Нийтийн бохирын хоолой, усанд шинжилгээ хийж эхэлжээ

Дэлхийн хэмжээнд коронавирусээр өвчилсөн хүний тоо 22.3 саяыг давж, нас барсан нь 784 мянгад хүрлээ. 3-4 хоногт л өвчний тархалт саяар нэмэгдэж, эрч буурахгүй байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 234 мянган иргэн “Ковид-19”-өөр өвчилж, 5000 гаруй хүн энджээ. ОХУ-д гэхэд халдварын 4784 тохиолдол бүртгэгдэж, 1332 хүн нас барав. БНСУ, Япон, БНХАУ-д ч өвчлөл нэмэгдсээр. Өмнөд Солонгост хурал цуглаан, уулзалт, шөнийн цэнгээний газрууд, музей, бялдаржуулах төв, рестораны үйл ажиллагааг зогсоосноор зай барих дэглэмийн II шатанд шилжиж буйгаа мэдэгджээ.

Сүүлийн үед хүүхэд, залуус коронавирусээр өвчлөх нь нэмэгдсэн гэнэ. Тэр дундаа 15-аас доош насныхан халдвар авсан тохиолдолд олон эрхтэн тогтолцоог үрэвсүүлж байгааг Британийн эрдэмтэд тогтоов. Үүний улмаас хүүхдийн дархлааны системд хүчтэй хариу урвал илрэх болсон аж. Түүнчлэн шинж тэмдэггүй, балархай хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн өтгөнд коронавирус хамгийн их илэрч байгааг АНУ-ын эрдэмтэн, судлаачид нотоллоо. Тиймээс тус төвийнхөн өвчтөн болон түүний гэр бүлийн хүрээнээс гадна нийтийн бохирын хоолой, усанд тандалт, шинжилгээ хийх хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлжээ. Ташрамд дурдахад, ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус “Дэлхийд коронавирустэй ганцхан хүн байхад бүгд халдвар авах эрсдэлтэй. Тиймээс улс орнууд уг өвчинтэй хамтын хүчээр тэмцэх хэрэгтэй” гэсэн бол ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такэши Касай “Бүсийн орнуудад халдварын тархалт харьцангуй бага ч эндэгдэл өндөр байна. Өвчнийг эрт илрүүлэхэд улс орнууд анхаарах шаардлагатай” хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)