Нийтийн тээврийг үйлчилгээг сайжруулсны дараа "A B C" бүсчлэлд хуваана

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 15-наас авто замыг "A B C" бүсчлэлд хуваахаар төлөвлөж байсан билээ. Гэвч санал асуулгаар иргэдийн 65 хувь нь бүсчлэлд хуваах дүрмийг дэмжээгүй тул тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. 

Хотын захиргаанаас нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулсны дараа "A B C" бүсчлэлд хуваах асуудлыг дахин сөхөж, хэрэгжүүлнэ хэмээн нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх онцоллоо.

Тэрбээр "Нийслэлчүүд жилийн 365 хоногийн 45 хоногт нь зам дээр түгжирдэг. Мөн түгжрэлийн улмаас нийслэлд жилд 114 тэрбум төгрөгийн хохирол учирдаг. Иймд бид бүсчлэлд хуваах нь хамгийн оновчтой гэж үзсэн. 

Хэдийгээр энэ дүрэм хойшлогдож байгаа ч бид юуны түрүүнд нийтийн тээврийн салбарыг сайтар хөгжүүлэх тал дээр санал нэгдлээ. Нийслэлийн хэмжээнд 1200 автобус иргэдэд үйлчилж байна. Үүний 80-90 хувь нь 2020 онд стандартын бус болно. Иймээс автобуснуудыг үе шаттайгаар шинэчлэх ажил хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэлээ.

Ирэх жилүүдэд нийтийн тээврийн салбарт шинэ төрлийг үйлчилгээг нэвтрүүлэхээр Хотын захиргаа ажиллаж байна. Тухайбал, "кабел кар" буюу агаарын дүүжин замын нийтийн тээвэр, мөн "Sky rally" гэх үйлчилгээг нэвтрүүлнэ гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)