Нийтийн эзэмшлээс хумслан, зогсоол байгуулж байна

Баянзүрх дүүргийн III хороо, Бөхийн өргөөний эсрэг талд УСУГ-ын байртай залгаа газарт шил толь болсон нэгэн барилга босгосон байна. Нэр нь “Токио рэзидэнс”. Оффис болон үйлчилгээний зориулалттай энэхүү байгууламж хэзээ мөдгүй ашиглалтад ороход бэлэн болжээ. Өдгөө тохижилтын ажил үргэлжилж буй. Хотын А бүсэд тав тухтай орчин бүрдүүлсэн гэж сурталчлах энэхүү барилгынхан нийтийн эзэмшлийн талбай буюу явган хүний замаас хумслан гаднах талбайгаа тохижуулсан аж.

Авто замаас худалдааны төв рүү салаалсан урсгал гаргаж, машины зогсоол байгуулахын тулд ийнхүү нийтийн эзэмшилд халджээ. Хоёр метр хүрэхтэй, үгүйтэй өргөнтэй явган хүний замын хэсгээс өм цөм авч, хавтангуудыг нь хааш яаш болгосон байв. Газар шорооны ажил хийж буй хүмүүсээс энэ талаар тодруулахад “Хууль ёсны зөвшөөрөлтэй барилга. Бид сайн мэдэхгүй” хэмээв. Харин эл барилгын захиалагч “Оршил” констракшныхантай холбогдоход “Таны ярьж буйг ойлгосонгүй. Манайх зам засаж байгаа” гэж мэдэн будилсан юм.

Тэр хавьд оршин суудаг Б.Ганхөлөг “Мод, чулуу хөглөрөөд энүүгээр явах аргагүй болчихож. Үйл ажиллагаа нь эхлэхээр машин чихцэлдээд, бүр л замбараагүй болох байх” гэв.

Газар эзэмших, ашиглах зөвшөөрөлтэй барилга байлаа ч нийтийн эзэмшлийн гудамж, талбайд халдах эрхгүй. Газар давхцуулан олгох ч боломжгүйг мэргэжлийн хяналтынхан хэллээ. Тэгэхээр дээрх компанийнхан эрх ашгаа нийслэлчүүд, тэр дундаа Баянзүрх дүүргийнхний аюулгүй байдлаас дээгүүр тавьсан болж таарах нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)