Нийтийн тээврийн компаниудад 7.9 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ

Нийтийн тээврийн үйлчилгээний  1 дүгээр улирлын санхүүжилтийн талаар  өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус чуулганаар нийтийн тээврийн үйлчилгээний 1 машин цагийн зардлын тарифыг баталж,  аж ахуйн нэгж, байгууллагуудын орлого зардлын зөрүүг төсвөөс олгож байхаар шийдвэрлэсэн. Мөн тус хурлын 6/22 дугаар тогтоолоор “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”-ыг батлагдан мөрдөн ажиллаж байна.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын нөхөн олговор нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/21 дүгээр тогтоолоор “Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам” болон “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам” тус тус батлагдаж энэхүү журмын дагуу зохицуулагдаж байна.

Одоогийн байдлаар 2016 оны 1, 2, 3 дугаар сарын нөхөн олговорт гүйцэтгэлийн дагуу 7.924,351,800төгрөгийн нөхөн олговорыг бүрэн олгосон байна. Харин машин цагийн зардлын 1,2 дугаар сарын санхүүжилт 8,874,248,891 төгрөг олгохоос 50 хувь буюу 4,049,802,031 төгрөгийг олгожээ.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэж байгаа зарим компаниудад машин цагийн зарлдын санхүүжилтыг бүрэн олгоогүй саатсан шалтгаан нь нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллага, Улаанбаатар смарт карт ХХК-ий хоорондох 3 талт гэрээ байгуулагдах явцад талууд маргаантай, шийдвэрлэх шаардлагатай асуудал гарсантай холбоотой гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байна.  Тодруулбал нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа шалгагч нарын үйл ажиллагаа болон орлого төвлөрүүлэх асуудлыг “Улаанбаатар смарт карт” ХХК хариуцах тухай гэрээнд заасан байна. Тиймээс нийслэлийн нийтийн тээврийн газраас  3 талт гэрээг 2 талт хэлбэрээр байгуулахаар болжээ. Тодруулбал, Нийслэлийн тээврийн газар-Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллага, Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллага - Улаанбаатар смарт карт ХХК, Нийслэлийн тээврийн газар - Улаанбаатар смарт карт ХХК гэсэн байдлаар тус тус гэрээ хийж  талуудын хүлээх үүрэг, эрхийг тодорхой  зааж өгсөн байна.  Өчигдөрөөс эхлэн  нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагууд нийслэлийн Тээврийн газартай гэрээ байгуулж эхлээд байгаа бөгөөд гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүжилтийг олгож эхэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)