Нийтийн тээврийн хэрэгслүүдийг шалгаж байна

Улаанбаатарын гэр хорооллын айлууд түүхий нүүрснээс татгалзан, сайжруулсан түлш хэрэглэдэг болсноор хотын утаа 50 хувь буурсан гэж холбогдох албаныхан мэдээлсэн. Гэр хорооллын утааг ийнхүү шийдсэн бол дараагийн ээлжид автомашинуудын ялгаруулдаг хорт хийг багасгах аж. Хотын утааны 20 хувийг автомашинууд

ялгаруулдаг, тэр дундаа нийтийн тээвэрт явуулж буй автобуснууд маш их бохирдол гаргадаг гэж албаныхан тодотгосон. Үүнтэй холбоотойгоор авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон оношлогч инженерүүд автобуснуудыг шалгаж эхэлснийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өчигдөр мэдээлэв. Тодруулбал, автобуснууд агаарт хэр их бохирдол гаргаж буйг явуулын төхөөрөмжөөр илрүүлж байгаа аж. Шаардлага хангахгүй, хүлцэх хэмжээнээс хэтэрсэн бохирдол гаргаж байгаа тээврийн хэрэгсэлд шүүлтүүр суурилуулах шаардлага үйлчилгээ эрхлэгчид нь тавих аж. Цаашлаад зарим автобусыг үйлчилгээнээс хасах хүртэл арга хэмжээ авах гэнэ. Уг ажилд зорчигчид ч хувь нэмэр оруулж болох бөгөөд хар утаа “хаяж” буй автобуснуудын талаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт мэдээлж болох юм билээ.

Нийтийн тээвэртэй холбоотой бас нэг мэдээлэл дуулгахад, зуслангийн бүсийн гурван чиглэлд өнөөдрөөс автобус явуулж эхэлнэ. Гүнт-Жигжид-“Тэнгис” кинотеатр чиглэлд 35 минутын зайтай гурван автобус зорчуулах нь. Мөн Гоодой-“Тэнгис”, Баянбулаг-“Тэнгис” чиглэлд нэг цаг тутамд нэг автобус үйлчилгээ үзүүлэх гэнэ. Өмнөх жилүүдэд зуслангийн автобуснуудыг зургадугаар сарын 15-наас явуулдаг байв. Энэ оны хувьд цар тахлаас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэм улс даяар тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор айлууд харьцангуй эрт зусландаа гарсан билээ. Тиймээс зуслангийн чиглэлийн автобуснуудыг өнөөдрөөс явуулах болсон аж.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)