Нисэх дуртай “Нисдэггүй Голланд”


Голландын хөлбөмбөгт “Алтан үе” гэж бий. Тус улсын шигшээ багийг 90-ээд онд авч явсан улсыг ингэж өргөмжилдөг хэрэг л дээ. Тэдний нэг бол Деннис Бергкамп юм. Огцом хурдтайн дээр гайхалтай техниктэй. Мэдрэмж гэж биширмээр. Энэ бүх явьяасынхаа дэмээр тэрбээр дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг болж чадсан билээ. Гэвч Буурал тив болон дэлхийн хэмжээний шагналыг хэзээ ч хүртэж байсангүй. Яагаад гэж үү? Азгүй л байхгүй юу. Халзангуудын арми болох Роналдо, Зиданы эринд төрчихсөнөөс тэр. Олон улсын хөлбөмбөгийн холбооны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналд хоёр ч удаа нэр дэвшээд дээрх хоёрт ялагдаж байсан юм. Гуравдугаар байрын хошой эзэн хэрэг л дээ.

Дээр нь, хувийн шагнал хүртэхэд тоглолтын нь хэв маяг саад болсон. Энэ бүх шалтгаан дээр үндэслэн хөлбөмбөг сонирхогчид алдарт Круиффын нэрийг тонгоруулж түүнийг “Нисдэггүй Голланд” хэмээн нэрлэсэн. Деннис гоол оруулахаар шунадаггүй, бөмбөг авахаар зүтгэдэггүй байснаас олны анхааралд тэгтлээ өртөөгүй юм. Түүний философи бол гоол оруулвал оруулсан шиг уран оруулъя, оруулахгүй бол дамжуулсан шиг гоё дамжуулъя гэсэн этгээд үзэл. Чухам үүнээсээ болж олон олон шагналын гадна үлдсэн юм. Гэсэн ч гэлээ энэхүү дүр төрхөөрөө хөлбөмбөгөөс жинхэнэ кайф, таашаал авдаг хүмүүсийн сэтгэлд тод хоногшсон. Хөлбөмбөгчдийг ч бишрүүлсэн. Лав л Тьерри Анри түүнийг даган дуурайсаар байгаад өндөр түвшинд хүрсэн гэдэг. Тийм ч учраас уран гоё гоолыг өчнөөнөөр нь оруулсан биз.

Бергкамп 1969 оны тавдугаар сарын 10-нд Голландын нийслэл Амстердам хотод төрсөн бөгөөд 12 настайдаа “Аякс” клубийн цуутай өсвөрийн академийн сурагч болжээ. Ингээд 1986 оны арван хоёрдугаар сарын 14-нд домогт домогт Йохан Круиффын удирлагад мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа эхлэсэн бол дараа жилийн хавар нь багийнхаа хамтаар Европын цомтой багуудын цомын тэмцээний аваргаар тодров. Үүнээс илүү эхлэл гэж юу байх билээ. Түүнээс хоёр жилийн дараа Голландын аварга болсон төдийгүй УЕФА-гийн цомд түрүүлж “Аякс” баг тив даяар мандан бадарлаа. Деннис болохоор энэ хугацаанд нөөц тоглогчоос сэлгээний, сэлгээнээс үндсэн тоглогч болон хөгжин дэвшиж, багийнхаа гол эд эс нь болон бэхжжээ.

Түүнчлэн Голландын шигшээд тоглох урилгыг хүртэл аваад амжсан байна. Гэхдээ “Шилдэг мэргэн бууч” гэж хараахан хүлээн зөвшөөрөгдөөгүй байв. Тиймээс алдарт “Аякс” клубийн тоглогч, гайхалтай Голландын шигшээгийн довтлогч ийм байж таарахгүй хэмээн Бергкамп өөртөө зэмлэл хүртээгээд 1991 оны намраас эхлэн гоол оруулах ажлаа эхэлжээ. Эхний тойрогт гоол, дараагийнхад бас гоол. Гуравдугаарт бүр дубль. Хувийн үзүүлэлтээ ийнхүү босоо прогрессоор өсгөсөөр 1993 оны зун гэхэд Голландын “Эредивизе” лигийн мэргэн буучаар гурвын гурван удаа шалгарсан байлаа. Үүнийхээ шанд лигийн шилдэг тоглогчоор хоёр удаа буюу 1992, 1993 онд нэрлэгдэв. Нийт статистикийг нь харвал “Аякс”-ын бүрэлдэхүүнд 239 тоглолт хийхдээ 122 гоол оруулсан гайхалтай өндөрлөгт хүрчээ.

Ийм хүн мэдээж баян багуудын арааны шүлсийг асгаруулж таараа. Тиймээс Голландаас төрсөн гоолын машины төлөө ширүүн тэмцэл өрнөв. Үзэлцэж, үзэлцэж ”Интер” тулаанд ялсан. Италийн клуб “Аякс”-т хамгийн их мөнгө 12 сая фунтийг санал болгож, Деннист бусдаас их хөлс амалсан нь тусаа ийнхүү өгчээ. Энэ наймааны дүнд Бергкамп дэлхийн хамгийн өндөр үнэ хүрсэн хөлбөмбөгчний жагсаалтын хоёрдугаарт нэрлэгдсэн юм. Түүний урд өнөөх Жианлуижи Лентини бичигдэж байлаа. Гэвч итали залуугийн нэр үүнээс хойш дахин дуулдаагүй билээ. Харамсалтай нь, манай баатар түүний араас замнасан. Гэхдээ богино хугацаанд л даа. Бергкамп Италийн амьдралын хэв маяг, хөлбөмбөгт дасан зохицож чадахгүй байснаас гоол оруулах чадвараа гээж орхив. Тэнд 50 тоглолт хийхдээ 11 гоол оруулна гэдэг түүн шиг чадварлаг, өндөр үнэ хүрсэн хүнд чамлагдах үзүүлэлт юм. Тиймээс нутгийн сэтгүүлчид түүнийг “Долоо хоногийн хамгийн муу хөлбөмбөгчин”-өөр сард нэг удаа нэрлэж байлаа.

Багийн нөхөд нь ч түүнд таатай хандсангүй. Ийм доромжлол, гадуурхалтаас залхсан голланд довтлогч орчин нөхцөлөө солихоор эрс шийдэн 1995 оны наймдугаар сард Английн “Арсенал”-д 7.5 сая фунтээр очив. Гэхдээ түүнийг Арсен Венгер бус Брюс Ройч авсан юм. Ингээд удаан ч гэлээ формдоо аажмаар орж эхэллээ. Үүнийг залгаад гоол ч оруулах болов. Венгер 1996 оны зун “Арсенал”-ын дасгалжуулагчаар томилогдсон нь түүнд бүр ч сайн хэрэг болов. Франц мэргэжилтний тоглолтын философи өөрийнхтэй нь яв цав таарсан тул Деннис өөртөө итгэх итгэлийг бүр их олж, Иан Райтын хамтаар “Премьер лиг”-ийн хамгийн шилдэг довтолгооны хослолыг бий болгов. Ингээд түүний нэр алдар “Аякс”-ын үеийнх шигээ дахин цуурайтаж эхэллээ. Деннис цохилоо, гоол. Бергкамп ямар гайхалтай хуурав аа, яаж бөмбөгийг тогтоов оо. Шүтэн биширсэн өнгө аяс бүхий ийм үгийг Британийн телевизийн тайлбарлагч бүр унагана. 1997-1998 оны улиралд тун чиг одтой байн хамаг гайхалтай амжилтаа гаргав.

Сарын шилдэг гоол, тоглолтын шилдэг тоглогчоор өч төчнөөн удаа нэрлэгдээд зогсохгүй 16 гоолтойгоор лигийн мэргэн буучаар шалгарч, улмаар оны манлай тоглогчоор нэрлэгдэв. Бас болоогүй, Голландын шигшээ багийнхаа хамтаар 1998 оны ДАШТ-ий дөрөвдүгээр байрт шалгарсан. Гэвч энэ нь амжилт гэхээсээ илүү азгүйтэл байлаа. Ах дүү Де Бур, Овермарс, Ван дер Сарын хамтаар хөлбөмбөгийн их гүрэн Голландын “Алтан үеийнхэн” хэмээн өргөмжлөгдчихөөд гол тэмцээнээс медаль авч чадахгүй байна гэдэг гутамшиг билээ. Уг нь тэр чадах бүхнээрээ багтаа тус хүргэсэн. Чухал үед ганцаараа зүтгэсээр шигшээгээ аварсан юмдаг. Тухайлбал, хасагдах шатны хоёр тоглолт байна. Шөвгийн 16-д хүчирхэг Югославтай тоглоход түүний гоолын ачаар Голланд 2:1-ээр ялсан бол дараагийн шатанд түүний 89 дэх минутад хийсэн бөмбөгний ачаар улбар-шарууд Аргентинийг 2:1-ээр мултсан. Гэвч хагас шигшээгийн тоглолтод баг нь азгүйтэв. Деннис уламжлал ёсоор гоол оруулсан ч (торгуулийн цохилтоос) багийн андууд Коку, Р.Де Бур алдаж цохисноор тэд Бразилд ялагдсан юм. Гэсэн ч гэлээ тэрбээр нэрээ ДАШТ-ий түүхэнд мөнхөлж чадсан билээ.

Аргентиний хаалганд оруулсан гайхалтай гоолыг нь мэргэжилтнүүд нэгэн дуугаар бүх үеийн агуу гоолуудын нэгээр нэрлэсэн. Яг ийм гоолыг 2002 оны гуравдугаар сарын 3-нд “Премьер лиг”-ийн “Ньюкасл”-ын хаалганд хийн оны шилдэг гоолын эзнээр шалгарсан байдаг. Харин Бергкамп клубийн түвшинд амжилттай тоглосон хэвээр байлаа. Английн аваргаар гурав, цомын эзнээр дөрвөн удаа шалгарав. Гэхдээ гоол оруулах нь эрс цөөрч, дамжуулалт өгөх нь олширчээ. Венгерийн авчирсан өсвөрийн хөвгүүдийг удирдан жолоодох чадвартан хэрэгтэй байсан тул дасгалжуулагч энэ үүргийг түүнд үүрүүлжээ. Бергкамп үүнийг сайн биелүүлсэн тул Люнгберг, Анри, Фабрегасын гоц авьяастнууд асар богино хугацаанд хөлөө олсон билээ. Хэрэв “Арсенал” клуб шинэ гэрээ санал болгосон бол Деннис дахин нэг, хоёр жил тоглох байлаа. Үүнийгээ ч ил тод хэлсэн. Гэвч баг нь сунгах хүсэлтээ илэрхийлээгүй тул тэрбээр “Аякс” тэргүүтэй багуудын саналаас татгалзаад спортоо орхисон. Өдгөө тэрбээр төрөлх “Аякс” багийнхаа академид дасгалжуулагчаар ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)