойлголт хүн бүрт хамаатай. Гэрлээ унтраах, усаа хэмнэх гэсэн энгийн зүйлээс эхэлнэ.

Цэвэр үйлдвэрлэлийн энэ зарчим хүний ухамсар, мэдлэгтэй салшгүй холбоотой. Энэ мэдлэгийг бий болгож, ухамсарыг төлөвшүүлэхэд манай байгууллага санаачилгатайгаар оролцож байгаа” гэж ярилаа. Зөвхөн экологид ээлтэй байх бус, үүний цаана зардал хэмнэх учраас эдийн засгийн үр ашиг бий болох аж. Тус танхимаас нэгдүгээр улиралд багтаан “Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих хөтөлбөр”-ийг гарган, бодлого боловсруулагчдад танилцуулах гэнэ. Энэхүү хөтөлбөр батлагдсанаар манай эдийн засгийн бодлогод том ахиц гарна гэж хүлээж байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)