Нийтийн тээврийг хөгжүүлэх бодлого хэзээ хөрсөнд буух вэ

Улаанбаатарчуудын өдөр тутам бухимддаг зүйлсийн нэг нь яах аргагүй нийтийн тээвэр. Иргэдийн бухимдал, шүүмжлэлийг багагүй хүртдэг нийтийн тээврийн үйлчилгээний автобуснууд нийтээрээ “гавьяаныхаа амралтад” гарах цаг тун дөхлөө. Манай улсад нийтийн тээврийн том оврын автобуснуудыг дээл тал нь 12 жил ашиглаад, жагсаалаас гаргах стандарт үйлчилдэг юм. Өнгөрсөн жил гэхэд өдөр тутам явж байсан автобуснуудын 18.4 хувь буюу 173 автобусыг акталсан байдаг. Зарим нь актлах хугацаанаас өмнө эвдэрч, зогсох нь ч бий. Энэ асуудлыг салбарын мэргэжилтнүүд “Парк шинэчлэл гэдэг нь хэдэн автобус авч ирэх гэж ойлгодог хүн цөөнгүй болж. Зөвхөн автобус оруулж ирэх биш, сэлбэг, засвар үйлчилгээг нь ч нэвтрүүлэх ёстой. Гэтэл манайхан энэ талыг нь орхигдуулж байна. Үйлчилгээнд явуулж байгаа том оврын автобуснууд хэтэрхий хуучирч, заримынх нь сэлбэг ч олддоггүй” хэмээн шүүмжилж байсан. Үүний дагуу хувийн хэвшлийнхэн бүх дагалдах сэлбэг хэрэгслийг нь оруулж ирдэг болсон ч дээрдсэн зүйл алга.

Автобуснуудыг үйлчилгээнд гаргахаас өмнө үзлэгт хамруулдаг гэдэг ч замдаа хөлдөж, эвдэрч зогсох, бүр шатсан тохиолдол ч цөөнгүй. Он гараад дөнгөж хоёрдугаар сар гарч байхад хоёр ч автобус шатсан билээ. Тодруулбал, энэ сарын 18-нд Улаанхуаран-Мах маркет чиглэлд явж байсан, “Блюбус” компанийн автобус эцсийн зогсоолдоо очоод гэнэт шатсан. Үүнээс зургаахан хоногийн дараа “Тэнүүн огоо” компанийн Орбит-Тахилт-Тэнгис кинотеатр чиглэлийн автобус шатсан юм. Автобус яагаад шатсаныг “Тэнүүн огоо” компанийнхнаас тодруулахад “Шатсан автобусны оронд өөр автобус гаргасан” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Тус компани нь нийтийн тээврийн долоон чиглэлд 145 автобус явуулдаг аж. Чиглэл бүрт 1-2 автобусын нөөцтэй байдаг учраас үйлчилгээнд ямар нэгэн доголдол гарахгүй гэсэн юм.

Байгаа хэд нь хүрэлцэхгүй, иргэдийг бухимдуулаад буй нийтийн тээврийн автобуснуудын 70 хувийнх нь насжилт хоёрхон жилийн дараа дуусна. Тодруулбал, энэ онд 216, ирэх жил 132 автобус үйлчилгээнд явах эрхгүй болох бол 2021 онд 455 автобус актлагдах юм. Тэдгээрийн орон зайг хэрхэн нөхөх талаар төр, засгаас гаргасан бодлого, зохицуулалт гэх дорвитой зүйл алга.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд 95 автобус “амралтаа авсан”. Актлагдсан автобуснуудыг “юугаар” орлуулсныг нийслэлийн Тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэболдоос тодруулахад “Энэ жил нийтийн тээврийн үйлчилгээний 95 автобусыг акталж, мэдээллийн сангаас хассан. Үүний оронд нөхөн хангалтаар 145-ыг оруулан ирж, бүртгэлийн санд нэмсэн. Өөрөөр хэлбэл, 2006 онд үйлдвэрлэсэн автобуснуудыг энэ он гарснаас хойш үйлчилгээнд явуулаагүй гэж ойлгож болно. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт байгальд ээлтэй, эко автобусаар иргэдэд үйлчилнэ гэсэн заалт бий. Үүний дагуу хийн хөдөлгүүрт автобуснуудыг нийтийн тээвэрт явуулах зорилт тавьсан. Тиймээс Улаанбаатар хотын нийтийн тээврийн 19 аж ахуйн нэгжид хийн хөдөлгүүрт автобусаар паркаа шинэчлэх шаардлага тавьж буй. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтарч нийтийн тээврийн паркийг гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжаар шинэчилж болох, эсэхийг судалж байгаа. Уг судалгааны үндсэн дээр томоохон шийдлүүд гарах байх гэж хүлээж буй” гэлээ. Үйлчилгээ эрхэлдэг 19 аж ахуйн нэгжийн хоёр нь төрийн, 17 нь хувийн хэвшлийнх. Төрийн өмчийн хоёр байгууллага хамгийн сүүлд 2009 онд паркаа шинэчилсэн бөгөөд тухайн үед авсан автобуснуудын ашиглалтын хугацаа 2021 онд дуусах тул энэ оны улсын төсөвт парк шинэчлэх мөнгө суулгаагүй аж.

Засгийн газраас хийн хөдөлгүүрт автобус оруулж ирэх шаардлага нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 19 аж ахуйн нэгжид тавьжээ. Гэсэн ч уг шийдвэр хөрсөнд бууж чадахгүй байгааг хувийн хэвшлийнхэн хэлсэн юм. Жишээлбэл, өнгөрсөн оны гуравдугаар сард “Эрдэм транс” компанийнхан парк шинэчлэлийнхээ хүрээнд БНСУ-аас хийн хөдөлгүүрт 30 гаруй автобус авсан боловч одоо хүртэл үйлчилгээнд гаргаж чадахгүй байгаа. Энэ жил дахиад 10-ыг оруулж ирсэн ч бас л ашиглаж чадахгүй, өдгөө нийт 40 автобус “хадгалагдаж” буй гэнэ. Тус компани нийтийн тээврийн 17 чиглэлд 161 автобус үйлчилгээнд гаргадаг аж. Тиймээс “Эрдэм транс”-ынхан дизель хөдөлгүүрт автобус оруулж ирэхээс өөр аргагүй болсон талаар тус компанийн нэгдүгээр хэсгийн дарга О.Гүндсамба хэлсэн юм. Түүнчлэн “Тэнүүн огоо” компани энэ онд хийн хөдөлгүүрт 10 автобус авсан боловч мөн л ашиглах боломжгүй байгаа аж. Нэг автобусыг дунджаар 50 орчим сая төгрөгөөр оруулж ирдэг. Тэгвэл дээрх хоёр компани Засгийн газрын бодлогогүй шийдвэрээс болж 2.5 тэрбум төгрөгийн өртөгтэй, хэзээ ашиглах нь тодорхойгүй автобуснууд хадгалсаар байна. Тэднээс өөр хийн хөдөлгүүрт автобус оруулж ирчихээд үйлчилгээнд явуулж чадахгүй, гараашдаа хадгалж буй хэчнээн компани байгааг хэлж мэдэхгүй.

Манай улсад том оврын автобуснуудад хий түгээх станц ганцхан байдаг нь “УБ метан” компанийнх. Тус компани БНХАУ-аас хийгээ татдаг байжээ. Гэтэл БНХАУ гадаад улсууд руу шингэрүүлсэн байгалийн хий гаргахыг хориглосон тул хийн хөдөлгүүрт автобуснууд “амралтаа авсан” аж. Монголдоо ганц, шингэрүүлсэн байгалийн хийгээр нийтийн тээврийн автобуснуудаа цэнэглэдэг тус компанийнхан ОХУ-аас импортолж болох, эсэхийг судлахаар зорьсон сураг сонсогдов.

Харин хоёр хоногийн өмнөх Засгийн газрын ээлжит хуралдаанаар дахин өөр бодлого яриад эхэллээ. Энэ нь байгальд ээлтэй, нэгдсэн ухаалаг систем бүхий нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл аж. Уг төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 1200, хүүхэд тээвэрлэх зориулалтаар 250 цахилгаан автобус нэвтрүүлэх талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулж, УИХ-ын гишүүд дэмжсэн. Үүний хүрээнд долоон дэд систем бүхий, нэгдсэн удирдлагын төв, олон улсын стандартад нийцсэн дөрвөн автобааз байгуулах аж. Мөн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын гурван баазыг шинэчлэхээр төлөвлөж буй. Засгийн газрын даалгаврын дагуу хийн хөдөлгүүрт автобус 30, 40-өөр нь оруулж ирсэн хувийн хэвшлийнхэн тэдгээрийгээ хэрхэн ашиглах вэ. Одоо ярьж буй нийтийн тээврийн шинэчлэлд 854 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд концессоор хэрэгжүүлэх учир Засгийн газар ямар нэг санхүүжилт гаргахгүй гэнэ. Эл ажил хэрэгжиж эхлэх хүртэл нийтийн тээврийн автобуснуудаа хэрхэх вэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)