Ногоон хотын эрэлд: Грамм хогийг ч гамнах ухаан

Сураг сонсох нь ээ, харийн шашины загалмайлсан эцэг, шинэ үеийн тооллын эхийг тавигч нэгэн эр манай Улсын их дэлгүүрийн хажууханд сэлгүүцэж явдаг юм гэнэ лээ. Тэр бол “Монгол Есүс”. Шидэт үлгэрийн нууцлаг баатар шиг этгээд хачин төрхтэй түүнийг харсан хүн болгон өөрийнхөөрөө дүрсэлнэ. Хааяа зураг нь олон нийтийн сүлжээгээр давхиж явна. Зарим нэг хүн “Монгол Есүс”-ийг үсчинд дагуулан орж, үсийг нь засуулсан гэх яриа хүртэл байдаг юм билээ.

Гэхдээ яг хэрэг болгоод хайсан үед газрын гаваар орчихсон юм шиг олдож өгдөггүй энэ “баатар” бусдаас хэзээ ч зүгээр мөнгө авч байгаагүйг нь хүн бүр ам уралдан ярьдаг. Хачин юм шүү, зөвхөн өөрийн түүсэн хогоо тушааж мөнгө олох гэж зүтгээд байдаг нь. Тэгээд бодохоор түүний дотор үнэхээр л шидэт үлгэрийн баатрын хүчирхэг болоод гэгээхэн ертөнц оршин байдаг юм шиг ээ.

Гурван сая гаруй хүн амын бараг тал нь Улаанбаатартаа шавсан, “хоолойгоор татсан” хог нь Туулаа боомилох хэмжээнд хүрсэн нийслэл хотод маань тэр л хог дахин боловсруулах “төв”-ийн үүрэг гүйцэтгэж байх шиг санагддаг. Ийм сэтгэлтэй хүн өөр хаана, хэр олон байдаг бол...

 Бид “Монгол Есүс”-ийн “ахан дүүс”-ийг олох, мөн том хот хог хаягдлаа хэрхэн боловсруулдгийг мэдэхээр сонгуультай уралдан Өмнөд Солонгосыг зорилоо.

Солонгос бол бидний сайн мэддэг юм шиг хэрнээ бас төдийлөн мэддэггүй орон ажээ. Монголын нийт хүн амын нэг хувь нь ажиллаж, амьдардаг, “савангийн дуурь”-аараа олон жилийн өмнөөс монголчуудын эчнээ танил болсон Өмнөд Солонгосын нийслэл Сөүл ногоон хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд үлгэрлэн гайхуулж буй аж. Солонгосчуудад манайхан шиг “Аа, бүр болохгүйдээ тулбал эртний түүхт хот Хархорин руугаа Улаанбаатараа нүүлгэчих нь дээ” гэж аархах өргөн уудам газар нутаг үгүй. Гэхдээ л Сөүлээс хөглөрсөн, ундуй сундуй байдал бараг олж харахгүй.

Хүн байгаа цагт хог заавал байдаг учраас ногоон хотыг тодорхойлох нэг чухал шалгуур нь хаягдлаа байгальд хор нөлөөгүйгээр хаях соёл юм. Сөүлчүүд “үйлдвэрлэдэг” хог хаягдлын хэмжээгээрээ дэлхийд зэгсэн дээгүүр жагсдаг. Энэ үзүүлэлтээ өөрчлөхийн тулд томоохон үйлдвэрүүдээсээ жилд ялгарах хортой хог хаягдлын дээд хэмжээг нь зааж өгсөн дэлхийн анхны хот болжээ. Харин үйлдвэр, албан байгууллагууд заасан хэмжээнээс бага хог хаягдал гаргавал төлбөрийг нь 10 хувиар бууруулдаг уян хатан бодлоготой аж.

ИРЭЭДҮЙН ИРГЭДЭЭ ИНГЭЖ БЭЛТГЭДЭГ

Сөүл хотын төвөөс баруун хойхно Мапу дүүрэгт орших Тэнгэр хэмээх уулыг зорин, “Сонсан” бага сургуулийн зургадугаар ангийн хүүхдүүдтэй хамт устөрөгчөөр “хооллодог” эко автобусаар аяллаа эхлүүллээ. Солонгосын ард түмний Тэнгэр уул хэмээн хүндэтгэн нэрлэдэг, өвч ногоон ой модоор нэвсийтэл хучигдсан, дотоод, гадаадын жуулчид мянга мянгаараа зорин очдог эл газрын хөрсөн дор Сөүл хотынхны 15 жилийн хур хог булаастай байгаа гэж өнгөн талаас нь харсан хэний ч санаанд орохооргүй юм билээ.

1978 оноос хойш тус хотынхон бүх хогоо энд ил задгай хаядаг байсан бөгөөд 100 метр өндөр хогон уулнаас элдэв бусын хаягдал түүж, амьдралаа залгуулдаг хүмүүс, айл өрх ч олон байж. Яг л өнөөгийн манай Улаанчулуутынх шиг амьдрал энд өрнөж байсныг өдгөө хананд өлгөөстэй гэрэл зургууд л гэрчилнэ.

Сөүл хотын удирдлагууд Мапу дүүрэг дэх төвлөрсөн цэгт хог хаяхыг хориглох түүхэн шийдвэр 1993 онд гаргаснаар тэндхийг эмх журамд оруулах, өндөр технологид суурилсан, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, устгах дэлхийд жишиг парк байгуулах ажил эхэлж, өдөрт 750 тонн хог боловсруулах зориулалттай үйлдвэр нь 2005 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн байна. Манайхныг хүмүүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулан, хөлөө олж амьдрахын төлөө бүдчиж явахад өнгөрсөн 25 жил хангалттай байгаагүй.

Гэтэл дээрхээс богино хугацаанд Сөүлд энэ хэмжээний хүчин чадалтай, хог хаягдал дахин боловсруулах, устгах дөрвөн том байгууламж бий болгочихож. Ил задгай хог хаяж, байгаль орчин хийгээд иргэдийнхээ эрүүл мэндийг хохироож байсан асуудлаа ингэж том хөдөлж, зоримог шийдсэнээр өнөөгийн хүүхэд залуус нь 20 жилийн өмнөх Мапугийн гунигт түүхийг мэдэхгүй, хөгшид нь ч мартах хэмжээнд очсоныг тэндхийн мэргэжилтэн Со Бу Рам хэлсэн. Гэхдээ улс, хотын бодлого нь айхтар юм болохоор өмнөх алдаагаа давтахгүй гэсэндээ хойч үеийнхэндээ өнгөрсөн түүхээ сануулж байхаа мартсангүй.

Эднийх гэхэд л даваагаас баасан гаригт байгаль орчноо хамгаалах талаар хүүхэд, томчуудад мэдээлэл өгөх хөтөлбөртэй байдаг юм билээ. Эвдэрсэн гар утсаа хаа хамаагүй хаях нь байгаль орчин бохирдуулж буйг, их хог тарих тусам их мөнгө төлнө гэдгийг, хаягдлаа хэрхэн ангилж сурахыг хүүхдүүдэд сонирхолтой хэлбэрээр заадаг аж. Солонгосчууд ирээдүйн иргэдээ ингэж бэлтгэдэг байх нь. Аяллын туршид Төрийн дууллаа хоршин дуулах 12 настай сурагчид “Монголын Есүс” шиг тархиндаа хоггүй, байгальд ээлтэй иргэн болох нь ойлгомжтой.

Энд үзэж харах зүйл ч их юм. Үйлдвэрийн төв байрны үүдээр оронгуут ховор амьтдын хүрээлэнд ирсэн мэт сэтгэгдэл төрөхөөр тохижуулсан байх. Хаягдал гялгар уутаар хийсэн дөрвөн метр орчим өндөртэй оцон шувуу эко аялал хийж яваа манай багийн хүүхдүүдийн анхаарлыг гойд татаж байлаа. Энэ том бүтээлийг урлахад хэчнээн ч гялгар уут ашиглаж, хэдэн хүн уйгагүй сууж хийснийг мэдэхгүй. Төрөл бүрийн хог хаягдлаар хийсэн энэ мэт үзмэрүүд нь Солонгосын Байгаль орчныг хамгаалах газрын уралдаанаас шагнал хүртсэн шилдэг бүтээлүүд гэнэ.

Сүүлд бид үйлдвэрийн хог холих, сийрүүлэх дамжлагын хяналтын өрөөнд орж, газар доорх, дөрвөн давхар байшинтай тэнцэхүйц гүнзгий агуулахыг бүрхэн нэвсийх үлэмж их хогийг хараагүй бол ямар нэг үзэсгэлэнгийн танхимд ирсэн бил үү гэж эндүүрэхээр байв. “Матрикс” кинонд гардаг шиг аварга том төхөөрөмж хогийг хэрхэн хаман, сийрэгжүүлж буйг харсан хүүхдүүд шагшин дуу алдацгааж байв.

Энэ аварга “амьтан” нэг удаад гурван тонн хог ховдоглон “үмхэж”, өндөрт өргөж байгаад доош сархийтэл цацахыг хүүхдүүд шилэн цонхны цаанаас ширтэн сониучирхана. Эх нутгаас нь онгоцоор нисээд очиход гурван цаг ч хүрэхгүй газарт өөрсдийнх нь үе тэнгийн хүүхдүүд ийм хогон дундаас хатсан талх, ялзарсан алим олж иддэгийг тэд яахин мэдэх билээ. Манай Улаанчулуутад хог түүж амь зогоодог 200 гаруй хүүхдийн хувьд сургуульд сурна гэдэг биелшгүй мөрөөдөл гэдгийг ч тэд төсөөлөхгүй дээ.

ЯРЬСААР Л БАЙХ УУ...

Улаанбаатарынхны хогийг 40 жилийн турш “найрсгаар” хүлээн авсаар буй Улаанчулуут болон Цагаан давааны төвлөрсөн цэгт хог хаягдал ангилан ялгах, дахин боловсруулах цогцолбор “Эко парк” байгуулна хэмээн 2011 оноос хойш бид цээжний хожоо хийж суусан. Гэтэл энэ таван оны дотор жирийн нэг Кёнги аймгийнх нь Ханам хотод Америк, Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалтаар өдөрт 80 тонн хүнсний хаягдал дахин боловсруулах, 48 тонн хатуу хог шатаах үйлдвэр болон 32 мянган тонн бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай нүсэр том байгууламж босгочихож.

2013 оноос өмнө энд мөн л төвлөрсөн хогийн цэг байсан агаад хаягдлаа газар дээр ил боловсруулдгаас нь болоод иргэд ч хэл ам их хийдэг байжээ. Гялгар уутан хүлэмжүүдтэй, өвөө, эмээ нар голдуу амьдардаг зэлүүд газарт өнөөдөр 79 мянган ам метр талбай эзэлсэн Ханам хүрээлэн буй орчны цогцолбор байгуулж, эко цөөрөм, хүмүүсийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх парк, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай, урлагийн заал, агаарын теннисний ордон гэх мэт байгууламжууд сүндэрлэснээр бум бужигнасан их хөлийн газар болчихож.

Тэнгэрт цойлсон “Юнион” цамхгийн сүр хүч хийгээд чамин тансаг байдал, нүд хужирласан эдгээр байгууламжтай хослохоороо амрагч, жуулчдын сэтгэлийг баясгана уу л гэхээс газар доорх “нуувчиндаа” хог хаягдал дахин боловсруулж, шатааж, өмхий ус цэвэршүүлдэг зэрэг нь огт хүртээлгүй болтол далдалсан байх юм. Эндхийн хог дахин боловсруулах үйлдвэрүүд хорт утаагаа 3-4 шат дамжлагаар цэвэршүүлэн, ямар ч аюулгүй болгоод байгальд “нийлүүлдэг”.

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос авсан мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд жилд нийтдээ 1.4 сая тонн хог хаягдал гардаг бөгөөд 70 гаруй хувийг нь хогийн цэг рүү ачдаг, үлдсэнийг нь дахин боловсруулдаг гэсэн. Манайд хог дахин боловсруулах чиглэлээр байгуулагдсан 27 үйлдвэр бүртгэлтэй байдаг ч арваад нь л амжилттай ажиллаж байгаа юм билээ. Цаашид Улаанчулуут, Цагаан давааны төвлөрсөн цэгт хог боловсруулах “Эко парк” байгуулчихвал хөл дээрээ тогтож ядан байгаа дээрх үйлдвэрүүд ч өргөжих боломжтой юм.

Үүнд шаардлагатай 246.8 тэрбум төгрөгийг шийдэх зоригтой, сүйхээтэй хэн нэг дарга яаж ийгээд энэ ажлын ард гарчихвал 10 жилийн дараа л зардлаа нөхчих юм билээ. Цаасан дээрх төлөвлөгөө биеллээ олоод, хог хаягдал дахин боловсруулах 20 үйлдвэр нь ашиглалтад орчихвол тэндээс эрчим хүч, түлш гэх мэт стратегийн өндөр ач холбогдол бүхий эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах учраас цаашид 23 хувийн ашигтай ажиллана гэсэн тооцоо хүртэл хийчихсэн байна, цаана чинь.

НОГООН УУТНЫ “ПАЯН” БУЮУ БИДНИЙ ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ

Байгаль дэлхийгээ чин сэтгэлээсээ хайрладаг байсан нүүдэлчин монголчуудын уламжлалт сэтгэхүй өнөөдөр үгүй болж буйг хэн хүнгүй ярьдаг. Тэгвэл хүн ам олноор бөөгнөрсөн суурин соёл иргэншилд тэрхүү сэтгэхүйг хүмүүсийн тархинд суулгахын тулд эдийн засгаар нь хөшүүрэг болгон дам “удирддаг” ажээ. “Хог бол мөнгө юм” гэдгийг найман настай солонгос охин ч түвэггүй ойлгодог юм билээ. Гэртээ их хог таривал дэлгүүрээс худалдаж авдаг хогны уутны тоо ч дагаад нэмэгдэх учраас өөрт нь зайрмаг авч өгөх мөнгөнөөс хорогдоно гэдгийг тэр сайн мэднэ.

Бас идсэн зайрмагныхаа уут, савыг зориулалтынх нь дагуу ангилж ялгавал тус тусын үйлдвэрт хүргэгдээд, өөр өөр бүтээгдэхүүн болж буцаад ирдгийг ч охин гадарлана. Солонгост сүүлийн үед орон сууцны хорооллуудын гадна хог жинлэж авдаг төхөөрөмж суурилуулж эхэлснээр гэрийн эзэгтэй нар 100 граммыг ч болтугай хөнгөлөхийг хичээх болжээ. Аль болохоор шингэнийг нь шавхсан, жин багатай хог хаяхыг чухалчилдаг гэсэн үг.

Харин манайд ийм хөшүүрэг байхгүй учраас хогны уут үнэгүй тараагаад ч тусыг эс олсон билээ. Ногоон уутны “намтар” уг нь Улаанбаатарын иргэдийн сэтгэхүйд эхний ээлжинд “Энэ бол хогны уут шүү” гэсэн код суулгах зорилготой байсан гэдэг. Иргэдээ зориулалтын уутанд хогоо хийж сурсных нь дараагаар хаягдлаа төрөлжүүлэн ангилдаг болох алхам руу аажмаар шилжсэн Солонгос, Японы туршлагыг манай хотын удирдлагууд Улаанбаатарт нэвтрүүлэх гэсэн биш “Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих мөнгийг дэмий зүйлд үрлээ” хэмээн баахан баалуулсан даа.

Уг нь айлуудаас сар бүр авдаг хогны мөнгөө зориулалтынх нь дагуу ашиглаж, тэр том ногоон уутнуудыг үйлдвэрлээд, үнэгүй тараасан юм билээ. Гэтэл Сөүлд хогны уут (хүнсний хаягдал хийдэг нь) багтаамжаасаа хамаараад 2100-7000 вонноор зарагдаж байна. Гурван кг-ын жижигхэн уутыг 800 төгрөгөөр худалдаж авдаг гэсэн үг. Тэгэхээр хүмүүс хог бага тарих ёстой юм байна гэдгээ аяндаа ухамсарладаг бололтой.

Гэхдээ өөр бас нэг зүйл сонирхол татсан юм. Монголчууд “Нар жаргахаас өмнө хогоо хаяхгүй бол муу ёр” гэдэг. Гэтэл Солонгост эсрэгээрээ, өдрийн цагаар хогоо гудамжинд гаргавал хотын үзэмжинд муухай гэж үздэг аж. Тэнд 00.00-08.00 цагийн хооронд хогны машинууд “ажилдаа ордог” нь хотын гудамжаар эвгүй үнэр ханхлуулж давхихгүй гэснийх. Мөн замын түгжрэлээс сэргийлэх, хээнцэр хотынхоо өнгө үзэмжийг гутаахгүй гэсэн давхар шалтгаантай юм билээ.

Хатуу, шингэн хаягдал, энгийн болон хортой, хуванцар, хүнсний гэх мэтээр ангилан ялгаж ууталсан хог ачиж яваа машинаа хүртэл хотын өнгө үзэмж гутаачихна гэж тэд цэрвэдэг аж. Солонгосчуудын грамм хогийг ч гамнадаг ухаан зөвхөн халаасан дахь мөнгөтэй нь “ярьснаас” улбаатай бус, тэдний эко боловсролын түвшин, ногоон амьдралын хэв маягтай нь холбоотой болов уу гэж санагдав. Явж явж энэ бол монгол, солонгос хүмүүсийн сэтгэхүйн онцлог гэхээсээ илүү суурин иргэншлийн соёлд хэр зэрэг суралцсанаас нь шалтгаалдаг юм шиг ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)