“Ногоон паспорт” аяны шилдэг сурагч НҮБ-ын чуулганд оролцов

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерришийн санаачилгаар Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74 дүгээр чуулган Нью-Йорк хотноо есдүгээр сарын 23-нд болсон. Харин есдүгээр сарын 21-нд залуусын үзэл бодлыг сонсох, тэдэнтэй зөвлөлдөх зорилготой уулзалт зохион байгуулсан билээ. 

Уулзалтад БОАЖЯ-ны санаачилгаар өсвөр үеийнхний байгаль, экологийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан “Ногоон паспорт” аяны шилдгээр шалгарсан сурагч Б.Энэрэл оролцож, Монгол сурагчдын хөтөлж буй “Ногоон паспорт” санаачилгыг үндэсний туршлага болгон НҮБ-ын индэр дээрээс танилцуулжээ. Уулзалтад оролцсон улсуудын төр, засгийн тэргүүнүүд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, 2050 онд ялгарал, шингээлтийг тэглэх, дэлхийн дулаарлыг хоёр хэмээс хэтрүүлэхгүй, улмаар 1.5 хэмд тогтоон барих зорилго тавьж, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтэд оруулах үндэсний хувь нэмрээ ахиулах бодит төлөвлөгөөгөө танилцуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тус уулзалтын үеэр манай улс дэлхийн соёлын болон байгалийн өвд нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн “Addressing Climate Change Impacts on Cultural and Natural Heritages” санаачилгад нэгдсэн аж. “Парисын хэлэлцээрийн хэрэгжилтэд оруулах үндэсний хувь нэмрийн түншлэл” санаачилгад нэгдсэн орны хувьд манай төлөөлөгчид энэ санаачилгын нээлтийн арга хэмжээнд оролцжээ.

Ж.Отгонтуул


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)