НИКОС АНАСТАСИАДЕС ТЭРГҮҮЛЖ ЯВНА

Кипрт Ерөнхийлөгчийн сонгууль эхлэв. Консерватив намын Никос Анастасиадес энэ сунгаанд тэргүүлж буй бөгөөд хамгийн хүчтэй өрсөлдөгч Ставрос Маласаас 15 хувийн дээгүүр үзүүлэлттэй байгаа аж.

Санал асуулгын дүнгээс үзвэл оролцогчдын 40 хувь нь Анастасиадесыг дэмжихэд бэлэн байгаа бололтой. Тэгэхдээ санал хураалтад тэргүүлж яваа нэр дэвшигч сонгогчдын 50 хувиас дээш санал авч чадахгүй бол сонгуулийн хоёрдахь шатыг зарлах юм. Бие даагч Георгий Лилликас гэж бас нэг өрсөлдөгч байгаа.

Киприйн нийслэл Никоси хотын их сургуулийн шинжээч Хуберт Фаустманн “Тийм ч нэрд гарсан гэж хэлэмгүй улстөрчтэй хоёр тааруухан нэр дэвшигч өрсөлдөж байна. Киприйн олон нийт Н.Анастасиадес руу хошуурах янзтай. Түүнийг хүндэтгэж байгаа нь хайрлана гэсэн үг биш л дээ. Сонгуулийн үед эдийн засгийн асуудлыг түлхүү ярьж байна. Энэ бол миний үзсэн сонгуулийн өмнөх кампанит ажлуудаас хамгийн уйтгартай нь. Хүмүүсийн сэтгэл санааг татахгүй байна” гэж хэлжээ.

Шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн гол зорилт нь Европын холбооны болон ОУВСгийн зээлдэгчидтэй хэл амаа ололцох явдал байх болно гэж үзэж буй. Кипр улсад 17 тэрбум ам.доллар хэрэгтэй байгаа юм.


 Р.ЖАРГАЛАНТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)