НИТХ-д тэмүүлсэн 76 зүрх “шархлав”

...Энгүй сайхан түүнд 100 зүрх тэмүүлж

Эцэс сүүлд нь харин 99 нь шархална... Н.Нямдорж гуайн шүлгийн энэ мөр санаанд буугаад болдоггүй. Утга агуулга нь ойрын хоёр өдөр өрнөж буй улс төрийн үйл явдалтай дүйгээд байгаа юм л даа. Эгэлгүй сайхан бүсгүй нь энэ удаа нийслэлийн ИТХ болж байна. Уг “сайхан бүсгүй”-н зүрх сэтгэлийг эзэмдэж, зөөлөн сэнтийд нь тухлахын тулд 100 биш, 314 хүн горилсон юм. 11 нам, хоёр эвслийн болон 19 бие даан нэр дэвшигч байлаа. Гэвч эцэст нь есөн намын 238 хүн л шалгуурт тэнцэж, 76 зүрх “шархалж” үлдэв. Шалгуураа давж чадаагүй, хуулиа мөрдөөгүй бол “уйлаад” үлдэхээс яах билээ. Гэвч хаа хаана л эргэлзээтэй зүйл болчих шиг.

МЭДЭЭГҮЙ ЮҮ, МЭДЭХИЙГ ХҮСЭЭГҮЙ ЮҮ

Уг сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, эсэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор шийдвэрлэнэ. Энэ хугацаа уржигдар дуусаж, нийслэлийн Сонгуулийн хороо ИТХ-д өрсөлдөхөөр болсон хүмүүсийг зарласан нь тэр. Ингэхэд “Тусгаар тогтнол, эв нэгдэл” болон “Эх орончдын нэгдсэн эвсэл” жагсаалтаас хасагдав. Нийслэлийн Сонгуулийн хороо үүний шалтгааныг “Орон нутгийн сонгуульд зөвхөн нам оролцохоор хуульд заасан” хэмээн тайлбарласан. Сонгуулийн хуулийн 14.1-т үнэхээр тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбартай, санал хураалт болохоос 180-аас доошгүй хоногийн өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн нам орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй байхаар заажээ. Тэнд эвсэл, бие даагч гэсэн өөр заалт байхгүй.

Аливаа сонгуульд нэр дэвшүүлэх гэж буй нам, эвсэл эхлээд хуулиа судлах нь зүй ёсны хэрэг. Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх гэсэн 14 дүгээр зүйлийг нийслэлийн ИТХ-д өрсөлдөх гэж буй хэн ч хамгийн түрүүнд унших ёстой. Дээрх хоёр эвслийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийв. Нийслэлийн ИТХ-д эвсэл оролцох заалтыг сонгуулийн хуулиас хассаныг уржигдар л мэдсэн мэт аашилсан. МНН-ын дарга О.Бум-Ялагч “Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулахыг хориглох заалтыг мартчихсан юм чинь энэ мэт алдаа бол зовлон биш байх” гэсэн. Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын төлөөлөгч “Хуулийн 14.1-т нам нэр дэвшүүлнэ гэсэн. Гэхдээ эвсэл нэр дэвшүүлэхийг хориглоно гэсэн заалт байхгүй. Хориглоогүй бол зөвшөөрнө гэсэн үг. Тэгээд ч манай эвсэл мөрийн хөтөлбөрөө нийслэлийн Аудитын газар хүргүүлж хянуулахад юм хэлээгүй.

Хэрэв эвсэл сонгуульд оролцож болохгүй байсан юм бол тодорхой заах ёстой байсан” гэлээ. Бас нэг нь “Аудитын газар тухайн бичиг баримт хуульд нийцэж буй, эсэхийг хянадаг. Тэгээд болно гэвэл Сонгуулийн хороо хүлээн авдаг. Сонгуулийн хороо хууль тайлбарладаг субъект биш” гэв. Бас тэд юмыг яаж мэдэх вэ гээд нам тус бүрээрээ болон эвслээрээ гэсэн хувилбараар материалаа хүргүүлсэн гэнэ. Тэгэхэд нь “Битгий толгой эргүүлээд бай, эвслээрээ л материалаа өг” гэж аудитынхан хэлсэн хэмээн ярив.

Энэ бүх тайлбар тэд хуулиа уншсан, нийслэлийн ИТХ-ын сонгуульд зөвхөн нам нэр дэвшүүлнэ гэснийг мэдэж байсныг батална. Сонгуульд оролцох гэж буй намынхан хуулиа уншаагүй гэвэл итгэх хүн гарахгүй. Тэгээд ч Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга, Удирдах зөвлөлийн гишүүн Л.Цог нар УИХ-ын гишүүн, Сонгуулийн хуулийг хэлэлцэн батлалцсан хүмүүс шүү дээ. Тэгэхээр “Хориглоогүй л бол зөвшөөрсөн гэж ойлгоно” хэмээн зүтгэсэн байна. Тэгчихээд одоо нэг талаар шоу хийж буй хэрэг.

НЭГ Ч БИЕ ДААГЧГҮЙ СОНГУУЛЬ

Энэ бол ямар ч шатны сонгуулийн түүхэнд тохиолдоогүй сонин хэрэг гарцаагүй мөн. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд бие даан оролцохоор 19 хүн материалаа хүргүүлсэн ч бүгд яг ижил шалтгаанаар хасагдчихав. Тэд тухайн нэр дэвших тойргийнхоо 501-ээс доошгүй сонгогчийн дэмжсэн гарын үсэг цуглуулах учиртай. Эрсдэлээ тооцох учраас бүгд л 501-ээс илүү хүний гарын үсэг цуглуулсан байгаа юм. Гэтэл жагсаалтад нь насанд хүрээгүй хүүхэд орсон, эсвэл гэр бүлийнхээ өмнөөс зурсан, бүр “хийсвэр хүн” гаргаж ирсэн гэх мэт зөрчил бүгдэд нь илэрсэн гэх. 13 дугаар тойрогт бие даан нэр дэвших гэж байсан н.Батбаатар “Гарын үсэг цуглуулах ажлыг би багийнхантайгаа гардан хийсэн. 536 хүний гарын үсэг цуглуулсан ч 483-ынх нь зөрчилтэй байна гэсэн.

Ийм өндөр тоогоор зөрчил гарах боломжгүй. Миний материалын ард огт танихгүй, 10 жилийн хүүхдийн бичиг баримт хавсаргаад “Насанд хүрээгүй хүүхдээс гарын үсэг авсан байна” гэсэн. Би гомдолтой байна. Бие даагчид энэ шийдвэрийг эсэргүүцэж нийслэлийн Сонгуулийн хорооны даргатай уулзсан. Тэгэхэд “Ядаж гурван бие даагч оруулахгүй бол эд нар жагсах нь” гэж ярьсан байна. Энэ чинь юу гэсэн үг юм бэ” гэлээ.

19 хүн бүгд хуурамч, хуудуутай гарын үсэг цуглуулсан гэдэг нь үнэмшил муутай сонсогдож байгаа юм. Бас дээрх бие даагчийн ярьсан үнэн бол үнэхээр тэднээс “ах” нар нь эмээж, зохион байгуулалттайгаар хассан ч байж мэдэх нь.

ИЗНН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ АТГ, ТЕГ-Т ӨГНӨ

АН-тай бүх шатны сонгуульд хамтрахаар дээгүүрээ тохирчихсон гэдэг яриа л ИЗНН-ын хувьд үнэн болж байх шиг. УИХ-ын сонгуульд оролцох жагсаалтаас тус намыг хассан, одоо нийслэлийн ИТХ-ын сонгуулиас ч бас мултрав. Үүнийг тус намынхан мөн л эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд хандахаа мэдэгдлээ. Нийслэлийн Сонгуулийн хорооноос тус намыг сонгуульд оролцох тухай шийдвэрээ хавсаргаагүй, нэр дэвшүүлэх ажлын тэмдэглэл байхгүй, нэр дэвшигчдийн жагсаалт зөрүүтэй гэсэн гурван шалтгаанаар хассан юм байна.

Энэ талаар нийслэлийн ИЗНН-ын дарга Ц.Бажий “Бид Сонгуулийн хуулийн 157 дугаар зүйлд заасан холбогдох бүх материалыг нэг бүрчлэн бүрдүүлж явуулсан. Гэтэл Сонгуулийн хороо нэмэлт материал шаардсан. Үүнд нь манай намыг бүртгэхээс татгалзах үндэслэл болсон дээрх гурван материалын талаар огт дурдаагүй байсан” гэлээ. Тиймээс тэд Сонгуулийн хорооны гишүүдийг АТГ, ТЕГ-т шалгуулахаа мэдэгдсэн.

МСДН-ын хувьд нийслэлд салбар хороогүй байсан гэнэ. Тэд ямар нэг хэл ам хийгээгүйг бодоход үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн бололтой.

СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЛТЭЙ

Сонгуульд оролцох боломжгүй болж хасагдсан хоёр эвсэл, нам, бие даагчид бүгд “МАНАН-гийнхан биднээс айж байна. Тиймээс л зохион байгуулалттайгаар уг сонгуульд эвсэл оролцох заалтыг хуулиас хаслаа. Бас материал дутуу зэрэг мэдээллээ цаг тулгаж хэллээ. Зөвхөн өөрсдөө сонгогдох замаа засаж байна” гэж ярьж байсан юм. Ингэж хардах үндэслэл бий. Сонгуулийн хуулиас УИХ хэзээ ч юм нийслэлийн ИТХ-ын сонгуульд эвсэл оролцох боломжийг хасчихсан нь “мартсан” хэрэг биш.

Гуравдагчид, бие даагчдыг шахах тал дээр АН, МАН-ынхан хэзээнээс санал нэгддэг. Тэд замаа засахдаа бас л алдаа гаргажээ. Учир нь Сонгуулийн хуульд зөрчилтэй заалтууд байна. Хуулийн 14.1-т зөвхөн нам нэр дэвшүүлэхээр заасан атлаа 154.2-т бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана гэсэн заалт бий.

Тэгэхээр бие дааж нэр дэвшиж болох байжээ. Мөн нийслэлийн Аудитын газар ч төөрөлдчихөж. Тэд эвслийн материалыг авч, “ОК” гэчихсэний дараа сонгуулийн хороо нь хасаж орхилоо. Эсвэл энэ бүхэн зориуд цаг хожих “ах” нарынх нь арга саам байв уу. Түүнчлэн нам, эвслүүд нь ч хуулиа сайн судалсангүй. Ийм л холион бантан болчихож.

ИЗНН болон бие даагч нар Захиргааны хэргийн шүүхэд хандахаа мэдэгдсэн бол эвслийнхэн эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдэнэ лээ. Нийслэлийн парламентын сонгууль нэг иймэрхүү, “зодоонтой” үргэлжилж байна.

СОНГУУЛИЙН ХУУЛИАС: 14 ДҮГЭЭР ЗҮЙЛ.
ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭРХ

14.1. Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй.
ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ
НАМ ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ
154.2 Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)