Нобелын энхтайвны шагналд хүний эрхийн төлөө тэмцэгчид, бас Интернэт нэр дэвшив

 “International Pen” хүний эрхийн байгууллагын АНУ дахь салбар өдгөө шоронд хоригдож байгаа Хятадын тэрс үзэлтэн Лю Сяобогын нэрийг Нобелын энхтайвны шагналд нэр дэвшүүлж байгаагаа зарлаж, Норвегийн Нобелын шагналын хороонд мэдэгдсэн. Тус байгууллага Лю Сяобог “Хүний эрх, улстөрийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө тэмцэлд онцгой хувь нэмэр оруулсан” хэмээн дүгнэжээ. Хятадын шүүх өнгөрсөн Зул сарын баяраар Люд 11 жилийн хорих ял оноосон. Лю Хятадын коммунист намыг шүүмжилж, улс төрийн эрх чөлөө олгох, ардчилсан шинэтгэл хийхийг уриалсан “Тунхаг-08” өргөх бичгийг боловсруулахад оролцсоныхоо төлөө хорих ял авсан юм.
Лю Сяобо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн дээдлэгч  “International Pen” олон улсын байгууллагын Хятад дахь салбарын гишүүн. Тэрс үзэлтний нэрийг Нобелын шагналд дэвшүүлсэн нь Бээжинд таалагдсангүй. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ма Жаозу “Энэ мэт хүмүүс Нобелын шагнал авах нь туйлаас зохимжгүй зүйл” гэжээ.
“International Pen” байгууллага “Түүний нэрийг Нобелын шагналд дэвшүүлсэн захидалд манай байгууллагын гишүүд, Салман Рушид, Филип Рот, Ха Жин зэрэг алдартай зохиолчид гарын үсгээ зурсан” гэлээ.
Түүнээс гадна энэхүү нэр хүндтэй шагналд ОХУ-ын хүний төлөө тэмцэгч Светлана Ганнушкина нэр дэвшээд байгаа бөгөөд иргэдийн санаачилгаар технологийн гайхамшигт ололт, хүний гурван том нээлтийн нэгд тооцогдож байгаа “Интернэт” мөн дэвшээд байна. С. Ганнушкина “Хүний эрхийн төлөө тууштай тэмцэгчидтэй хамт нэрлэгдсэнээ сонсоод их сандарч байна” гэж АР агентлагт өгсөн яриандаа өгүүлжээ     
 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)