НОГООН ХОТЫН ЭРЭЛД: “НОГООН МӨНГӨ”

Цуврал № 5

Долоон метр орчим өндөр хиймэл гацуур мод чимэглэлтэйгээ одоогийн ханшаар 10-12 сая төгрөгийн үнэтэй. 2011 онд Улаанбаатарын төв талбайд 20 метр өндөр гацуур 50 сая төгрөгөөр “ургасантай” харьцуулбал халаглаад байхаар мөнгө энэ биш л дээ.

Гэхдээ хоёр давхар байшинтай дүйцэхүйц өндөр нэгэн гацуурыг “Ариг” банкныхан ердөө 760 мянган төгрөгөөр бүтээснийг мэдсэний дараа дээрх тоо бас л гол гонсойлгомоор санагдсан шүү. 6.8 метр өндөр, суурийн диаметр нь 3.8 метр уг “модыг” хийхэд 980 ширхэг “Спрайт” ундааны сав ашигласан бөгөөд хүрээ төмөр, гэрлэн чимэглэлийн өртөг нь 760 мянган төгрөг болсон гэнэ.

Байгальд хог болох байсан тэр олон савыг дахин ашиглаад, ийм гацуур бүтээснээрээ даруй 10 орчим сая төгрөг хэмнэсэн байгаа юм. Мөн тэд хаягдал хуванцар саваар буйдан хийснээ Улаанчулуутад үйл ажиллагаа явуулдаг “Нарны хүүхдүүд” цэцэрлэгт хандивласны зэрэгцээ хог түүж амьдралаа залгуулдаг залууст буйдан хийх арга, технологио зааж өгчээ.

Мөнгийг ногооруулах энгийн ухаан, энгүй санаачилга энэ буюу. Түүнээс биш манайхны ойлгодог шиг ногоон эдийн засгийг хөгжүүлэх, ногоон хөрөнгө оруулалт татах нэрийн дор “ногоон” босгох арга саам сүвэгчлэхийг хэлээгүй билээ. Бидний хөндсөн сэдэв болох ногоон мөнгөний утга, мөн чанар эндээс эхэлнэ.

Ногоон хотын эрэлд гарсан бидний аяллын дараагийн зогсоол “Ногоон мөнгө” нэртэй. Ногоон хөгжилд тэмүүлж, хэтийн зорилтоо биелүүлэхийн тулд энэ үзэл санааг ойлгож, дэмжих тогтвортой санхүүжилт хамгийн чухал.

Гэхдээ хоосон мөрөөдөл ярьж, цаасан дээрх төлөвлөгөө үзүүлээд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татахгүй нь ойлгомжтой тул “Юуг ногоон гэх вэ” гэдэг шалгуураа эхлээд зөв тодорхойлох ёстой.

  ЯМАР ТӨСЛИЙГ НОГООН ГЭХ ВЭ 

Монголын банкны холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны менежер Э.Номиндарь “Монголын компаниуд төслөө яаж ногоон болгох талаар төдийлөн мэдэхгүй, сонирхдоггүй байж мэднэ. Банкны харилцагчид ногоон зээл гэж юу болох, тэдэнд ямар ашигтайг мэдэхгүй байх шиг санагддаг” хэмээсэн.

Тус холбооныхон ногоон санхүүжилтийн эрэлт Монголд хэр их байгааг судлахын зэрэгцээ компаниуд, төсөл хэрэгжүүлэгчдийн энэ талаарх ойлголт ямар байгааг мөн тандах аж. Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудлыг тэнцвэртэйгээр авч үзэх, ногоон хөгжлийг дэмжих зорилготой Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг өдгөө дэлхийн 20 орчим оронд амжилттай хэрэгжүүлж буйн нэг нь Монгол Улс.

Гадаадын цөөнгүй оронд банкууд нь төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхдээ эрчим хүчний хэрэглээг багаар бодоход 20-30 хувь, хүлэмжийн хийг мөн дээрх хэмжээнд хүртэл бууруулах гэх мэт шаардлага тавьдаг байна.

Манайх ч мөн энэ жишигт хүрэхээр зорьж буй аж. Гэхдээ одоо хүртэл манайхан ногоон сертификат олгохдоо “бай”-гаа онодоггүй, байгууллагад нь өгчихдөг. Уг нь ногоон сертификатыг байгууллагад биш, тухайлсан нэг бүтээгдэхүүн, шаардлага хангасан үйл ажиллагаанд нь олгох ёстой юм билээ.

Энэ дагуу аж ахуйн нэгжүүдийг үнэлдэг болбол банкууд “Эдний энэ бүтээгдэхүүн нь ногоон юм байна” гээд хөнгөлөлттэй зээлээ эргэлзэж тээнэгэлзэлгүй олгох боломжтой гэсэн. Цаашид үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад ногоон сертификат авсан, түүхий эд нийлүүлэгч, тээвэрлэгч компани нь ч “ногоон” байхыг шаарддаг Шведийн зэрэгт хүрэх том зорилт тавих нь зүйтэй хэмээн банкууд үзэж буй гэнэ лээ.

Эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулдаг салбаруудад олон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй энэ үед үйл ажиллагааг нь анхнаасаа байгаль орчинд ээлтэй, ногоон байхыг нэмж шаарддаг болчихвол аль аль талдаа тустайг Монголын банкны холбооныхон онцолсон.

Ипотекийн зээл олгохдоо, гэр хорооллын дахин төлөвлөлт, хуучин орон сууцнуудыг буулгаж дахин барилгажуулахдаа аж ахуйн нэгжүүд, иргэдэд ногоон барилга барих, худалдан авах шаардлага тавьж болох байсан гэнэ. Гэхдээ манайд эко зээлийн эрэлт төдийлөн байхгүй, нөгөө л бизнесийн, жижиг, дунд үйлдвэрлэлийн төслүүдийг иргэд, аж ахуйн нэгжүүд сонирхдог.

Засгийн газар ч үүнд нь дөрлүүлчихсэн болохоор үйлдвэржилтийг дэмжих зорилготой 888 төсөл шалгаруулж, маш бага хүүтэй зээл олгохдоо ногоон байх ёстой гэсэн шалгуур тавих сөхөө байсангүй.

Гэтэл Энэтхэгт шинэ байр худалдан авч байгаа иргэд ногоон орон сууц авбал тэдэнд хөнгөлөлттэй зээл олгодог хөтөлбөр амжилттай хэрэгжээд, хоёр дахь шат руугаа оржээ. Ингэхдээ тус улсын Засгийн газар бүх ачааг өөрөө үүрэлгүй, Германы Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг ашигласан энэ мэт боломж бидэнд ч нээлттэй байна.

Өдгөө манай улсад Хасбанк эрчим хүчний хэмнэлттэй төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгож буй. Гэхдээ эрчим хүчний хэмнэлтийг хэмжихэд зайлшгүй жишиг үзүүлэлт тогтоох шаардлага тэдэнд тулгардаг байна.

Жишиг үзүүлэлт гэдэг нь тухайн төслийг хэрэгжүүлэхээс өмнө уг компанийн эрчим хүчний хэрэглээ ямар байсан, эсвэл эко бүтээгдэхүүний оронд ямар төрлийн уламжлалт нийтлэг бүтээгдэхүүн зах зээлд өргөн хэрэглэж байгааг тогтоохыг хэлдэг аж.

Гэтэл манайд жишиг үзүүлэлтийн талаарх мэдээлэл, судалгаа тэр бүр байдаггүй тул Хасбанк гэхэд л Дэлхийн банкны ОУСК болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-наас техникийн туслалцаа авч төслүүдэд эрчим хүчний аудит хийлгэжээ.

Эрчим хүчний хэмнэлт, хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг хэмжиж тогтоох чиглэлээр мэргэшсэн цөөн тооны байгууллага манайд бий ч үнэндээ тэдэнд шаардлагатай мэдээлэл байхгүй тохиолдол бишгүй гэнэ. Тиймээс цаашид нэмэх, чадавхийг нь бэхжүүлэх шаардлагатайг Хасбанкны Эко банкны хэлтсийн захирал Г.Туул хэлсэн.

Мөн тэд өнгөрсөн жилээс эко буюу шатахууны хэмнэлттэй, бензин-цахилгаан хосолмол хөдөлгүүр бүхий автомашин худалдан авах хүсэлтэй иргэдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийг зах зээлд нэвтрүүлжээ. Эко машины хөнгөлөлттэй зээл олгох нөхцөлийг “Капитал”, Худалдаа хөгжлийн банк ч мөн судлаад эхэлсэн юм билээ.

  ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД НОГООН ТӨСЛӨӨС ГАР ТАТАХГҮЙ  

Европын сэргээн босголт, хөгжлийн, Азийн хөгжлийн гээд банкууд нийт хөрөнгө оруулалтынхаа тодорхой хувийг эрчим хүчинд хэмнэлттэй, хүлэмжийн хий бууруулах төсөлд оруулах зорилт тавьжээ. Ерөөс томоохон санхүүжүүлэгчид “Бидний хөгжлийн зам ногоон байх ёстой юм байна” гэдгийг ухамсарлаад эхэлчихэж.

Лондоныг бид санхүүгийн томоохон төв гэдгээр нь мэддэг. Тэгвэл хурдацтай хөгжиж байгаа ногоон санхүүжилтийн хааб болохоор лондончууд төлөвлөж буйг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс мэдээлжээ.

Тус хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ачим Стейнер “2016 он бол ногоон санхүүжилтийн жил байх болно. Дэлхийн олон орон тогтвортой санхүүжилтэд анхаарч буйг бид харж байна” хэмээжээ.

Өнгөрсөн оны сүүлчээр Парист болсон НҮБ-ын суурь Конвенцын талуудын 21 дүгээр уулзалтаар хөгжингүй, хөгжиж буй гэлтгүй бүх улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тодорхой үүрэг хүлээхээр амлалт авсан билээ.

Тухайлбал, дэлхийн хүлэмжийн хийн дийлэнхийг ялгаруулдаг орнуудын нэг Япон улс амлалтаа биелүүлэхийн тулд манайд нар, салхины цахилгаан станц барихад хөрөнгө оруулснаараа “Манай төсөл энэ шүү” хэмээн НҮБ-аас давхар оноо авах боломжтой. Герман ч мөн энэ чиглэлийн төсөл хөтөлбөрийг идэвхтэй дэмждэг орон.

Швед гэхэд л ногоон бондоор мэргэшиж, өдгөө бүр хасах хүүтэй болгочихож. Энэ мэтээр өндөр хөгжилтэй улсууд ногоон төслөөс гар татахгүй байх нь эргээд өөрсдөд нь ихээхэн нэр хүнд авчрахыг мэддэг болсон тул бид “Гадаадын хөрөнгө оруулалт царцсан” гэж ганихарч суух бус боломжоо ашиглах хэрэгтэй байна.

МАНАЙХ ХЭЗЭЭ НОГООН ЗЭЭЛИЙН САНТАЙ БОЛОХ ВЭ

Банкууд 2013 оноос Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буй. ТоС хөтөлбөрт өдгөө Монголын арилжааны бүх банк нэгдсэн бөгөөд өнгөрсөн оноос тэд байгаль орчин, ногоон эдийн засаг, ил тод байдал зэрэг тулгамдаж буй асуудлуудыг тусгасан Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг зээлийн шийдвэр болон бусад үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.

Улмаар тэд байгаль орчинд ээлтэй төслүүдэд оруулах санхүүжилтийг шийдэх замаар ногоон эдийн засгийг дэмжих зорилготой Ногоон зээлийн сан байгуулах санаачилга гаргажээ. Жишээ нь, ногоон барилга баръя гэвэл бусад зээлээс арай хөнгөлөлттэй олгох санхүүгийн хөшүүрэг хэрэгтэй байж таарна.

Гэтэл банк ашгийн төлөө ажилладаг. Тиймээс тус сангаар дамжуулаад гадаадаас хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэр авч, банкууд, хувийн хэвшлийн байгууллагуудаас гадна Засгийн газар тодорхой хэмжээний хөрөнгө оруулбал банкууд ашгийн зорилгоор ажиллахгүй, үйл ажиллагаагааны зардлаа нөхөөд хөнгөлөлттэй зээл олгох боломж бүрдэнэ хэмээн үзэж буй.

Ногоон эдийн засгийг хөгжүүлье гэвэл бусад зээлтэй өрсөлдөхүйц санхүүгийн хөшүүрэг бий болгох хэрэгтэй. Гэхдээ Ногоон зээлийн сан байгуулах хугацааг товлон хэлэхэд эрт байгааг Монголын банкны холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны менежер Э.Номиндарь хэлэв.

Юуны түрүүнд, сан байгуулахад хөрөнгө хэрэгтэй тул гэрээ хэлэлцээр хэр ахицтай байхаас шалтгаалах нь мэдээж. Монголын арилжааны банкууд, дээрх холбоо хөрөнгийн хэмжээ нь бага байсан ч хамаагүй аль болох богино хугацаанд Ногоон зээлийн сан байгуулж, төслүүдийг санхүүжүүлж эхлэхээр зорьж буй гэсэн.

Тэгвэл хэсэг хугацааны дараа тодорхой үр дүн гарч, “Энэ төсөл дээр ингэж хэмнэж болж байна, цаашид ингэж хэмнэнэ” гэх тооцоог гадаадын санхүүжүүлэгч нарт танилцуулснаар зээл авахад илүү дөхөмтэй юм.

Өнгөрсөн нэгдүгээр сард тэд Ногоон уур амьсгалын сангийн удирдлагуудтай уулзахад “Дэмжиж байна. Гэхдээ ямар нөлөө, үр дүн бий болгохыг тодорхой тооцох хэрэгтэй” гэжээ. Дээрх сангийнхан нэлээд шаардлага тавьдаг байна. Банкууд тусдаа дээрх сантай харилцахад хүндрэлтэй, явцын хувьд удаан байх аж.

Харин Ногоон зээлийн сантай болчихвол хөнгөлөлттэй зээл шуурхай олгохоос гадна компаниудад зөвлөгөө, мэдээлэл өгч, сургалт зохион байгуулах боломжтой гэнэ.

Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон “Улс орнуудын тогтвортой хөгжилд хүрсэн сайн туршлагаас суралцсаны үндсэн дээр хөгжлийн зөв гарцыг хамтдаа хайх нь бидний ойрын зорилт” гэж тодотгов. Цаашид банкуудаар зогсохгүй ББСБ-ууд, даатгалын компаниуд ч ийм төрлийн зээл олгох боломжтой гэнэ.

  КОМПАНИУДАД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ  

Аливаа компани байгаль орчин, нийгэмд хэр ээлтэй үйл ажиллагаа явуулж байгааг нь салбарын яам дангаар хянах боломжгүй. Харин банкууд аж ахуйн нэгжүүдтэй байнга харьцдаг давуу талтай тул тэднийг өндөр, бага, дунд эрсдэлтэй хэмээн үнэлж, түүнд нь тааруулан үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж өгдөг байна.

Ёстой л нөгөө татгалзах аргагүй санал гэдэг шиг банкуудын энэ шаардлага компаниудын хувьд биелүүлэхгүй байхын аргагүй нөхцөлийг “тулгадаг” учраас төрийн албан тушаалтны үгнээс хүчтэй нь ойлгомжтой.

Тухайлбал, саяхан манай нэгэн том үндэсний үйлдвэрлэгч компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Худалдаа хөгжлийн банкныханд ихэд баярласнаа илэрхийлжээ.

Учир нь “Орчин үеийн технологиор үйлдвэрлэлээ шинэчилье” гэсэн түүний үгийг захирлууд нь тоодоггүй байсан бол банкныхан ганц удаа шаардангуут өнөөдүүл тэр дор нь ажил хэрэг болгосон юм байна л даа.

Үүний ачаар үйлдвэрээс гардаг их хэмжээний хог хаягдлыг дахин боловсруулдаг болсны зэрэгцээ үр ашигтай ажлын бүтээмж нэмэгдэж, ажиллах нөхцөл нь ч сайжирчээ.

Ногоон зээлийн үр дүнг өнөө маргаашдаа шууд хүртэнэ гэж хүлээхэд эртдэх ч хэтдээ гадаадаас хөрөнгө оруулалт татах зэрэг олон зүйлд эергээр нөлөөлдөг байна. Яваандаа энэ нь нийгэм даяар хандлагын томоохон өөрчлөлт дагуулж, сэтгэлгээний хувьсгалын эхлэл болох нь дамжиггүй.

  ЖИШИГ БОЛОХ ЖИШЭЭ  

ТоС хөтөлбөрийн хүрээнд банкууд өөрсдөө манлайлан, үйл ажиллагаандаа “ногоон зарчим” нэвтрүүлээд буй. Эхний ээлжинд байгаль орчны бодлого, дотоод журмаа баталж, хариуцсан ажилтантай ч болж амжжээ. Мөн ус, цаас, эрчим хүчээ багагүй хэмнэх болсон байна.

“Ариг” банк төв оффисынхоо дээвэр дээр нарны зайн дэлгэц суурилуулан хэрэгцээт эрчим хүчнийхээ 60 хувийг үйлдвэрлэж байгаа нь том дэвшил. Түүнчлэн Төрийн банк өнгөрсөн жил ус, цаас хэмнэх аян өрнүүлжээ.

Ингэснээр мэдээж ихээхэн мөнгө хэмнэсэн. Энэ мэтээр ажлын байрандаа бий болгосон дадал хэвшлээ ажилтнууд нь гэртээ ч хэрэгжүүлэх замаар орчин тойрондоо сайнаар нөлөөлөх болжээ.

Дээрх хоёр банкныхан эдгээр туршлагаасаа хуваалцан, салбарынхаа хэмжээнд хэмнэлт хийгээд эхэлчихэж. Амжилттай байвал бусад салбарынхныг “Хэмнэх challenge”-д дуудах гэнэ.

Төр засгийг харж зүгээр суух бус, ногоон хөгжилд түүчээлэн хувь нэмрээ оруулахаар банкууд санаачилсныг одоо хувь хүн, байгууллага, нийгэм даяараа дэмжин, давалгаалуулах хэрэгтэй байна.

Аливаа төслийг санхүүжүүлэхдээ өндөр шаардлага тавьдаг гадаадын томоохон хөрөнгө оруулагчид байгаль орчинд хэр ээлтэйг нь асуудаг. Үүнд одооноос анхаарч эхэлбэл тэднийг “даллахад” эергээр нөлөөлөх нь дамжиггүй.

Ц.БОЛОРМАА, Л.ГАНЧИМЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)