Н.Номтойбаяр: МАН ахмадууддаа ач хүү шиг нь байна гэсэн зарчим баримталж ажиллана

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ирэх дөрвөн жилийн хугацаанд Монголын ахмадын холбоотой хамтарч ажиллахаар боллоо. Тодруулбал, өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар нар 2016-2020 он хүртэл хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, гэрээ байгууллаа.

Уг санамж бичигт:

  1. Төрөөс ахмад настны талаар баримталж буй бодлогыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах;  
  2. Төрөөс ахмадын талаар авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах;
  3. Нийгмийн харилцаанд ахмад настны хөгжил, оролцоог нэмэгдүүлэх,  эрүүл насжих, нийгэм, олон нийт, гэр бүлийнхээ дунд эрх тэгш амьдрах ээлтэй орчныг бүрдүүлэх, нийгэмд насжилтын талаар эерэг хандлага, зан байдлыг бий болгох нөлөөллийн ажлыг зохион байгуулахад олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах;
  4. Ахмад настны талаар судалгаа, мэдээллийн сан бүрдүүлэх;
  5. Засаг захиргааны нэгж, байгууллага бүрт ахмадууд чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх, сурч хөгжих, биеийн тамир, спорт, урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах хөгжил, үйлчилгээний Ахмадын өргөө, хөгжлийн төвийн тоог нэмэгдүүлж, төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшлийн салбартай хамтран ажиллаж тэдгээрийн үйл ажиллагааг тогтмолжуулах;
  6. Олон улсын ахмадын өдөр, цагаан сарын шинийн нэгэн, бусад тэмдэглэлт өдрүүдээр ахмад настанд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж зохион байгуулах;
  7. Ахмад настны чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллана гэж заажээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь дээрх санамж бичигт тусгагдсан асуудлуудыг хангаж ажиллахын тулд Санамж бичгийн хүрээнд жил бүр ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах бөгөөд Санамж бичгийн хэрэгжилтийг хангахад ерөнхий удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэгтэй юм.

Харин Монголын ахмадын холбооноос Төрөөс ахмадын талаар авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах болон Ахмад настны бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж ахмад настан нэг бүрт хүрч ажиллан тэднийг шаардлагатай мэдээллээр ханган, санал сэтгэгдлийг сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах үүргийг хүлээнэ.

Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Монгол Улсын Засгийн газар УИХ-аар 2016-2020 оны хугацаанд ажиллах Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулсан. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт УИХ-ын 2016 оны сонгуульд МАН оролцохдоо ард иргэддээ, ялангуяа ахмадууддаа санал болгож байсан олон асуудлуудыг тусгасан юм. Энэ үйл ажиллагааны хөтөлбөрт МАН ахмадууддаа ач хүү шиг нь байна гэсэн ийм зарчим, бодлогын хүрээнд ахмадуудад тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхээр тодорхой ажлуудыг тусгасан. Тиймээс өнөөдөр Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголын ахмадууд, ахмадуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг төлөөлж Монголын ахмадын холбоо болон тус холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар тэргүүтэй удирдлагууд та бүхэнтэй ирэх дөрвөн жилд ХНХЯ буюу Засгийн газартай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлээд гэрээнд хүлээх эрх үүргүүдийн дагуу талууд үйл ажиллагаандаа даруй орно. Засгийн газар байгуулагдаад 100 гаруй хоногийн хугацаа өнгөрөхөд бид хоёр талаасаа гэрээний төсөл дээр ажиллахын сацуу ахмадууддаа олгох “Насны хишиг”-ийн талаар санал солилцож, тооцоо судалгааг хамтдаа хийсэн юм. Монголын ахмадын холбооны хүсэлтээр бид 65 ба түүнээс дээш настай ахмадуудад насны хишиг олгож байх санал гаргасан. Үүний дагуу дөнгөж сая УИХ-аар эцсийн хэлэлцүүлгийг хийж өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ахмад настнуудын нийгмийн хамгааллын тухай хуулиар дөнгөж сая батлагдлаа. Маргааш буюу 11 дүгээр сарын 11-ний билэгт сайн морин цагт Ахмад настны тухай хуулиа УИХ-ын даргад өргөн барьж, улмаар УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо. Энэ хууль нь ахмадуудын захиалгаар бий болсон гэж хэлж болно. Тэднийхээ санал хүсэлтийн дагуу тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан байгаа юм.   

Харин Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Юуны өмнө Монголын ахмадын байгууллагад итгэл хүлээлгэж бидэнтэй хамтарч ажиллах гэрээ байгуулж Засгийн газрын тогтоол гаргаж өгсөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нарт Монголын нийт ахмадуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)