Ногоон хотын эрэлд: Эко БҮТЭЭЛ

Дэлхий дээр жилийн дундаж температур нь хасах хэмтэй байдаг цорын ганц нийслэл бол Улаанбаатар гэдгийг НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлээс гаргасан эмхтгэлд дурджээ. Идэр есийн үеэр хасах 30 градус давж хүйтэрдэг нь манай хотын барилгууд дулаанаа ихээр алддагийг зөвтгөх шалтгаан гэхдээ болохгүй.

Тэгээд ч Улаанбаатарт жилд дунджаар 257 өдөр нь нартай, цэлмэг байдаг, мөн хотын ихэнх барилга хавтгай дээвэртэй байгаа нь нарны эрчим хүч ашиглах, тусгай төхөөрөмж суурилуулахад том давуу тал болдог атал үүнийхээ хэргийг бид гаргадаггүй. Эрчим хүч, усны хэмнэлттэй, дулаанаа бага алддаг, байгаль орчинд ээлтэй, ногоон барилга барих тухай монголчууд саяхнаас л ярьж, бичиж, ажил хэрэг болгохоор төлөвлөж эхэлсэн.

Гэхдээ “Ногоон барилга гэдэг ойлголт манайд харьцангуй шинэ юм чинь” гэсэн үгээр өөрсдийгөө хаацайлахгүй, хаана хаанаа хурдтай ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна.

АНУ, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад иргэд нь эзэмшил газартаа байшин барихын тулд төр, засгаасаа заавал зөвшөөрөл авдаг аж. Муж, хотын захиргаанаас нь баталж өгсөн зураг төслийнх нь дагуу баривал адаглаад тухайн барилга эрчим хүчний хэмнэлттэй болдог учраас тэр. Хүний эрх, эрх чөлөөг дээд зэргээр хүндэтгэдэг Америкт нэг хүн амины орон сууц барихдаа хүртэл ямар норм дүрэм, стандарт баримтлах ёстой, түүнээс гажиж болохгүй гэдгээ ухамсарлаж байгаа хэрэг.

Харин манайд ногоон барилгын норм, стандарт байхгүй, “Ийм зураг төслийн дагуу ингэж байшингаа баривал дулааны алдагдал бага байна” гэх мэт зөвлөгөө мэдээлэл өгөх газар ч байдаггүй тул иргэд өөрсдөө дур дурандаа нэг юм барьчихдаг.

Байгаль орчинд ээлтэй барилгаа байг гэхэд ядаж эхний ээлжинд хүн амьдрахад тав тухтай, эрүүл мэндийн болоод эдийн засгийн үр өгөөжтэй тийм орон сууцыг хэрхэн барих тухай мэдээлэл, ойлголтгүй байгаа нь иргэдийн буруу биш л дээ.

НОГООН БАРИЛГА ГЭЖ ЮУ ВЭ

2014 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор “Ногоон хөгжлийн бодлого”-д ногоон барилга байгууламжийг тодорхойлохдоо “Хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материал ашигласан, барилгын төлөвлөлт, гүйцэтгэл, ашиглалтын үед илүү зардалгүй, дулааны алдагдал болон агаарт ялгаруулах хаягдал хамгийн бага, эрчим хүчний хэмнэлттэй, хур тунадасны усыг хуримтлуулж ашиглах, бохир усаа цэвэрлэж зайлуулах технологи бүхий амьдрахад тав тухтай орчин бүрдүүлсэн барилга байгууламжийг хэлнэ” гэжээ.

Тэгвэл Европын холбооны санхүүжилтээр Монголд хэрэгжсэн “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн багийнхан үүн дээр нэмээд “...Ашиглалтын хугацаа нь дуусаад, буулгах үед хаягдал багатай барилгыг тогтвортой гэнэ” хэмээсэн байх юм.

Өөрөөр хэлбэл, тухайн барилгыг хаана, ямар зураг төслөөр барихаас эхлээд түүхий эдийг нь үйлдвэрлэх, ачиж тээвэрлэх явцад байгаль орчинд сөрөг нөлөөгүй байхын зэрэгцээ хог хаягдлаа хэрхэн шийдсэнээр нь ногоон барилгыг мөн хэмждэг байх нь. Гэтэл Улаанбаатар хотод жилд 350-400 мянган тонн хог гардгийн 12-15 хувь буюу 60-аад мянган тонн нь барилгын хог хаягдал байдаг гэхээр “ногоон хот” гэсэн барианы зурхайгаас хол хаягдах нь ойлгомжтой. Гэхдээ Монголын ногоон барилгын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Батсүх “Ногоон барилга гэдэг нь орчин үеийн техник технологийг “наагаад”, нар, салхины эх үүсвэрийг ашиглан, өндөр үнэтэй байшин барина гэсэн үг биш. Тухайн орон нутгийн онцлогт тохирсон технологи, материалыг ашиглах нь чухал. Мөн хэрэглэгчдэд үнийн хувьд ч, хэрэглэхэд ч хялбар байх талаас нь бодолцох хэрэгтэй” хэмээснийг мартаж болохгүй.

Ногоон барилгын энгийнээс ялгарах гол онцлог нь ашиглалтын явц дахь хяналт байдаг аж. Барилгын цахилгаан, ус, халаалт, агаар сэлгэлтэд зарцуулж буй дундаж урсгал зардлыг сайн тооцох хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь, Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургууль халаалтаа хамгийн ойр байрлах уурын зуухнаас авдаг бөгөөд дулаалгагүйн улмаас өвлийн улиралд анги, танхим нь маш хүйтэн байдаг гэнэ. Тиймээс тус сургуулийнхан жил бүр урсгал зардлынхаа 60 хувь буюу 100 гаруй сая төгрөгийг зөвхөн халаалтдаа зориулдаг байна. Тэдэнтэй төстэй халаалтын системтэй сургууль Монголд 500 орчим байдаг гэсэн тооцоо бий.

Хоёр жилийн өмнө гарсан “Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэн, хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газар дөнгөж хоёр сарын өмнө баталсан. Тэнд төлөвлөснөөр бол барилгын дулааны алдагдлыг 2020 онд 20, 2030 онд 40 хувиар бууруулах зорилт тавьжээ. Хүрдэг бол сайхан л зорилт. Тэнд бас нийслэлийн ЗДТГ удирдан, БХБЯ, БОНХАЖЯ хамтран Улаанбаатар хотод байгаа хуучин угсармал барилгуудын 50-иас доошгүй хувийнх нь дулааны алдагдлыг бууруулах ажлыг 2017-2030 онд зохион байгуулна гэж буй. Тэгсэн хэрнээ нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах хамгийн чухал, хамгийн том хөтөлбөртөө дээрх ногоон барилгын шалгуур үзүүлэлтээс тусгасан уу гэдэг асуултад тоймтой хариу өгөх хүн олдсонгүй. Ямартай ч анхны ногоон сургуулийн барилга ирэх онд Сонгинохайрхан дүүрэгт сүндэрлэхээр төлөвлөгджээ. Тэр барилга эргэлзээтэй олон асуултад хариу өгнө гэж найдаад суумааргүй л байна.

МОНГОЛД ТОХИРСОН ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМ ЧУХАЛ

“Ногоон барилгын зэрэглэл тогтоох үндэсний систем, аргачлал боловсруулж, сурталчлан танилцуулах ажлыг 2016-2018 оны хооронд хийж гүйцэтгэхээр “Ногоон хөгжлийн бодлого”-д тусгасан байгаа. Ингэснээр ногоон барилгын үнэлгээний аргачлалтай болж, энэ талын ойлголт, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үндэс бүрдэнэ. Барилгын салбар нь олон талын оролцооноос шалтгаалдаг онцлогтой.

Тиймээс ногоон барилга барихын тулд яамд, агентлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, компаниуд, банкныхан, иргэд хамтдаа энэ чиглэл рүү явах хэрэгтэй байна. Эхний ээлжинд бид шинээр баригдах барилгын дулааны алдагдлыг долоон хувиас ихгүй байлгахад анхаарч байгаа” хэмээн БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ярилаа. Гэвч санах нь сарнаар, явах нь нарнаар байдаг Монголын төр, засгийн түшээдэд, дарга солигдох тоолонд даган “холбирч” байдаг тогтворгүй бодлогод нь итгэх бэрх.

Монголын ногоон барилгын хүрээлэнгийнхэн гэхэд л “Ногоон барилгын үнэлгээний систем”-ийг анх удаа боловсруулан гаргаж, 2013 оноос хойш холбогдох яамдад нь саналаа хүргүүлээд өдгөө гурав дахь сайдынхаа нүүрийг үзэж буй гэнэ. Шинэ сайд, шинэ баг томилогдох бүрт нэг зүйлээ тэдэнд дахин дахин тайлбарлаж, ойлгуулах гэсээр байтал цаг хугацаа талийж өгдөг байна.

Ногоон барилгын үнэлгээний системийг бий болгох ажлыг гардаж зохион байгуулах үүрэг хүлээсэн БХБЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн А.Энхтүвшингийн хэлсэн үг арай л “амьдралтай” санагдсан билээ. Тэрбээр “Монголын ногоон барилгын хүрээлэнгийнхний бидэнд авчирч өгөөд буй үнэлгээг одоо шууд хүлээж аваад, нэвтрүүлэх боломж хараахан алга.

Монголын нөхцөлд тэр нь үнэхээр нийцсэн, эсэхийг шалгаж, судлах хэрэгтэй. Ер нь ногоон барилгын үндэсний хэмжээний үнэлгээний системтэй болохын тулд туршилт, судалгаа шинжилгээ их хийх хэрэгтэй. Мэргэжилтнүүдээ чадавхжуулмаар байна.

Гадаадын чадварлаг экспертүүдийг урьж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө авмаар байна. Даанч улсад мөнгө алга. Ганц Нормчлолын сангийн мөнгө хаанаа ч хүрдэггүй” хэмээв. Барилгын тухай хуульд заасны дагуу компаниуд барьж буй барилгынхаа гүйцэтгэсэн төсөвт өртгийн 0.18 хувийг Нормчлолын санд төвлөрүүлдэг бөгөөд тэнд жилд нэг тэрбум орчим төгрөг цугладаг ч өнөөх нь хаанаа ч хүрэлцдэггүй байна.

Ногоон барилгыг үнэлдэг аудиторуудтай болох, ийм ач холбогдолтой юм шүү гэдгийг нь хэлж, зөвлөгөө, мэдээлэл өгдөг байгууллагуудыг бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа зохиох хэрэгтэйг Г.Батсүх онцолсон.

Эдийн засгийн өсөлт дээшээ цойлж явахад хийгээгүй ажлыг одоо хямралтай зэрэгцэн урагш явуулах амаргүй байгаа нь ойлгомжтой л доо. Гэхдээ эрх зүйн орчин байхгүй бол хэчнээн яриад ч ажил явахгүй тул бүх нийтээрээ дагаж мөрдөх нэгдсэн стандарт, норм дүрэм батлахаас өөр замгүй.

КОМПАНИ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ХӨШҮҮРЭГ ХЭРЭГТЭЙ

Хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг АНУ, Хятад Ногоон уур амьсгалын санд мөнгө төвлөрүүлдэг. Тус сангаас мөнгө авч, ногоон барилгын туршлага судлах, хөрөнгө оруулалт татах боломж Монголд бий гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг юм билээ. 1990 оноос хойш дэлхийн олон улс оронд ногоон барилгын бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх зорилгоор үнэлгээний систем, шинэ стандартууд нэвтрүүлж эхэлсэн байдаг.

Тэдгээрээс барилгын салбарт хамгийн их нөлөө үзүүлж буй нь пассив барилгын стандарт юм. Дэлхийн олон орон барилгаа ногоон, эсэхийг нь хэмждэг, ангилж тогтоодог үнэлгээний системтэй. Үүнийг төрийн, эсвэл ТББ нь хийдэг байна.

Хөгжингүй орнуудад барилгын компаниуд нь ногоон барилга барьж, ус, эрчим хүчээ хэмнэснээр, хэрэглэгчид нь түүнийг худалдаж авснаар үр өгөөжийг нь хүртдэг тухай Г.Батсүх хэлсэн. Тодруулбал, барилгын материалыг нь арай хямд үнээр нийлүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох, татварын урамшуулал өгөх зэргээр тусгай сангуудаас санхүүгийн дэмжлэг авах тогтолцоо олон оронд байдаг гэнэ.

Харин манайд ногоон барилгын талаарх иргэдийн ойлголт хангалтгүй, ашиг тусыг нь төдийлөн мэдэхгүй учраас худалдан авагчдын эрэлт хэрэгцээг бодоод компаниуд энэ чиглэл рүү зориглон орж чаддаггүй байна. Иргэд буюу худалдан авагчид, барилгын компани, төр, засагт хүртэл өнөөдрийн ашиг орлогоо чухалчилдаг сэтгэлгээ хэвээр байгаа тул Засгийн газар, орон нутгийн зүгээс ногоон барилгын үзэл баримтлалд нийцсэн худалдан авах ажиллагааг дэмжсэн систем нэвтрүүлэх зайлшгүй хэрэгтэй гэнэ.

Жишээ нь, сургууль, цэцэрлэгийн барилгын тендер шалгаруулахдаа байгаль орчинд, мөн хүний эрүүл мэндэд хэр ээлтэй гэдгээр нь шалгуур тавьж болох юм байна.

НОГООН ТҮНШЛЭЛ

Заавал төр, засгаас царайчлаад суулгүй, зарим нэг аж ахуйн нэгж өөрсдийн санаачилгаараа ногоон хөгжилд манлайлан оролцож буй нь сайхан хэрэг. Тухайлбал, “Ариг” банк төв оффисынхоо дээвэр дээр Photovoltaic (PV) систем буюу нарны зайн 32 ширхэг үүсгүүр суурилуулж, эрчим хүчнийхээ 60-65 хувийг хангадаг болжээ. Жилийн өмнө Германы чанартай, найдвартай ажиллагаатай системийг авч суурилуулахдаа тэд анхны хөрөнгө оруулалт өндөр гэдгээс эмээлгүй, зориглож чадсан гэдэг.

Тухайн үеийн эрчим хүчний тарифаар тооцоход найман жилийн дараа зардлаа нөхөж, ашгаа өгч эхлэхээр байсан бол одоо эрчим хүчний үнийг чөлөөлж байгаа тул энэ хугацаа наашилж, таван жил болох төлөв гарчээ. Өдгөө тэдний суурилуулсан системийг олон хувь хүн, компани, жуулчны баазынхан ирж сонирхож байгааг “Ариг” банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү хэлсэн. “Төрийн байгууллагууд, яамд, агентлагууд ногоон хөгжлийн тухай тус тусдаа яриад байдаг.

Тэгсэн хэрнээ хааяа нэг нийлж форум зохион байгуулахаас өөрөөр нэгдэж, түншилж ажиллахгүй байгаад бидний алдаа байна уу гэж би хардаг. Тиймээс ногоон түншлэлийг Монголд бий болгохын тулд үүнийг аваад явах институц байгуулах хэрэгтэй юм байна. Тэр нь улс төрөөс бага хамааралтай байдаг, сонгууль болох тоолонд дагаж савладаггүй тогтвортой, бүх талын оролцоог тэгш хангасан, чадавх сайтай бүтэц байх ёстой” хэмээн БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ярьсан.

Ногоон хөгжлийг бий болгохын тулд энэ салбарт түншлэл зайлшгүй хэрэгтэй. Жалга жалгандаа нэг юм яриад, “Би энийг хийсэн”, “Манайх энэ төслийг оруулж ирэх байсан юм” гээд дор дороо амбийцлаад байвал урагшлахгүй.

Нэг үеэ бодоход хувийн хэвшлийнхэн болохгүй, бүтэхгүй бүхнийг төр, засаг руу чихээд суулгүй, хариуцлагатай, санаачилгатай ажиллах эрмэлзэлтэй болсон байна. Монголын барилгын үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал, “Заг” компанийн захирал Б.Нэмэхбаатар “Манайх шиг дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус нь төвлөрсөн системтэй хотыг ногоон болгох, ногоон барилга барихад түвэгтэй.

Гэхдээ хотын захад шинээр баригдаж байгаа, ялангуяа гэр хороололд хаус барихаар ярьж буй энэ үед боломжууд гарч ирэх нь дамжиггүй. Тэнд эрчим хүчээ нарны эх үүсвэрээс гарган авч, газрын гүний дулаан ашиглаж болно. Нөгөөтэйгүүр, ногоон барилгаа ухаалаг болгох бас нэг санаа байж ч болно шүү дээ.

Дулаан, цахилгааны хэрэгслээ алсаас буюу гар утаснаасаа удирддаг, гэрт хүн байна уу, хөшгөө хаасан бил үү, гэрлээ унтраал уу гэдгээ шалгадаг программууд ч бий. Эдгээр технологийн дэвшлийг дагуул хотууд ч юм уу, хувийн орон сууцанд нэвтрүүлэх хэрэгтэй” хэмээсэн. Хөгжил цэцэглэлтийн тийш цуцашгүй тэмүүлж буй бүх монгол хүний энэ сэтгэл дээр дөрөөлөөд одоо ногоон хөгжлийн үзэл баримтлалаа бататгах учиртай.

Ц.БОЛОРМАА, Л.ГАНЧИМЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)