НМХГ: Кильканаас долоон хос хөлтэй шавж гарч иржээ

"Свийтрөүд" компанийн импортолдог кильканаас маш том амьтан гарч ирсэн талаар иргэн О Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ханджээ. Гомдлын дагуу тус компанид шалгалт хийсэн байна.

Хяналт шалгалтаар "Свийтрөүд" компанийг “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн худалдсан” гэж үзэн таван сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

Тус компанийн импортлосон бүтээгдэхүүнээс гарсан шавжийг тодорхойлоход цайвар бор өнгийн 3.8-4 см урттай, 1.5 см өргөнтэй 7 хос хөлтэй, 1 хос тэмтрүүлтэй, 11-12 сигменттэй зууван хэлбэрийн шавж үхсэн байдалтай илэрсэн аж. "Anylocra" хэмээх тус шавж нь загасны гадна хайрсанд бэхлэгдэн шимэгчилдэг юм байна.

"Свийтрөүд" компани нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан улсын байцаагчийн оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ.

Гурван шатны шүүхээс  байцаагч Ц.Идэрбатын гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хэмээн шүүх үзэж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (4)