Ногдол ашиг хуваарилах компанийн тоо нэмэгдэв

Монголын хөрөнгийн бирж өчигдөр I-III ангиллын 24 компанийн 470 884 ширхэг хувьцааг 98.7 сая төгрөгөөр арилжлаа. Тэдгээрээс 10-ынх нь хувьцааны ханш өссөн бол наймынх нь буурч, үлдсэнийх нь тогтвортой байв. Топ-20 индекс өмнөх өдрөөсөө 1.23 хувиар дээшилж 21 835 нэгж, зах зээлийн нийт үнэлгээ 2.55 их наяд төгрөгт хүрчээ.

Энэ өдөр “Талх чихэр” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.9 хувиар дээшилж, нэгж нь 21 840 төгрөгт хүрлээ. I ангилалд бүртгэлтэй тус компани нэгж хувьцаанд 200 буюу нийт 204.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар ТУЗ нь шийдвэрлэжээ. Үүнийг ирэх долдугаар сарын 1-нээс компанийнхаа байранд мөнгөн хэлбэрээр олгох юм байна. 

Мөн “Мах импекс” компани нэгж хувьцаанд 120 буюу нийт 456 сая төгрөгийн ногдол ашиг олгох нь. Ногдол ашгийг аравдугаар сарын 1-нээс өөрийн байранд мөнгөн хэлбэрээр өгөх аж. Түүнчлэн “Монгол шуудан” 2018 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 4.7 буюу нийт 468 сая төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн гэнэ. Ирэх тавдугаар сарын 1-нээс Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дэх хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болжээ. Үүнээс өмнө “Говь”, “Баянтээг”, “Хөвсгөл алтан дуулга” компани ногдол ашиг хуваарилахаа мэдэгдсэн юм.

Ташрамд дурдахад, Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн онд анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 136 компанийн 666.8 сая ширхэг хувьцааг 210 тэрбум төгрөгөөр борлуулжээ. Мөн 332.8 мянган ширхэг ЗГҮЦ-ыг 33.5 тэрбум, компанийн 6.3 мянган ширхэг бондыг 631.6 сая төгрөгөөр гээд нийт 244.1 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Тус биржийг үүсгэн байгуулснаас хойших хугацаанд өнгөрсөн жил хамгийн олон буюу таван шинэ, нэг нэмэлт үнэт цаас бүртгэж, анхдагч зах зээлд нийт 31.4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн дүн гарчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)