НОГООН ХОТЫН ЭРЭЛД: Ногоон “ТҮЛХҮҮР” атгая

Шинэ цагийн монголчууд (улаанбаатарчууд гэж ойлгосон ч болно) ногоон гэдэг үгийн утгыг бүрэн ухаж ойлгоогүй хэрнээ дээр, дооргүй амандаа уншсаар улиг болгочихож. Ногоон үйлдвэрлэл, ногоон эдийн засаг, ногоон хөгжил, ногоон хот гэж хаа сайгүй ярих боловч тэрхүү ногоон ирээдүйг бүтээх, тэгээд тэндээ амьдарч, үр шимийг нь хүртэх учиртай хүн амдаа энэ талын ямар ч ойлголт өгсөнгүй.

Ямар сайндаа л ногоон барилга барьдаг “эко хүн” болчих санаатай нэг эрхэм “Канад технологиор барьсан байшин ногоон барилга мөн биз дээ” хэмээж хурал дээр өөрийгөө эвгүй байдалд оруулж байх вэ дээ.

Тухайн бүтээгдэхүүний түүхий эдийг хаанаас авснаас эхлээд үйлдвэрлэх, тээвэрлэх, түгээх бүхий л шатанд байгальд ээлтэй байж чадвал, эргээд хог хаягдлыг нь дахин боловсруулж болдог, үйлдвэрлэлийн менежмент нь хүртэл ногоон гэсэн тодорхойлолтод дүйцэх ёстойг мань хүн мэдээгүй явж.

Дээгүүрээ яриад байдаг тэр “супер” зүйлүүдийн тухай мэддэг ч юм шиг царайлах хүн олон атлаа өөрсдөд нь хамгийн хамаатай ногоон ажлын байр, ногоон амьдралын хэв маяг, ногоон хэрэглээ, ногоон худалдан авалтын тухай болохоор “а” ч үгүй сууж байдаг.

Мэдээлэл, харилцаа холбоо эрчимтэй хөгжиж, интернэтээр хил хязгааргүй аялж болдог болсон өнөө цагт ногоон, органик бүтээгдэхүүн хоёрын ялгааг мэдэхгүй гэрийн эзэгтэй нар манайд байсаар байгаа нь нөгөөх ногоон хөгжил амьдралд хэрхэн үр дүнгээ “өгч” буйн илрэл.

Нуулгүй хэлэхэд, Улаанбаатарын дэлгүүрүүдэд худалддаг бүтээгдэхүүнээс ногоон шошготойг нь хайж, таньж олно гэдэг амаргүй.

“Ногоон хотын эрэлд” хэмээх гурав дахь нийтлэлээ бичиж буй сэтгүүлч бид ч ногоон хөгжлийг хэн, хэрхэн бүтээдэг тухай одооноос л ойлголттой болж байна.

Энэ хугацаанд олж авсан нэг үнэт зүйл бол ногоон хөгжилд хүрэхэд иргэдийн идэвх санаачилга маш чухал, бас хүмүүсийн амьдралын хэв маяг, дадал зуршлыг өөрчлөхөд заавал төр, засгаас татаас, урамшуулал гэх мэт барьцаа шаардахгүй, хувь хүн та өөрийнхөө, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө гэсэн сэтгэлээр хандах хэрэгтэйг ойлгов.

Үүнд мэдээж хугацаа хэрэгтэй. Япончууд хогоо гурав ангилан хаяж сурахын тулд арав гаруй жил зарцуулсан гэвэл та итгэх үү. 20-иод жилийн өмнө ногоон өсөлт, ногоон хотын хөгжлийн тухай ярьж эхэлж байхад Сөүлд ердөө 80 орчим ногоон шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан солонгосчууд өдгөө дээрх тоог 4000-д хүргэн дэлхийд цахиур хагалж яваагийн нууц нь иргэдийнхээ санал, оролцоо, дэмжлэгт тулгуурлан хамтдаа хөгжсөнийх гэдэг юм билээ.

Хүрээ хийдийн шавхайтай гудамж бүхий их бөөгнөрлөөс гараагаа эхлэн, инженерийн дэд бүтэц бүхий орчин үеийн хот болоод 60 орчим жилийн л нүүр үзэж буй залуухан учраас Улаанбаатарын хувьд ногоон хөгжилд хүрэх боломж их гэдгийг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хэлсэн.

2030 он гэхэд Сөүл шиг биш байлаа ч одоогийнхоосоо хэд дахин өөрчлөгдсөн ногоон Улаанбаатар хотыг цогцлоох том мөрөөдөлтэй нийслэлийн удирдлагуудын амнаас иргэдийн оролцоо, хотын соёл, суурин иргэншлийн боловсрол гэдэг үгс байн байн унах болсон нь жирийн хэрэг биш аж.

Улаанбаатарыг өөдтэй өнгөтэй байлгахын төлөө харь холын Сөүл, Токио хүртэл гудамж засаж, унаа өгч, цэцэг тарьж байхад “өөх өгсөн ч өөриймсдөггүй” нутгийн зөвлөлийнхөн, хөдөөгөөр овоглосон “хотынхон” жаахан сэтгэл гаргах ёстой гэдэг үнэн л дээ.

Хөдөө талд дураар сэлгүүцэж явсан “хуучин хүү” хотод орж ирээд шинэ хүү болохын тулд арайхийн даван туулсан бүхнээ одоо дахиад ногоон амьдралын хэв маяг гэсэн өөр хувилбараар давтана гэдэг тэдэнд амаргүй нь мэдээж.

Гэвч Монголын хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын оршин суугчдын эрүүл энх байх, тав тухтай, сэтгэл тэнүүн амьдрах эрх ашиг бол ямар ч хөгжил дэвшлийн ярианы нэн тэргүүнд тавигдах ёстой зүйл билээ.

ЭХЛЭЭД БОД, ХЭМНЭ, ДАРАА НЬ ХЭРЭГЛЭ

2030 он гэхэд дэлхийн хүн амын дундаж орлоготой давхарга гурав дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Чинээлэг дундаж давхаргынхны тоо өсөх тусам тэдний хүсэл сонирхол, хэрэглээ нэмэгдэнэ, түүнийг дагаад брэндийн зах зээл ч өргөжин тэлнэ.

Хүний “шуналыг” гүйцэлдүүлэхийн тулд хэдэн тэрбум бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх, түгээхээс эхлээд дараа нь хог хаягдлаа хэрхэн устгах гээд олон төрлийн дарамт байгалийн эко системд ч, хотын эрүүл, аюулгүй байдалд ч илт сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Чинээлэг давхаргынхаа хүмүүсийн тоогоор дэлхийд тэргүүлж буй Хятадад өдгөө “China dream” хэмээх шинэ санаачилга өрнөж буй гэнэ.

Төр, засгийнх нь зүгээс чинээлэг байдал, хэт тансаг бүтээгдэхүүн, элит хаус гэх мэт зүйлийг сурталчлахыг хориглож эхэлжээ. Ингэснээр иргэдийн хэрэглээ, чиг хандлагыг өөрчлөх замаар сонголтод нь нөлөөлж, ногоон амьдралын хэв маягийг бий болгох, энэ чиглэлээр манлайлагчдыг татан оролцуулах зорилготой аж. Үлэмж их хэрэглээ, хэт баяжихын “зовлонг” эдлээд эхэлчихсэн учраас хятадууд ийн сүйхээчилжээ.

Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн үндэсний зохицуулагч С.Алтанцэцэг “Ногоон амьдралын хэв маяг гэдэг бол хэрэглээ, үйлдвэрлэл хоёроос ихээхэн шалтгаалдаг. Хэрэглээ нь хүний шийдвэрээр тодорхойлогддог. Ямар бүтээгдэхүүнийг, хаанаас, хэзээ, хэдэн удаа худалдаж авах вэ гэдгээ шийдэх сонголтоор тань таныг ногоон амьдралын хэв маягт суралцсан, үгүйг мэдэж болно гэсэн үг.

Гэвч үнэндээ Англи, Герман зэрэг өндөр хөгжилтэй орны хэрэглэгчид хүртэл аливаа зүйлийг худалдаж авахдаа эхлээд үйлдвэрлэсэн хугацаа, амт чанар, үнэ, дизайныг бодолцож, дараа нь тухайн бүтээгдэхүүн байгальд хэр ээлтэй, ногоон шошготой эсэхийг харгалзан үздэг. Гэтэл манайд нэрмээс болдог нэг зүйл нь “Энэ бүтээгдэхүүн ногоон” гэдгийг таниулах, сурталчлах төр, засгийн арга барил маш хуучинсаг байна. Менежмент хийх нөөц бололцоо ч төрд алга.

Тиймээс хувийн хэвшлийнхний гадаадаас оруулж ирсэн өөр ямар нэг бүтээгдэхүүнд шахагдаад байдаг. Уг нь ард иргэдэд ногоон амьдралын хэв маяг, ногоон хэрэглээний тухай ойлголт, боловсролыг түгээхэд хэвлэл мэдээллийн салбарынхан, олон нийтийн сүлжээ, төрийн бус байгууллагуудын үүрэг маш их. Мөн ард түмний дунд нэр хүндтэй хүмүүсийг ногоон амьдралын хэв маягийг сурталчлах үйлсэд татан оролцуулж, нийгмийг хамарсан тренд бий болгох хэрэгтэй” хэмээв.

Ногоон амьдралын хэв маягийн тухай Монголд судалгаа хийдэг цөөн хүний нэг тэрбээр СӨХ, хороо, кино театр, үзвэр, үйлчилгээний газар, супермаркет болон бүх шатны боловсролын байгууллагаар дамжуулан олон нийтийн ногоон хөгжлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх боломж их байгааг онцолсон.

Супермаркетуудаар дамжуулан ногоон бүтээгдэхүүнийг таниулах, хэрэглээг нэмэгдүүлэх нь хоёр сайн талтай. Хүмүүст тухайн бүтээгдэхүүнийг таниулах, хоёрдугаарт, компаниудын ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх, борлуулах хүслийг өдөөдөг байна.

Манайх хүүхэд, залуучуудын орон гэгддэг. Бусдын үг, шүүмжлэлийг хүлээж авахдаа тэд арай “чих зөөлөн”-тэй байдаг гэнэ. Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн ажилчин Б.Батхүү “Би ТҮК-д зургаан жил гаруй ажиллаж байна. Хүмүүс хаа хамаагүй хог хаях нь харьцангуй гайгүй, танагтай болсон. Тэр дундаа хүүхдүүд их хөөрхөн.

Тэднийг зөв чиглүүлээд өгвөл ирээдүйд адаглаад хүний хөдөлмөрийг үнэлдэг болно. Жолооч нар харин машиныхаа цонхоор хог хаях нь элбэг” хэмээн ярилаа. Үүрийн таван жингээр ажилдаа гарч, хоногийн тэн хагасыг гадаа гандаж өнгөрүүлдэг ТҮК-ийнхан зөвхөн гудамж талбай шүүрддэггүй, зарим нэгний “тархины хог”-ийг ч давхар цэвэрлэдэг гэхэд болно.

ХЭВ МАЯГАА ӨӨРЧЛӨХ ХЭЦҮҮ БИШ

Ногоон хэв маягтай болох хэцүү гэж бодож байна уу? Үнэндээ тийм биш. Шаардлагагүй хэрэглээгээ бууруулж, хог хаягдал бага гаргах байгальд ээлтэй бүтээгдэхүүн худалдаж авахаас ногоон амьдралын хэв маяг эхлэх учраас тэгж хэлсэн хэрэг. Гэвч ногоон худалдан авалтын талаарх мэдлэг бидэнд байхгүй гээд хэлчихэд буруудахгүй.

Жишээлбэл, бараа худалдан авахдаа эрчим хүчинд хэмнэлттэйг илэрхийлэх “еnergy star” тэмдэгтэйг нь сонгодог хэрэглэгч бидний дунд хэр олон бол? Заавал автомат угаалгын машинд бүх ажлаа даатгалгүй, угаасан хувцсаа сэгсрэгчээс аваад хэцэнд тохож нар, салхинд хатаахыг илүүд үздэг нидерландчууд ногоон амьдралын хэв маягт хамгийн сайн суралцсан гэгддэг.

Тус улсад Хатан хааныхаа төрсөн өдрөөр том хотуудын гудамжинд зах ажиллаж, хүмүүс өөртөө онцын хэрэггүй ч бусдад хэрэг болохуйц шинэвтэр, хуучин эд зүйл, тоглоом, гэртээ хийсэн хүнсний бүтээгдэхүүнээ хүртэл зардаг. Энэ нь надад хэрэггүй юм өөр хэн нэгэнд хэрэгтэй гэсэн санааг дэмжсэн хэрэг юм.

МҮХАҮТ-ын Цэвэр хөгжил, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих газрын мэргэжилтэн Б.Оюунбатын дуулгаснаар ногоон оффистой болох нь эрчим хүч, ус, бусад нөөцийг хамгийн үр ашигтай хэрэглэх, байгаль орчныг шууд болон шууд бусаар бохирдуулахыг багасгахад нөлөөтэй аж.

Тухайлбал, дулаалгаа сайн хийсэн тохиолдолд нэмэлт цахилгаан халаалтын хэрэгсэл ашиглахгүй байж болох юм. Гэтэл манайд өвлийн -30 хэмийн хүйтэнд цонх нь онгорхой “халуу дүүгсэн” айл, албан байгууллага цөөнгүй байдаг нь гадаадынхны гайхшийг төрүүлдэг юм билээ.

“Энэ бол дулааны маш их үргүй зардал гаргаж буй явдал. Дулаан түгээх, дамжуулахдаа анхаарах зүйл байгаагийн илрэл” гэж Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Ногоон өсөлт болон төлөвлөлтийн асуудал хариуцсан захирал Женнифер Бүүтс хэлсэн нь яах аргагүй үнэн.

ЭНГИЙН ШИЙДЛҮҮД

Өдрийн болон ажлын бус цагаар өрөө, хонгилын гэрлээ унтрааснаар зардлаа 15 хүртэлх хувиар бууруулах боломжтой. Мөн орчин үеийн хамгийн үр ашигтай гэрэлтүүлэг болох LED чийдэнг ашиглаж яагаад болохгүй гэж.

Түүнчлэн албан байгууллагуудын хамгийн их “ялгаруулдаг” хаягдал болох цаасыг цуглуулж эргүүлэн ашиглах буюу дахин боловсруулах компаниудад өгөх зэргээр ногоон менежмент хэрэгжүүлж болно. Монголд цаасыг дахин боловсруулдаг таван аж ахуйн нэгж бий ч худалдан авагч цөөн учраас агуулахад нь хаягдал цаас овоолгоостой байдаг гэсэн.

Нэг тонн цаас үйлдвэрлэхэд 17 ширхэг мод, 31.850 литр ус, дундаж хоёр давхар хаус байшинг зургаан сарын турш бүрэн халаах хэмжээний эрчим хүч зарцуулдаг. Бас багагүй хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулж, 100 орчим кг хаягдал гаргадгийг та мэдэх үү? Хэрэв үүнийг мэддэг бол тухайн материалыг хэвлэх, хувилахаасаа өмнө үнэхээр шаардлагатай эсэхийг бодолцож, эс бөгөөс зөөврийн хатуу диск, флаш ашиглах, электрон шуудан зэрэг цаасгүй харилцааны аргуудыг сонгох байсан биз ээ.

НОГООН ХУДАЛДАН АВАЛТ ГЭЖ ЮУ ВЭ

Хувцасны шүүгээндээ өмсдөггүй хувцастай хүн олон. Тэгвэл одооноос дэлгүүр хэсэхдээ “Би үүнийг худалдаж авах шаардлагатай юу” гэж өөрөөсөө асуугаад хэрэглээгээ багасгахын зэрэгцээ дахин ашиглах, дахин боловсруулах боломжтой эсэхийг бодож үзээрэй.

Ногоон худалдан авалт гэдэг нь байгаль орчин, нийгмийн үр дагаврыг нь бодолцож, эко тэмдэгтэй бүтээгдэхүүн сонгохыг хэлж буй аж. Өөрөөр хэлбэл, ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээсээ байгаль орчинд хамгийн ээлтэйг нь сонгож авна гэсэн үг.

2000-аад оны эхэн үеэс эрчээ авсан “түргэн” хувцас үйлдвэрлэгчид (“United Colors of Benetton”, “Mango”, “Zara”, H&M гэх мэт) хэн хүссэн нь худалдан авч болох боломжийн загвартай, хямд бүтээгдэхүүнийг богино хугацаанд, олноор нийлүүлдэг ч их хэмжээний хог хаягдал үүсгэж, байгаль экологийг хамгийн ихээр сүйтгэгчдийн тоонд багтах болсныг манай сонин өмнө нь мэдээлсэн.

“Түргэн” хувцасны 16 хувийг л дахин ашигладаг агаад бусад нь хог болж, байгаль орчин сүйтгэдэг. Нэг цамц хийх даавууг 2700 литр ус зарцуулж байж үйлдвэрлэдэг талаарх судалгаа бий аж. Дэлхийн банкны судалгаагаар үйлдвэрлэлийн бохир усны 17-20 хувийг хувцас үйлдвэрлэгчид ялгаруулдаг бол тэд нэг кг бөс барааг будганд оруулахдаа 70-100 литр ус хэрэглэдэг гэнэ.

Харин “түргэн” хувцас үйлдвэрлэгчдийн хувьд энэ тоо 150-170 литр байдаг тооцоо бий. Тэгэхээр байгальд ээлтэй байхыг зорьдог, эдэлгээ сайтай, дахин ашиглахуйц хувцас үйлдвэрлэдэг эко (бас “удаан” загварынхан ч гэдэг) компаниудын бүтээгдэхүүнээс сонгох эрх бас байгаа.

МЭДЛЭГ ТҮГЭЭХ ХЭРЭГТЭЙ

Ногоон амьдралын хэв маягт “нэвтрэх” түлхүүр бол мэдлэг. Байгаль орчинд ээлтэй худалдан авалтыг сурталчлах, хэрэглээний боловсрол, хэрэглээ ба байгаль орчин, эко худалдан авалт гээд олон чиглэлээр хийх ажил их гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

МҮХАҮТ аж ахуйн нэгжүүдэд тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ, ногоон хөгжил, ногоон оффис гэх мэт таван төрлийн сургалт явуулдаг аж. Хамгийн анх “Голомт” банкин дээр ногоон оффисын сургалт явуулж байжээ. Одоо “Голомт”-ыг цаасгүй банк гэж рекламдаж буйг та харсан болов уу.

Тэгвэл хүүхэд багачуудад ногоон амьдралын хэв маягийг багаас нь төлөвшүүлэх шаардлагатай байгаа учраас Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн баг БСШУЯ-тай хамтран санал боловсруулж буй гэсэн. Манай улсад энэ талын боловсон хүчин ховор, судалгаа ч тун хангалтгүй.

Харин Шведэд Засгийн газрын худалдан авах ажиллагааг ногоон зарчмаар явуулсаар иржээ. Ард иргэд нь ч ногоон, тогтвортой гэсэн шалгуурыг хангасан барилга мөн үү гэдгийг харж байж орон сууц худалдан авдаг байна.

Цаашид ч улс орнууд байгалийн нөөцөө ашиглан хэрэглээгээ хангах нь тодорхой. Гэхдээ байгалиасаа аль болох багыг авч, үйлдвэрлэснээ хэмнэн, хог хаягдлаа дахин боловсруулдаг олон улсын жишгээс бид хоцрох учиргүй.

Ц.БОЛОРМАА, Л.ГАНЧИМЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)