“Ногоон” ирээдүй айсуйг илтгэсэн чуулган

“Олон улсын шинэ эрчим хүчний чуулган”-ыг сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагууд хамтран өчигдөр “Корпорейт конвеншн” зочид буудалд зохион байгууллаа. Эрчим хүч, ногоон хөгжлийн чиглэлээр ажилладаг 600 орчим төлөөлөл оролцсон уг чуулган дэлхий нийтийн хандлага сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглахаар урагшилж буйг харуулав. Хүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулж, агаар мандалд “хөөргөснөөс” озоны давхарга цоорсон. Улмаар нарны хэт ягаан туяа агаар мандалд нэвчин, цаг уурын дулаарал бий болгоод буй. Эрдэмтдийн тооцоогоор сүүлийн 100 жилд дэлхийн уур амьсгал дунджаар 1.7 хувиар дулаарчээ. Тэгвэл Монголынх дунджаар 2.7 хувиар дулаараад буйг чуулганы үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тодотгосон.

Нүүрс шатаах нь хүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулдаг. Тиймээс дэлхий нийтэд аюул учруулж мэдэх хүлэмжийн хийг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, нүүрсний цахилгаан станцуудаа цөөлөх шаардлага тулгараад буй. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээр хөгжингүй орнууд хүлэмжийн хийг бууруулахын тулд нүүрсний хэрэглээгээ багасгах амлалтыг бусдынхаа өмнө өгсөн юм. Мөн хөгжиж буй орнуудын хүлэмжийн хийн “үйлдвэрлэл”-ийг бууруулахын тулд төсөл хэрэгжүүлэх хөрөнгийг уур амьсгалын “Ногоон сан”-д байршуулах амлалт өгсөн. Тухайлбал, Франц улс нүүрсний цахилгаан станцуудаа хааж, банк санхүүгийн байгууллагууд нь ийм төрлийн төслийг санхүүжүүлэхээс татгалзахаар болсон удаатай. Хүлэмжийн хийг багасгахын тулд байгуулсан санд одоогоор томоохон гүрнүүд амласан мөнгөнийхөө 10-хан хувийг шилжүүлсэн. Чуулганы хэлэлцүүлгийн үеэр Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлин “Манай улс санд олгох мөнгөө жилд таван тэрбум еврогоор нэмэгдүүлж байгаа. Өгсөн амлалтдаа хүрнэ. Европын бусад орон ч амлалтдаа хүрээсэй гэж боддог” хэмээсэн юм.

Бага нүүрс шатааж, хүлэмжийн хийг “намжаахын” тулд эрчим хүчний өөр эх үүсвэр сонгох шаардлагатай. Үүнээс улбаалаад улс орнууд нар, салхи, усны энергиэр эрчим хүч үйлдвэрлэх төсөл олныг хэрэгжүүлж буй. Сүүлийн 10 жилд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр 4-5 дахин нэмэгдсэн байна. Технологи нь улам боловсронгуй болж, өртөг зардал нь ч буурчээ. Даян дэлхийн байгаль орчны стратеги судлалын хүрээлэнгийн судлаач М.Тэмүүлэн “Технологийнх нь өртөг хямдарсан учраас сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх боломж их байна” гэж ярьсан. Дэлхийн хандлага сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд чиглэж буйг ч тэрбээр чуулганд илтгэл тавихдаа тодорхой баримтаар батлав. Ялангуяа Ази тив сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр толгой цохидог болжээ. Манай урд хөрш жилд 22 гВт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлаараа дэлхийд тэргүүлдэг байна. Дэлхийн даяар нарны энергиэр эрчим хүч үйлдвэрлэж буй эх үүсвэрийн 75, салхины 48 хувь нь Ази тивд ногддог аж.

...Хос хөдөлгүүрт буюу хайбрид машин 100 км-т дунджаар 5.5 литр шатахуун зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, ийм зай туулахад 10 мянган төгрөгийн зардал гаргадаг гэсэн үг. Тэгвэл цахилгаан машин үүнээс тав дахин бага зардал гаргах аж...

“Хас” банкныхан уур амьсгалын “Ногоон сан”-тай итгэмжлэлийн гэрээнд 2016 онд гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, “Ногоон сан”-гийн магадлан итгэмжилсэн санхүүгийн байгууллага болсон гэсэн үг. Ингэснээр НҮБ-аас манайд хэрэгжүүлж буй “ногоон” төслүүдэд дундын ямар нэгэн зуучлагчгүйгээр санхүүжилт хийх боломж бүрдсэн юм. “Ногоон” төсөл, хөтөлбөрийн санхүүжилт авахад тэдний банк болон НҮБ-ын шалгуурыг давах учиртай гэнэ. Сэргээгдэх эрчим хүчний төслөөс гадна гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар хангах, байшингаа дулаалахад зориулж санхүүжилт олгоно гэдгийг “Хас”-ын Эко банкны захирал Г.Туул ярилаа. Тэднийх дулааны алдагдал багатай байшин барих компанитай хамтарч ажиллахад бэлэн гэсэн.

Манай улс 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль баталсан. Уг эрх зүйн бичиг баримтад тулгуурлан хувийн хэвшлийнхэн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх 20 орчим эх үүсвэр барьжээ. Үүнд 500 сая ам.долларын хөрөнгө зарцуулсан байна. Одоогоор сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлын хэмжээнд жилд 240 мВт цахилгаан үйлдвэрлэх хэмжээнд хүрчээ. Мөн Засгийн газраас баруун таван аймгийг цахилгаанаар хангах 52 мВт хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барьж буй гэнэ. Манай улсын эрчим хүчүйлдвэрлэлийн 20 орчим хувийг сэргээгдэх эх үүсвэр хангадаг болсон. Монгол Улс 2030 он гэхэд цахилгаан хэрэглээнийхээ 30 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах зорилт тавиад байгаа. Чуулганд оролцогчид зорилтоо биелүүлэх бүрэн боломжтой гэж таамаглаж байлаа.

Эрчим хүчний зохицуулах хорооноос сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих 30 төсөлд зөвшөөрөл олгожээ. Компаниуд олон төсөл хэрэгжүүлэхээр зэхэж буй ч тэдэнд эрчим хүчний системийн нэвтрүүлэх чадвар бага, ам.долларын ханшийн зөрүү гэсэн бэрхшээл тулгарсан байна. Тус хорооны гишүүн Д.Бассайхан “Компаниудад сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхдээ системд цахилгаан нийлүүлэх техникийн боломж, эрэлтээ судалж бай гэж хэлдэг. Зах зээлээ судалж байж төсөл хэрэгжүүлэх ёстой” гэсэн юм. Нарны цахилгаан станц барих долоон төсөл хэрэгжүүлэгчид эрчим хүчээ нэг кВт/цагийг нь 9.5-12 центээр нийлүүлэх гэрээг тэднийхтэй байгуулжээ. Өөрөөр хэлбэл, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд зааснаас бага үнээр цахилгаан нийлүүлэх гэрээ хийсэн хэрэг. Д.Бассайхан “Нарны цахилгаан станц барих технологийн өртөг хямдарсан нь компаниудад тарифаа бууруулах боломж олгож байгаа” гэж тодотгосон.

УИХ Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхэлсэн. Хуульд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхэд үнэ тарифаар өрсөлдөх зохицуулалт хийж буй гэнэ. Анх баталсан хууль бол сэргээгдэх эрчим хүчийг өндөр үнийн хөшүүргээр дэмжин, хөгжүүлэх бодлого агуулж байсан. Тэгвэл өдгөө өрсөлдөөний зарчимд шилжүүлж буй нь сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжлийн шинэ шатанд гарсныг харуулж байгаа юм. Цаашлаад сэргээгдэх эрчим хүчний томоохон эх үүсвэр барьж, цахилгаан экспортлох ч боломж байгааг чуулганд оролцогчид дурдсан. Монголын нар, салхины нөөц тераваттаар хэмжигдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэж энэ салбарынхан ам бардам ярьдаг юм. Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран Зүүн хойд Азид сэргээгдэх эх үүсвэрээр үйлдвэрлэсэн эрчим хүч экспортлох боломжийг судалж буй. Уг судалгаагаар том хэмжээний сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барьж, Зүүн хойд Азийн орнуудад цахилгаан нийлүүлэхэд эдийн засгийн үр ашиг, техникийн боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. Гүйцэтгэсэн компани нь судалгааныхаа дүгнэлтийг удахгүй олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулах гэнэ. Нэгэнт судалгааны дүгнэлт нааштай гарсан учраас хувийн хэвшлийнхэн нэгдэж, шинэ зах зээлд тоглохоор шулуудсан бололтой. Чуулганы үеэр олон компани “Говийн цэвэр эрчим хүч нэгдэл”-д багтахаар гарын үсэг зурсан. Эрчим хүчний салбарын төрийн бус байгууллага, компаниуд говийн бүс дэх сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортлох зорилгын дор ийн нэгдэв. Тус нэгдэлд “Оюутолгой”, “Эрдэнэс Монгол”, “Монхорус интернэшнл”, “ЭйБиБи Монголиа”, “Аспайр майнинг”, “Их говь энержи”, “Сайншанд салхин парк” компани, Монголын бизнесийн зөвлөл, “Азийн супер сүлжээ Монгол нийгэмлэг”, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг төрийн бус байгууллага багтсан юм.

“Олон улсын шинэ эрчим хүчний чуулган”-д АBB группийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга (“ЭйБиБи Монголиа”) С.Эрхэмбаяр ухаалаг хот, “Наанаво” группийн дэд ерөнхийлөгч Тони Фидди хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх талаар танилцуулга хийсэн нь оролцогчдын сонирхлыг татсан. АВВ групп нь Монголын зах зээлд автомашиныг цахилгаанаар цэнэглэх төхөөрөмж санал болгохоор зэхэж байгаа аж. Цахилгаан машины хэрэглээ хүрээгээ тэлж, ашиглах боломж улам нэмэгдэх болжээ. Тодруулбал, долоон минут цэнэглээд, 400 км зам туулах боломжтой болсон байна. Хос хөдөлгүүрт буюу хайбрид машин 100 км-т дунджаар 5.5 литр шатахуун зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, ийм зай туулахад 10 мянган төгрөгийн зардал гаргадаг гэсэн үг. Тэгвэл цахилгаан машин үүнээс тав дахин бага зардал гаргах аж. С.Эрхэмбаяр “2030 он гэхэд шинээр үйлдвэрлэсэн машины 50 хувь нь цахилгаан болно. Улаанбаатарт 100 мянган цахилгаан машин хэрэглээнд нэвтрүүлэхэд эрчим хүчний 100 мВт-ын хүчин чадал шаардлагатай болох тооцоо бий. ОХУ-аас шатахуун авдаг байсан олон сая ам.доллар дотоодод үлдэнэ” гэж ярив. Тэрбээр “Нийтийн тээврийн 1000 орчим автобусыг цахилгаан хөдөлгүүртэй болгох хэрэгтэй. Нийтийн тээврийн компанийн зардлын 80 хувийг шатахуун эзэлдэг. Тиймээс цахилгаан хөдөлгүүртэй болговол ашигтай ажиллана” хэмээн нэмж хэлсэн юм.

Тэгвэл Тони Фидди хог хаягдлаас эрчим хүч гаргах төслөө манайханд санал болгож байгаа аж. 120 тонн хог хаягдлаас долоон мВт эрчим хүч гаргаж авах боломжтой гэнэ. Тэдний групп Улаанбаатарт 40 мВт-ын хүчин чадалтай хог хаягдлын цахилгаан станц барих боломжтой гэж үзэж буй. Ингэснээр хүлэмжийн хий ялгарлыг жилд 600 кг-аар багасгах боломж бүрдэх юм байна. Улаанбаатар хот жилд нэг сая гаруй тонн хог хаягдлыг булдаг гэсэн статистик бий. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны санаачилгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Даян дэлхийн байгаль орчин, стратеги судлалын хүрээлэнгийн дэмжлэгтэй эл үйл ажиллагааг зохион байгуулсан. Уг чуулган цэвэр эрчим хүчинд суурилсан “ногоон” ирээдүй айсуйг ийн илтгэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)