Н.Лүндэндорж: Шүүхийн шинэтгэлээ хамгаалж, бэхжүүлэхийг иргэд захиж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж энэ сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзах үеэрээ  ярилцлага өгснийг хүргэж байна.

-Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзалт хийснийг шүүх нээлттэй байгаа, шинэтгэл амжилттай яваагийн илрэл гэж харж байгаа. Таны хувьд энэ удаагийн уулзалтыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Сэлэнгэ аймгийн шүүхэд ажиллалаа. Дараа нь сэлэнгийнхэнтэй уулзаж шүүхэд ямар учраас шинэтгэл хийх болсон, энэ шинэтгэл айл гэрийн амьдралд ямар ач холбогдолтойг тайлбарлалаа. Зөвхөн сэлэнгийнхэн биш, 21 аймгийн иргэдэд энэ тухай тайлбарлаж байгаа юм. Ер нь Монголын шүүхийн шинэтгэл иргэдэд хүрсэн байна. Иргэд олон нийт шинэтгэлийг мэдэрсэн байна. Цаашид шүүхийн шинэтгэлийг улам бүр хамгаалж, бэхжүүлээрэй гэдгийг олон нийт хэлж байна. Монголын шүүхийн шинэтгэл олон нийтийн дунд нэгэнт орсон, том хөдөлгөөн болсныг сэлэнгийнхнээс олж харлаа.

-Иргэд шинэтгэлээ өргөжүүлээрэй, улам бүр хөгжүүлээрэй гэж захисан гэлээ. Ер нь шинэтгэлийг цаашид ямар байдлаар үргэлжлүүлэх вэ?

-Шинэтгэлийг тийм стандарт, технологиор явуулна гэсэн дэлхий нийтийн жор байхгүй л дээ. Гэхдээ тухайн улс орнууд шинэтгэл хийхэд ямар асуудал нэгдүгээрт байна вэ, хөгжил соёлынх нь түвшин ямар байгаа вэ гэдгийг судалдаг. Үүнтэйгээ уялдуулж, үүссэн асуудалтайгаа холбож байгаад шинэтгэлийг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлдог. Бид шинэтгэлийн том, том сууриудыг маш сайн тавьж чадсан. Цаашдын шинэтгэл энэ суурин дээрээ тулгуурлаж чимэглэлийн шинж чанартай засах, сайжруулах, боловсронгуй болгох, хөгжүүлэх чиглэлийнх байх хэрэгтэй гэж харж байгаа.

-Дэлхийн чиг хандлагатай харьцуулахад манай улсын шүүх, хууль хяналтын байгууллагын тогтолцоо ямар түвшинд байгаа бол?

-АНУ-ын шүүх гэхэд бие даасан, хараат бус байдал нь хэтэрчихсэн гэж дэлхий нийтийн судлаачид үздэг. Хүний насжилтаар бол тэндэхийн шүүх 50, 60 нас хүрчихсэн гэе. Тэгвэл манай Монголын шүүх дөнгөж хөлд орж байх жишээтэй. Ингэж харьцуулбал манай шүүх залуугаараа байна. Социализмд олон жил нухлагдсан, хараат шүүхтэй байсан учраас өнөөгийн олон үнэ цэнэтэй зүйлүүдийг Монголын хөрсөнд тогтооно гэдэг гурав, дөрөвхөн жилд хийчих ажил биш л дээ. Гэхдээ ижил гараатай, социализмын дараах орнуудтай харьцуулахад манай шүүхийн шинэтгэл түрүүлж явааг олон улсын шинжээчид дүгнэсэн. Тиймээс манай шүүхийн шинэтгэл олон улсын жишигт нийцсэн гэж үзэж байгаа. Ялангуяа шүүхийн тоног төхөөрөмж, дэд бүтэц дэлхийн жишигт ойртлоо. Шүүх маш сайн цахимжлаа. Дэлхийн аль ч улсын шүүх, эрдэм шинжилгээний байгууллагатай онлайнаар холбогдох боломж бүрдсэн. Ховд аймагт явж байгаа хүнийг ирснийх нь дараа шүүх хуралдаан хийнэ гэж хүлээх шаардлагагүй болсон шүү дээ. Тухайн хүнийг Ховд аймгийн шүүхэд аваачаад онлайнаар шүүх хуралдаанд оруулж байх жишээтэй.

-Тэгвэл Сэлэнгэ аймгийн шүүхийн байгууллагыг бусад аймгуудынхтай харьцуулахад ямар дүгнэлт өгөх вэ?

-Статистик үзүүлэлтүүдийг нь харахад бусад аймгуудын шүүхтэй жишиг нэг явж байна. Өнөөдөр "Сэлэнгийн долгио” чуулгын зааланд шүүхээс үйлчилгээ авсан, шүүхийг сонирхсон, хамгийн идэвхитэй иргэд цугласан гэж үзэж байгаа. Энд ирсэн 600 шахам хүнээс "Танай тийм шүүгч ийм шударга бус шийдвэр гаргасан. Ингэж намайг хохироосон” гэж нэг ч хүн хэлсэнгүй. Харин ч бусад хууль хяналтын байгууллагад хоёр, гурван жил хэлмэгдэж явахад минь шударга шүүх хамгааллаа гэж хүн баярласнаа илэрхийлж байна. Энэ бүхнээс үзэхэд Сэлэнгэ аймгийн шүүх шинэтгэлийн бодлогыг сайн хэрэгжүүлж, олон нийтээсээ сайн үнэлгээ авч байгаа юм байна гэж дүгнэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)