Н.ЛҮНДЭНДОРЖ: ХАРААТ БУС, ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАХ СЭТГЭЛ, ЧАРМАЙЛТ ШҮҮГЧДЭД БИЙ БОЛСОН

Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны болон философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндоржтой шүүх, шүүгчдийн асуудлаар ярилцлаа.

-Удахгүй улсын төсөв хэлэлцэнэ. Шүүх бие даасан хараат байдлаа хадгалж, үйл ажиллагаа явуулахын тулд ШЕЗ-өөс төсвийг нь өргөн барьдаг. Гэвч УИХ-аар хэлэлцэхээс өмнө Засгийн газрын нэг яам орж ирээд хасаж, танадаг жишиг тогтоод байгаа шүү дээ. Энэ жил бас тэгэх л байх даа. Уг нь шүүхийн тухай хуульд зааснаар ШЕЗ УИХ-д шууд өргөн барина гэсэн байгаа шүү дээ.

-Шүүхийн эдийн засаг аажмаар сайжирч байна. Энэ нь Шүүхийн тухай багц хуулийн хамгаалалт, хэрэгжилтийн үр дүн юм. Сүүлийн 20 жилд шүүхийн төсөв улсын төсвийн 0.4 орчим хувь байлаа. Одоо 0.8 хувьд хүрсэн байгаа. Энэ бол чамлахааргүй дэвшил. Сангийн яаманд зовлон байдаг л байх. Гэхдээ хууль дээдлэх, биелүүлэх үүрэг бүхнээс чухал. Багц хуульд шүүхийн төсвийг өмнөх жилээс бууруулж болохгүй гэсэн хамгаалалт байгаа учраас шүүхийн төсвийг 2015 онд өмнөх жилийн түвшинд төлөвлөсөн. Төсвөө УИХ-д шууд өргөн мэдүүлнэ гэсэн хуулийн заалттай хэдий ч цааших процессыг нь хуульчлаагүй учраас энэ заалт хэрэгждэггүй. Бид зөвхөн өргөн мэдүүлдэг. ШЕЗ хууль санаачлагч биш учраас бидний өргөн мэдүүлсэн төслийг УИХ тэр бүр хэлэлцэх бололцоогүй. УИХ хууль санаачлагч-Засгийн газрын төслөө хэлэлцээд явдаг. Тийм байхаас өөр аргагүй.

-Тэгэхээр цаашид яах ёстой болж байна?

-Шүүхийн төсвийг төсөвлөдөг, өөр эрх мэдлийн байгууллага дур мэдэн бууруулдаггүй байх, улсын төсөвт нэгтгэх процессыг нарийвчлан хуульчлах шаардлагатай. ШЕЗ үүнийг судалж, санал, төсөл боловсруулж байгаа.

-Үндсэн хуульд Шүүхийн эдийн засгийн баталгааг төр хангана гэсэн байдаг. Төр хангаж чадаж байна уу. Төр, ШЕЗ-ийн хэн нь Үндсэн хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхгүй байна вэ. Цэцэд хандаж асуудлыг шийдвэрлүүлж болохгүй гэж үү?

-Их чухал асуудал хөндлөө. Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт тэгж заасан. Эдийн засгийн баталгааг хангана гэдэг нь ердийн, шууд утгаараа “хангалттай” байх гэсэн утгатай. Гэхдээ хангалттай байна гэдэг нь бас харьцангуй ойлголт. Гэвч үүнийг тайлбарлаж болно. Шүүгч нь хүний гар харж амьдардаггүй, цалингаараа эн тэргүүний хэрэгцээгээ хангадаг, өөрийн асран хамгаалалтад байгаа үр хүүхдээ асран тэтгэх бололцоотой, шүүхийн байгууллага нь төрийн бусад эрх мэдлийн байгууллагаас эдийн засгийн хувьд хараат бус, автономи байж, шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулах бололцоотой байх тухай юм.

-Тэгвэл одоо тийм байж чадаж байна уу. Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангаж чадахгүй байгааг харуулах олон жишээ байна шүү дээ. Тухайлбал, шүүх үүдийн ажиллаж буй байр гэхэд хот, хөдөөгүй хэцүү байна шүү дээ. Энд шүүхийн захиргааны байгууллага анхаарал тавьж чадахгүй байна гэж ойлгож болох уу?

-Асуудал, бэрхшээл цөөнгүй ч байдал дээрдэж байгаа. Шүүгчдийн бараг 60 хувь нь 3-5 төрлийн зээлтэй, шүүхийн байр байшин, шүүх хуралдааны танхим хүрэлцээгүй. Жишээ нь, би саяхан эрүүгийн, иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхээр очлоо. Шүүх хуралдааны хоёрхон танхимтай, тэр хоёрт нь зөвл өлдөх тасалгаа алга. Зөвлөлдөх тасалгаа бол шүүх хэвийн ажиллах эн тэргүүний хэрэгцээ. Бас шаардлага. Бид засаг, төрийн байгууллагын акталсан, нураах гэж байгаа байрыг гуйж, гувшиж аваад засаж янзалж шүүхээ байршуулж байна. Цөөнгүй шүүх түрээсийн байранд байна. Шүүхийн байранд өөр байгууллага байх ёсгүй гэсэн хуультай. Гэвч цөөнгүй шүүх өөр байгууллагатай нэг дор ажилладаг. Бид шүүхийн шинэ байрны зургаа хийчихээд хүлээгээд л суугаа. Хэзээ байшин болохыг хэлж мэдэхгүй. Уг нь хэлэх хүн нь би юм. Байдал ийм л байна. Харин цалин нэмснээр шүүгчдийн өрийн дарамт нимгэрч, шүүгч хараат бус, хариуцлагатай ажиллах сэтгэл, чармайлт бий болсон нь ажиглагддаг.

-Та миний асуултад бүрэн хариулсангүй. Үндсэн хуулийн заалтыг тэгээд та болон танай байгууллага хэрэгжүүлэхгүй байна уу. Эсвэл УИХ, Засгийн газар уу?

-Үндсэн хуулийг дээдлэх үүрэг иргэнд бус, засаг төрд, түүний дотроос парламентад шууд холбогддог асуудал. Шүүхийн хөрөнгө оруулалт 2014 онд “0” дүнтэй, 2015 онд бас тийм байх нь. Шалтгааныг нь эдийн засгийн хямрал гэх. Төсөв батлах, хэлэлцэх процессыг би өнг өрс өн жил чамгүй сайн судалж, ажигласан. Ажигласан зүйлээ улам сайн судалж, хожим ард түмэнтэй хуваалцана. Засах зүйл их юм билээ. Төсөв хэлэлцэх үед буруутныг тодруулж, шүүхийн төсөвт асуудал үүсгэхгүйн тулд эдийн засгийн хүндрэл рүү чихсэн нь дээр биз дээ.

-Та нэлээд эртнээс, ойролцоогоор 10 гаруй жилийн өмнөөс шүүхийн шинэчлэлийн талаар дуугарч байсан. Шүүхийн шинэчлэл хийхийн тулд УИХ хуулийг шинэчиллээ. Та ч энэ албан тушаалд томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Шинэчлэл хэрхэн явж байна вэ. Шүүх, шүүгчдийн нэр хүнд дээшилж байна уу?

-Шүүх цогц эрх зүйтэй боллоо. Үүний ач холбогдлыг үнэлж баршгүй. Эрх зүйгүй үед тэр орон зайг дур зоргоороо байдал эзэлдэг жамтай. Шүүгчдэд хараат бус, хариуцлагатай ажиллая гэсэн сэтгэл зүтгэл бий боллоо. Үүнээс чухал зүйлийг би нэрлэж чадахгүй. Үүнд итгэхгүй хүн байвал хөндлөнгийн байгууллагаар шударгаар судлуулаад үзээрэй гэж хэлье. Шүүхийн эдийн засаг хоёр дахин сайжирлаа. Үүний үр дүнд Монголын бүх шүүх шилэн кабельд холбогдож, зайнаас хуралдах, сургалт явуулах, шүүх хуралд оролцох техникийн бололцоо бүрдлээ. Саяхан Төв аймаг дахь шүүх хуралд Ховд аймагт цагдан хорионд байсан хүнийг зайнаас оролцуулж шүүх хурал хийлээ. Болж байна. “Шүүхийн дата төв” байгууллаа. Үүний үр дүнд Монголын бүх шүүхийн хэргийн хөдөлгөөнийг ажиглаж, зохицуулалт хийх, бодлого тодорхойлох, бүхэлдээ хэргийн хөдөлгөөнийг удирдах нөхцөл бүрэлдсэн. Эдгээрийн үр дүнд Монголын шүүх e-court болох нөхцөл бүрдлээ. Одоо дэлхий үүгээр шүүхийн хөгжлөө хэмжиж байна. Бас нэг чухал үр дүн бол шүүх нээлттэй болчихлоо. Энэ мэт олон зүйлийг хэлж болохоор байна.

-Надад тодруулах зүйл байна. Шүүх нээлттэй боллоо гэж олонтаа сонслоо. Чухам энэ яг юуг хэлээд байна. Формал зүйл биш биз?

-Формал зүйл биш. Маш тодорхой шалгууртай зүйл. Монголын шүүх нээлттэй болсон. Энэ бол маш том амжилт. Шүүх нээлттэй, эсэхийг нэгдүгээрт сонирхсон этгээд шүүх хуралдааныг биеэр ажиглах бололцоо бүрдсэн эсэхээр, хоёрдугаарт шүүхийн шийдвэрийг олон нийт үзэх, унших, судлах бололцоогоор, гуравдугаарт болоод өнгөрсөн шүүх хуралдааныг дуу, дүрсээр сэргээн үзэх бололцоогоор хэмждэг. Энэ бүх бололцоо Монголд бүрдсэн.

-Ажиглах бололцоо гэж юуг хэлээд байна вэ?

-Шүүхийн 41 байрны үүдний хэсэг болон нэгд үгээр давхарт олон нийтэд зориулсан хэсэг бий болсон. Тэнд шүүх хуралдааны танхимтай холбосон дэлгэцээр шүүх хуралдааныг шууд үзэж ажиглахыг хэлээд байна. Хоёрдугаарт, www.shuukh.mn гэсэн шүүхийн шийдвэрийн цахим санд шүүхийн шийдвэр бүрийг албан ёсны болмогц тавьж байгаа. Энэ цахим сан руу өдөрт 7000-8000 хүн хандаж байна. Өдөрт ийм олон хүн ханддаг төрийн ямар ч цахим сан Монголд байхгүй. Энэ бол шүүгчийн “бүтээл” олон нийтийн хяналтад орсны илрэл. Шүүгч муу шийдвэр бичих эрхгүй болж байгаа гэсэн үг. Одоохондоо сайн анзаарахгүй байж мэднэ. Мөдхөн шийдвэрийг олон нийт судлан хэлэлцэх болно. Шүүгчийн шийдвэрт эрдэмтэд шүүмж бичиж эхэллээ. Гуравдугаарт, улсын хэмжээнд шүүх хуралдааны 99 танхимд дуу, дүрс бичлэгийн төхөөрөмж тавилаа. Шүүх хуралдааны бичлэгийг бүрэн хийж, хадгалж, архивлаж байна. Сонирхсон этгээдэд хуулбарлан өгдөг. Үүнийг л шүүх нээлттэй боллоо гээд байгаа юм.

-Таныг энэ албанд томилогдсоны дараа янз бүрийн л хэл ам гарах болсон. Шавь Х.Тэмүүжин, Ч.Өнөрбаяр нарынхаа татаасаар энэ албанд очлоо гэх мэтээр.

-Монгол Улсын Ерөнхийлөгч энэ ажлыг санал болгож, судалж, ярьсан зүйлээ ажил хэрэг болгоход гар бие оролцохгүй юу гэхэд нь би Ерөнхийлөгчид нэг зүйл хэлснээ давтъя. “Ерөнхийлөгч өө, надад их сургуулийн профессороос өөр том албан тушаал харагдахаа больсон” гэж. Би албан тушаалд хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй, албан тушаал надад чухал биш гэж хэлж чадсан юм шүү. Тийм учраас шавь нараасаа гуйж гувшаад байх шаардлага байгаагүй. Энэ албан тушаалд ирэх гол нөлөө нь шүүхэд шинэтгэл хийх санааг хөндөж, үзэл баримтлалын шинжтэй асуудлыг дэвшүүлсэн нь гэж үзэх нь шударга. Одоо ч би багшилж байна. Үүн шиг эрх чөлөөтэй, жаргалтай, буянтай ажил энэ хорвоод даанч байхгүй. Тийм учраас Монголын шүүхийн төлөө өөрийгөө зольж байгаа хүн гэж боддог. Юун яасан татуулж, шунах. Надад тэгэх эдийн засгийн, улс төрийн, нэр төрийн хэрэгцээ байхгүй. Юу үнэн. Энэ үнэн. Чи “Цонхон дээр суусан хүн” гэсэн хэллэг дуулсан уу.

-Дуулаагүй. Юу гэсэн үг юм.

-“Айдгаа авдартаа хийсэн хүн” гэсэн нэг үг байдаг даа, түүнтэй санаа нэг. Цаг хугацааны хүчин зүйлийг үнэлсэн үг л дээ. Зарим ажил албыг залуу хүн хийхэд хэцүү л дээ.

-Цонхон дээр хэр удаан суудаг юм бэ, тэр хүмүүс.

-Яасан хэцүү асуулт вэ. Уддаггүй гэвэл бас болохгүй. Удаан гэвэл бас зохимжгүй. Хүссэнээрээ суудаг гэвэл дөхөх юм уу.

-ШЕЗ-ийн үйл ажиллагаанд зарим шүүгч шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж олон нийтийн цахим хуудсаар бичиж байсан. Түүний хэлснээр Шүүгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр сэлгүүлж байгаа нь нэг ёсны “чих хатуу нөхдийн чихийг зөөллөж” байгаа хэрэг мөн үү?

-Шүүмжлэлийн гадна төрийн байгууллага байвал тэр нь өөрөө асуудалтай. Таныг хүмүүс шүүмжлэхээ боливол, таны удирдлагад байгаа хүмүүсийн дийлэнх таныг дэмжээд байвал та ажлаа өгөх цаг болсны дохио гэсэн нэг үг байдаг. Тийм учраас шүүмжлэл хэрэгтэй. Би шүүмжлэлд ингэж ханддаг. Чих зөөллөх тухайд тийм юм байхгүй дээ. Айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр асуудалтай хүнд янз янзын л бодол төрж мэднэ. Зарим оронд шүүгчдийг тодорхой хугацааны дараа бүр дасан зохицохоос сэргийлж зориуд сэлгэдэг. Шүүхийн шинэ зохион байгуулалтын үед шүүгчээс асуулгүй шүүхийн эрх ашгийн үүднээс 90 гаруй шүүгчдийг байр сэлгүүлсэн. Байсан газраасаа та явах уу гэвэл хэн ч явахгүй гэнэ. Хууль, шүүхийн эрх ашиг тийм байсан. Шүүхийн түүхэнд ховор тохиолдох үзэгдэл.

-Шүүгчдийн цалин нэмэгдсэн л гэдэг. Анхан шатны шүүхийн шүүгчдийн цалин нэмэгдсэн болохоос Улсын Дээд шүүхийн шүүгчдийн цалин нэмэгдсэнгүй гэх хүмүүс ч байна. Ер нь Дээд шүүхтэйгээ ямар харилцаатай байна вэ?

-Цэцийн гишүүн, бүх шатны шүүгчдийн цалинг хуулиар зохицуулна гэсэн хуультай. Энэ нь өөр актаар тогтоох нь эрсдэлтэй гэж, тогтвортой, эрх зүйн эрэмбэ дээгүүр хэм хэмжээ буюу хуулиар тогтоож байхаар хуульчилсан нь хараат бус байдлыг нь хамгаалсан хэрэг л дээ. Дээд шүүхийн шүүгчдийн цалингийн хэмжээ одоо хамгийн өндөр нь байгаа. Тэр цалингаа тодорхой шалтгааны улмаас авч эхлээгүй байсан. Эрх зүйн үндэс нь байгаа, мөнгө нь байгаа, өгөх авахад асуудал ер байхгүй гэж надад Дээд шүүхээс хэлсэн. Шүүх, шүүхийн захиргаа хуулиар ямар харилцаатай байх ёстой тэр ёсоор байгаа. Дээд шүүх шүүхийн дээд байгууллага учраас бид илүү хүндэтгэлтэй, хүлээлттэй харилцдаг.

-Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Та хоёрын хол, ойр байгаа эсэхийг олон хүн сонирхдогийг Та нар мэддэг үү?

-Дуулж байсан. Хол юман дээрээ хол, ойр юман дээрээ ойр байдаг. Хил хязгаарын зарчмаа хэн хэн маань мэддэг. Зөрөх тохиолдол бас бий. Тэр хүний туршлага, алсын хараа, хашир зан надад бас хэрэг болдог. Шүүхийн захиргаа шүүн таслах ажилд үл оролцох, шүүхийн захиргааг шүүх орлон хийхийг хуулиар хориглосон шүү дээ. Тийм учраас харилцааны дэг журмыг хуулиар тогтоосон. Энд асуудал байхгүй.

-Өнгөрсөн хавар шүүгчийн туслахууд танайхыг Захиргааны хэргийн шүүхэд өгч байсан. Тэднийг хуульч биш гэж үзсэнээс энэ бүх асуудал эхэлсэн шүү дээ. Хуульч гэж чухам хэн юм бэ. Хуульчийн гэрчилгээ авсан хүн бүр хуульч биш гэж үү?

-Хуульчийн гэрчилгээтэй, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан ажил эрхэлдэг хүнийг хэлдэг. Шүүгчийн шалгалтад ороход гэрчилгээтэй байхаас гадна гурван жил дээрх хуулийн заалтад заасан ажлыг хийсэн байх ёстой.

-Тэр 24 дүгээр зүйлд юу гэж заасан байдаг юм бэ?

-Хууль зүйн зөвлөгөө өгдөг, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулдаг, хянадаг, иргэн хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг төлөөлдөг гэх мэт ажил үйлчилгээг заасан.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж хууль баталчихаад өнөөг хүртэл амьдралд хэрэгжээгүй байна. Манайхан хууль батлахдаа, боловсруулахдаа бусад хуультайгаа уялдаа холбоотой байдлыг нь судалдаггүйгээс ийм байдалд хүрэв үү?

-Хуулийг тайлбарлах онол, арга зүй манай улсад ихээхэн балчир байна. Иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд таслах эрхтэй оролцуулах нь Үндсэн хуульд нийцэхгүй гэж дүгнэсэн. Үүнийг одоо шүүн хэлэлцээд яахав. Бид хуулийг дахин амилуулах төсөл бэлтгэсэн. Тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина. Шүүн таслах ажилд иргэдийн оролцоо ямар нэг хэлбэрээр одоогийнхоос хүчтэй байх нь шударга ёсны шаардлагад нийцнэ.

Г.ЦОЛМОН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)