Нийтийн тээврийн реформ буюу үйлчлүүлэгчдэд олгож буй сонголтууд

“Утаанаасаа салж чадлаа. Зоригтой бөгөөд зохион байгуулалттай ажиллаж чадвал асуудлыг шийдэж болдог юм байна. Одоо замын түгжрэлийг л шийдээд өгөөч” хэмээн нийслэлийн удирдлагад хандсан иргэдийн санал хүсэлт цахим орчинд их байна. Өдөрт 400 гаруй мянган машин 1000 гаруйхан км авто зам дээрээ зэрэг гарчихаар нам түгжрэх нь ойлгомжтой. Олон улсын жишгээр түгжрэлийг бууруулах гол арга зам нь иргэдийн хандлага, сэтгэхүйг өөрчилж, ойрхон газарт бол алхах, дугуй унах, нийтийн тээврээр үйлчлүүлэх гэх мэтээр автомашинаас татгалзах боломж нөхцөлөөр хангах явдал. Манай хотын тухайд иргэд, оршин суугчдаа гагцхүү дээрх боломж нөхцөлөөр нь бүрэн хангаагүй байж “Чи машин унаж түгжрэл үүсгэлээ” гэж шууд буруутгавал утгагүй. Тиймээс нийтийн тээврийн салбараа орчин үеийн хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн яаж цогцоор нь шинэчлэхээ хаана хаанаа бодох учиртай.

Нэг үеэ бодоход нийтийн тээврийн үйлчилгээ, үйлчлүүлэгчдийн соёл, хандлага ч сайжирч байгааг автобусны идэвхтэй үйлчлүүлэгчийн хувьд хэлнэ. Хэдэн жилийн өмнө кондукторууд “хаая, хүүе мөнгөө төл” гэж шахаж шаардаад байхад л сэм “туулайчлах” сонирхолтой хүн олон байсан бол одоо манайхан урд хаалгаар ороод картаа уншуулж мөнгөө төлөөд, хойд хаалгаар бууна гэдэг “дүрмийг” маш сайн баримталдаг. “Монголын хууль гурав хоног” гэж дэмий шахуу хэлцээр өөрсдийгөө зөвтгөж аргацааж сурсан биднийг угтаа шийдвэр гаргагчид оновчтой, тодорхой бодлогоор чиглүүлээд, зөв зохион байгуулаад өгвөл дадал хэвшил болгоод, хэрэгжүүлдгийн жишээ энэ. Гэхдээ нийслэл хотынхоо хүн амын төвлөрөл, авто замын ачааллын эрчимтэй өсөлт болон олон улсын жишигтэй харьцуулахад яст мэлхийн хурдаар л урагшилж буй. Наад зах нь нийтийн тээврийн салбарыг зөвхөн автобусаар төсөөлдөг цаг аль хэдийн хоцрогдоод байна. Тиймээс дараагийн шатны үсрэнгүй хөгжилд хүрэхийн тулд цогц шинэчлэлийн бодлого хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн салбарт реформ хийх шалтгаан бол нийслэлчүүдийн хоолойд тулсан асуудал гэхэд хилсдэхгүй.

Арван тав, зургаан жилийн өмнө л “Зарим автобусаа экспресс буюу шуурхай, заримыг нь богино рейсээр явуулж болдоггүй юм байх даа” хэмээн манай үеийн оюутнуудын хүсэж байсан зүйл өнгөрсөн зун эхнээсээ ажил хэрэг болох жишээтэй. Нийслэлийн Засаг даргын 2019 оны Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай 01 тоот албан даалгавар, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2019 оны Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай 02 тоот албан даалгаврын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газраас гурван экспресс чиглэл нээсэн. Энхтайваны өргөн чөлөөгөөр буюу Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл ердөө 10-хан буудалд зогсох шинэ төрлийн үйлчилгээ нэвтэрснээр хамгийн их ачаалалтай зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулж, иргэдийн зорчих хугацааг 15 минутаар багасгаад байна. Түүнчлэн Таван шар-“Бөмбөгөр”-Консерватор, “Зунжин”-Долоон буудал-“Ард” кинотеатр-“ДЦС-3” гэсэн босоо чиглэлд экспресс автобус сонголттойгоор явуулж, зайлшгүй зогсох шаардлагагүй гурав, дөрвөн буудлыг алгассанаар хөдөлгөөний ачаалал 25 орчим хувиар буурч, хамгийн их эрэлт үүсдэг их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломж нээгдсэн билээ.

Улаанбаатар хотод метро барих талаар бид олон жил ярьсан. Яг үнэндээ манайх шиг хүн ам цөөн хотод метро тохирохгүйг өнөөгийн хотын захирагч үүрэгт ажлаа авсан даруйдаа л мэдэгдсэн. “Метро байгуулахад асар их зардал мөнгө, хугацаа орно. Хамгийн гол нь үйл ажиллагааны зардлаа нөхөхөөс эхлээд манайд тохирохгүй шийдэл бол метро. Олон улсын жишгээр дор хаяж хоёр сая оршин суугчтай, эсвэл эргэн тойрондоо мөн тийм хэмжээний хүн амтай хотууд метро байгуулдаг нь ийм учиртай” хэмээсэн хотын мээрээс “Тэгээд өөр ямар шийдэл байгаа юм бэ” гэж дуун дээр асуусан сэтгүүлч ч цөөнгүй. Тэгвэл тухайн үеийн асуултын хариу буюу С.Амарсайхан даргын ярьж байсан “үлгэр” өдгөө биеллээ олоход ойрхон болжээ.

Дүүжин тээвэр буюу “Cable car”, цахилгаан соронзон тээвэр буюу “Skyshutle” гэх зэргээр нийтийн тээврийн салбарт шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлнэ гэсэн яриа одоо үлгэр биш үнэн болох гэнэ. Тухайлбал, дүүжин тээвэр нь манай орны уур амьсгал, хүн ам, нийтийн тээврийн ачаалал зэрэгт илүү зохицох хувилбар юм байна. Тиймээс Засгийн газраас Францын “Пума” компанитай гэрээ байгуулж, ирэх зургадугаар сард энэ төрлийн тээврийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Эхний ээлжид Баянхошуу-Ханын материал-ГССҮТ, Зайсан-Д.Сүхбаатарын талбай гэсэн чиглэлд явуулахаар төлөвлөсөн дүүжин тээвэр нь нэг цагт 3000 зорчигч буюу өдөрт 22 000 хүн зорчих хүчин чадалтай, хүлээлгийн хугацаа нь 3-5 минут юм байна.

Цахилгаан соронзон тээврийн тухайд агаараар болон тусгай замаар явдаг учраас түгжрэлийг бууруулахад чухал үр нөлөөтэй гэсэн судалгаа тооцоо хэдийн хийгджээ. Өдөрт 210 000 зорчигч тээвэрлэх боломжтойн дээр хүлээлгийн хугацаа нь 3-5 минут. Таван шар-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Хөшигийн хөндийн нисэх буудал-Аэро сити-Налайх-Офицеруудын ордон чиглэлд явуулах энэ төрлийн тээврийг ашигласнаар чиглэлийн давхцал 68 хувиар буурна гэж үзжээ. “Том төслүүд ярьж эхлүүлдэг л юм. Ажил хэрэг болох нь ховор доо” гэж та эргэлзэж магадгүй. Гэхдээ нийслэл, Засгийн газар хоёр хамтраад гар баривал улсын хүн амын тал шахам хувь нь аж төрж буй Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг шийдэж болдгийг утаанаас бэлхнээ харж болно. Энэ удаад нийслэл хот, Засгийн газартай хамтраад “Утаанаасаа салж чадлаа. Одоо замын түгжрэлийг л шийдээд өгөөч” хэмээн санал хүсэлтээ дайж буй иргэдийнхээ өмнө хэлэх үгтэй, хийсэн ажилтай байхын тулд нийтийн тээвэрт реформ хийх төслүүдийг энэ онд хэрэгжүүлэхээр зориг шулууджээ. Цогц шинэчлэл гэсэн учраас өөр ажлууд ч бас байна.

Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт эргэлтэд нийцсэн, хүрээлэн байгаа орчинд ээлтэй тээврийн ухаалаг систем нэвтрүүлэхээр тусгасан. Үүний хүрээнд нийтийн тээвэрт удахгүй ухаалаг систем нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Тэр дундаа 2020 онд багтаан нийтийн тээврийн парк шинэчлэлийг иж бүрэн хийхээс гадна дүүжин болон цахилгаан соронзон тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх, тусгай замын автобус явуулах, “1000 такси” хөтөлбөр, “Ubike” буюу түрээсийн дугуй төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, илүү сайжруулахаар төлөвлөжээ. Тухайлбал, “1000 такси” хөтөлбөр байна. Дэлхийн стандартад нэг хүнд ногдох таксины тоог дөрөв гэж үздэг. Харин манай улс, хотын тухайд нэг хүнд нэг такси ч ногддоггүй. Тиймээс үйлчилгээний стандарт, аюулгүй, тохилог байдлыг хангах зорилгоор “1000 такси” хөтөлбөр хэрэгжүүлж, байгальд ээлтэй таксины тоог нэмэгдүүлэх, бүгдэд нь төлбөрийн нэгдсэн систем, GPS суурилуулах зэргээр парк шинэчлэлийг энэ онд хийх аж.

Эцэст нь над шиг автобусаар үйлчлүүлэх сонирхолтой ч орчин нөхцөл, хүртээмж зэргээс нь болоод дөлчихдөг хүмүүст дуулгахад, энэ жил манай уламжлалт нийтийн тээврийн салбарт 300 автобусаар иж бүрэн парк шинэчлэл хийх юм билээ шүү. Өдгөө Улаанбаатар хотод үйлчилгээнд гардаг 900-гаад автобуснаас 300 гаруй нь насжилт өндөртэй тул энэ жил 150 автобусыг “алба”-наас нь халж, нөхөн хангахаар төлөвлөөд байж. Тэгвэл өдгөө 150 биш, 300-ланг нь хүрээлэн буй орчинд ээлтэй автобусаар солих болсон юм. Түүнчлэн зарим чиглэлд богино эргэлттэй нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх аж.

Ийнхүү эрэлт хэрэгцээнд нь нийцсэн сонголтууд бий болох тусам нийтийн тээврийн салбараар үйлчлүүлэгчдийн тоо өсөн нэмэгдэхийн зэрэгцээ хэрэглэгч жинхэнэ утгаараа хаанд өргөмжлөгдөх нигууртай.

Бэлтгэсэн: Л.Аргамжин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)