Ногоон хотын эрэлд: Харамлахаас аргагүй хар ус

Гүний цэвэр усыг жорлон руугаа урсгадаггүй ногоон сургууль 2017 онд Улаанбаатарт ашиглалтад орно. 2018 оны есдүгээр сарын 1-нээс 640 хүүхэд хүлээн авах тус сургууль жорлондоо ч, орчныхоо усалгаанд ч гүний ус огт ашиглахгүй, борооны болон цэвэршүүлсэн саарал ус хэрэглэх юм. БОНХАЖЯ НҮБ-ын PAGE хөтөлбөрийн тусламжтайгаар энэхүү төслийг эхлүүлж, Монголд анх удаа ийм барилгатай болох гэж буй нь чухал үйл явдал яалт ч үгүй мөн. Хэрэв бид жаахан холыг хардаг сан бол ихээхэн хүлээлт үүсгэх ёстой зүйл магадгүй энэ билээ. Яагаад гэвэл дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг ёс юм шиг тэргүүлдэг Билл Гэйтс хүртэл жорлонгийнхоо усыг цэвэршүүлж уух дээрээ тулаад байна, цаана чинь. Айхтар хүн “Дусал ус ч мөнгө юм” гэдгийг ухаарсандаа л тэгсэн гэж бодож байна уу. Тэр ердөө л хэдэн давхар байшинтай тэнцэхүйц “ногоон” байгаад ч худалдаж авч болохгүй үнэ цэнэтэй зүйл бол ус гэдгийг бусдаас түрүүнд олж харсан хэрэг. Тэгэхэд бид нөхцөл байдлыг ойлгохгүй, айсуй аюулын харангыг ч мэдэхгүй “Хар ус харамладаггүй юм” хэмээн томорч суудаг. Газрын гүний цэвэр тунгалаг усыг жорлондоо юүлж, 32 шүдээ угаахын тулд өдөрт 30 орчим литр ус зарцуулдаг гээд бодохоор манай монголчууд Билл Гэйтсээс ч баян юм шиг ээ. Үнэндээ бодит байдал тийм биш юм.

НҮБ-ын судалгаагаар өнгөрсөн онд дэлхийн 10 хүн тутмын нэг нь цэвэр усны хомсдолд өртөж байсан бол 2030 он гэхэд энэ тоо тав дахин нэмэгдэж, 10 хүн тутмын тав нь бохир ус ундандаа хэрэглэнэ гэсэн тооцоо гарчээ. Ундны цэвэр усны хангамжгүй амьдарч буй 1.5 тэрбум хүний зовлонг одоохондоо бид мэдрээгүй яваадаа баярлаж болох. Гэвч манай Туул гол бохирдлоороо дэлхийд тавд орчихоод байна. Монгол орны усны нийт нөөцийн 90 шахам хувийг эргэж нөхөн сэргээгдэхгүй газар доорх гүний ус эзэлдэг нь үүн дээр нэрмээс болдог. Бид гадаргын усныхаа ердөө 10 хувийг л ашигладаг. Дэлхий дахинд нийт хэрэгцээнийхээ 90 хувийг гадаргын усаар, харин үлдсэн 10 хувийг газрын гүний усаар хангахад чиглэж байхад бид эсрэгээр нь ашигладаг гэсэн үг. Дээрээс нь манай гол мөрний усны 80-аад хувь нь гадагшаа урсдаг учраас Монгол цэвэр усны нөөц багатай оронд тооцогддог. Тэгсэн хэрнээ бид усны замбараагүй хэрэглээтэй. Энэ оны эхний байдлаар Улаанбаатар хотын усны алдагдал 14 хувь буюу бусад оронтой харьцуулахад 2.5 дахин өндөр байгаа нь үүнтэй холбоотой гэдгийг Ус сувгийн удирдах газраас мэдээлэв.

БОРООНЫ УСАА АШИГЛАХ НЬ

Цэвэр усны нөөц хомс манай орны хувьд барилгуудын усны хэрэглээг хэмнэх зайлшгүй шаардлагатай ч шинжлэх ухааны үндэслэлтэй, тоо баримтад суурилсан тооцоо гаргах тал дээр бид нэлээд хоцрогдож явааг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг юм билээ. Барилгуудын дээврийн усыг нэгдсэн хоолойгоор газар доор цуглуулан, зориулалтын саванд хадгалаад, зам биш ногоон байгууламж усалдаг энгийн бөгөөд үр дүнтэй шийдэл манайд өдий хүртэл нэвтрээгүй нь үүнтэй ч бас холбоотой. Тиймээс удахгүй баригдах анхны ногоон сургуулийн шинэлэг технологийг цаашид илүү олон барилга, байгууламжид нэвтрүүлэх нь чухал байгаа юм.

БОНХАЖЯ-ны Цэвэр технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Төмөрбаатар “Дэлхий нийт тогтвортой хөгжлийн замд эргэлт буцалтгүй орж, үүнийг чиг хандлагаа болгоод байгаа. Ногоон хөгжлийн бодлогын нэг үндсэн элемент нь ногоон барилга. Саарал ус ашиглах иж бүрэн систем, цэвэрлэх байгууламжийн орчин үеийн технологи бүхий ногоон сургуулийнхаа барилгын зураг төслийг бид хүлээж аваад байна. Сургуулийн багш, ажилтнууд болон хүүхдүүдийн нүүр, гараа угаасан саарал усыг жорлонд ашиглаж, борооны болон цасны усыг хадгалах саванд цуглуулаад, орчны тохижилт, ногоон байгууламж услахад ашиглах юм” гэв. Дээврийнх нь усыг газар доор цуглуулж, зориулалтын танкинд хадгалах юм байна. Гэхдээ борооны усыг нэг хоногоос дээш хугацаагаар хадгалах боломжгүй, амархан мууддаг тул тухай бүрт нь усалгаанд ашиглаж байх гэнэ. Ногоон сургуулийн барилгын зардал төсөөлж байснаас харьцангуй хямд гарсныг тэрбээр онцлов. 640 хүүхдийн багтаамжтай энгийн сургуулийг гурван тэрбум төгрөгөөр барьдаг бол дээрхийг дөрвөн тэрбумаар босгох аж. Зардлаа 10 жилийн дотор бүрэн нөхнө гэж тооцжээ. Гэтэл одоо манайд гурван тэрбумын өртгөөр босож буй сургуулиудын барилгын насжилт нь дуусан дуустал улсын төсөвт бөөн зардал нэмэрлэхээс гадна хэзээ ч төлөгдөхгүй өр буюу агаар, хөрс бохирдуулан, гүний ус ашиглана гэхээр ялгаа нь юундаа байгааг түвэггүй ойлгож болно.

Дараагийн удаад энэхүү технологийн дагуу 150 хүүхдийн цэцэрлэг барихаар тус яамныхан БНСУ-д төвтэй Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй хамтран ажиллаж буй юм билээ. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан олон жилийн дараа нийслэлийн борооны ус цуглуулах төв коллектор дээр нэмж хоёрыг байгуулахаар зураг төслөө гаргажээ. Эдгээр нь тус бүртээ нэг удаад 20-30 мянган шоо метр ус цуглуулах хүчин чадалтай тул 50-иад жилийн настай “өвгөн” ганц байгууламжийн “нурууг амраах” бололтой. Хотын гудамжаар гол үерлүүлдэг борооны усыг зүгээр л хуримтлуулаад зогсохгүй, цэвэрлэх байгууламжаар дамжуулан саарал ус болгоод, ногоон байгууламжийн усалгаанд ашиглана гэхээр таатай сонсогдож байна. Гэвч одоохондоо газрын асуудал нь шийдэгдээгүй байгаа аж. Түүнийг нь шийдчихвэл төв коллектор хагас дутуу цуглуулсан усаа хогтой юутай нь Туул руугаа цутгадаг байдал арай өөрчлөгдөх учиртай юм.

ХАЯГДАЛ БАГА ГАРГАХ НЬ ЧУХАЛ

Хотууд томоохон ус ашиглагчид байдаг. Тиймээс усыг хамгаалах, үр ашиггүй хэрэглээг бууруулах, усны нөөцийн нэгдсэн менежментээр дамжуулан хуваарилалтын тэгш байдлыг хангах үүрэг хотын захиргаанд давамгайлан ногддог байна. Тэгвэл Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ногоон хөгжлийн стратеги, төлөвлөгөөнд ус хэмнэх дэвшилт технологийг нийслэлийн өмчийн барилга, байгууламжуудад нэвтрүүлэх, саарал усыг эргүүлэн ашиглах журам боловсруулж, хэрэгжүүлэхээр тусгажээ. Азаар одоохондоо бид хоногийн 24 цагийн турш (зарим үед түр хугацаагаар хэсэгчлэн хаадгийг эс тооцвол) гүний цэвэр усаар сэтгэл амар хангагдаж, элдэв халдварт өвчин тусахаар хэмжээнд хүртэл гол ус маань бохирдоогүй байгаа. Харин усны нөөцийн хомсдол хэмээх аюулаас зугтаах аргагүй. Усны хомсдол нь хотын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн болон орон нутгийн хүнс тэжээл, эрчим хүчний хангамжид, цаашлаад эдийн засгийн өсөлтөд ч нөлөөлдөг тул олон сөрөг үр дагавартай. Тиймээс усыг дахин ашиглах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаар бүх зүйл болчихно гэвэл том эндүүрэл. Ирээдүйд ус импортлогч орон болохгүйн тулд одооноос хаягдал буюу бохир ус бага гаргахад, хэмнэлттэй хэрэглээг нэвтрүүлэхэд иргэдийн оролцоо маш чухал.

Хотжих үйл явц болоод хүн амын эрчимтэй өсөлтийг даган усны хомсдол цаашид улам бүр нэмэгдэж, аюулгүй байдал нь ч гарцаагүй хөндөгдөх учир асуудлыг шийдвэрлэхэд жижиг гэлтгүй санаачилга чухал байдаг аж. Жишээ нь, ариутгах татуургын системд хөрөнгө оруулсан нэг ам.доллар эргээд 8-12 дахин үржин, эрүүл мэнд, эдийн засгийн үр өгөөж авчирдгийг ДЭМБ судлаад тогтоочихож. Магадгүй одоохондоо үүнийг амьдралд бодитоор туршиж батлаагүй учраас манайхан өмхий хангинуулсан Төв цэвэрлэх байгууламжаа бүрэн засаж шинэчлэх хөрөнгийг босгохдоо “гар татдаг” болов уу. Харин Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги, төлөвлөгөөнд байгальд халгүй технологийн шийдэл бүхий шинэ төв цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулж, барьж байгуулах тухай тусгасан байна билээ.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Филиппиний Засгийн газрын агентлаг болох “Metropolitan Waterworks and Sewerage System” (MWSS)-ийг 1997 онд хувьчлахаас өмнө Манила хотод усны алдагдал 63 хувьтай байжээ. Мөн хотын нийт хүн амын 58 хувь нь шахуургат усан сүлжээнд холбогдсоноос ердөө 25 хувь нь л 24 цаг усаар хангагддаг, бусад нь хоногийн 16 цагийн үйлчилгээнд хамрагддаг байж. Тэгэхдээ хэрэглэгчид татуургаар шахсан уснаас 50 дахин илүү өндөр үнээр авдаг байсныг “Manila Water” компани 2011 он гэхэд үндсээр нь өөрчилж, усны алдагдлыг 63-аас 14 хувь хүртэл бууруулж, чанар, хүртээмжийг ч үлэмж нэмэгдүүлжээ. Хэдхэн жилийн өмнө цэвэр усаа гадаадаас импортолдог байсан Сингапур усны менежментийн маш сайн программ нэвтрүүлснээр өдгөө дотоодынхоо хэрэгцээг өөрсдөө хангахуйц хэмжээнд хүрсэн байх юм. Тэд борооны ус хуримтлуулах, хаягдал усыг дахин боловсруулах, цэвэршүүлэх технологид “гаршчээ”.

Гэтэл Индонезийн усны бохирдлын эдийн засагт нь үзүүлэх зардал 1.5 тэрбум, Вьетнамынх 290, Камбожийнх 150 сая ам.долларт хүрээд буй. Түүнчлэн Арабын нэгдсэн Эмиратын Масдар нүүрсхүчлийн хийгүй хот болох зорилт тавин, дэд бүтцийн боловсронгуй системийнхээ ачаар бүх мэдээллийг боловсруулж, хянаж, хэмждэг гэнэ. Тодруулбал, тус хотоос хэдий хэмжээний бохир ус, утаа, хог хаягдал гарч буйг хэмжихийн зэрэгцээ гаднаас юу орж ирж байгааг ч хянаж бүртгэдэг аж. Мөн Канадын Ванкувер дэлхийн хамгийн цэвэр ундны устай хот болохоор зорьж буйг энд жишээ татаж болно. 2006 онд тус хотын нэг иргэн өдөрт 320 литр ус хэрэглэдэг байсан бөгөөд ойрын хугацаанд дээрх тоог 33 хувиар багасгахаар төлөвлөсөн байна. Харин Вьетнамд 5500 орчим айл өрх бохир ус цэвэршүүлэх байгууламжийн сүлжээнд хамрагдан, түүнийгээ 100 гаруй га талбайд газар тариалангийн усалгааны зориулалтаар ашиглаж эхэлжээ.

“Аль нь дэлхийн хамгийн ногоон хот болох вэ” хэмээх уралдааны гарааны зурхайгаас улс орнууд хэдийнэ хөдөлчихөж. Тэр дундаа “шингэн алт”-ыг гамнах ямар боломж байгааг судалж, шаардлагатай төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд ухаанаа уралдуулж эхлэв.

...Айхтар “гар чангатай” нэгэн эмээ бэр охиндоо ийн захисан гэдэг. “Элдвийн явуулын хүмүүс танайхаар орж, цай унд ууя гээд байвал “Манайд ус байхгүй ээ” гэж байгаарай. Сүү алга гэвэл цаадуул чинь “Бор цай ч хамаагүй ууя” гэдэг юм. Цайны ааг алга гэвэл “Хярам ч байсан яах вэ” гэнэ шүү. Тиймээс ус байхгүй л гэвэл болдог юм” хэмээсэн хадам хөгшний үгэнд айхтар ухаан нуугдаж байгаа биз. Нээрээ л бүх зүйлийн эх үндэс ус шүү дээ. Усгүй бол юу ч оршин байх боломжгүй тул харамлахаас аргагүй эрдэнэ энэ буюу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)