Нийслэл болон дөрвөн аймгийн ИТХ даргаа сонгож, Засаг даргад нэр дэвшүүлэв

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, Ж.Батбаясгаланг даргаараа сонгож, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Д.Сумъяабазарыг томилов. Засаг даргад нэр дэвшүүлсэн ИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайд батламжилж, томилохоос урьтан, Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн юм.

ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Хот бол эмх цэгц, инженерчлэл, төлөвлөлтийн дээд зэргийн зохион байгуулалт. Хотын хөгжлийн төлөө ажиллах нь эрх ямба биш, үүрэгт ажил. Энэ танхимд суугаа 45 төлөөлөгч нийслэл хотын нэг сая 500 мянган иргэнд үйлчлэх үүрэг хүлээснээ мартаж болохгүй. Намын гишүүнчлэл, улс төрийн үзэл баримтлал өөр ч гэлээ бид нэг хотын иргэн. МАН, АН, ХҮН-ын Улаанбаатар гэж тусдаа байхгүй. Амаргүй даваа, хүндхэн сорилт, том даалгаврын ард гарах ажилдаа ханцуй шамлан орно. Нийгмийн сүлжээний хандлагаар биш, нийтийн том эрх ашгийн үүднээс бүгд хүчээ нэгтгэн ажиллацгаая” хэмээн сонгогдсоныхоо дараа онцолсон.

Харин Засаг дарга Д.Сумъяабазар “Төрийн үйл хэрэг, залгамж чанар тасралтгүй байх ёстой. Улаанбаатарт өвөлжилтийн бэлтгэлээс авхуулаад хийж, хэрэгжүүлэх ажил шил шилээ даран хүлээж байгаа. Манай улсын эдийн засгийн 68, мөнгөний эргэлтийн 85, нийт хүн амын 50 хувь нийслэлд ногддог учир энэ их “айл”-ын ажил тасралтгүй үргэлжлэх учиртай. Цаашид нийслэлд тулгамдаж буй асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх ажлын хүрээнд Засгийн газар, УИХ-тай хамтарч ажиллана. Нийслэл хот нь улсынхаа хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох болно. Хамгийн түрүүнд замын түгжрэлийг бууруулахын төлөө ажиллана. Ажлын туршлага, хувь хүний ёс суртахуун зэрэг олон зүйлийг харгалзан намайг нэр дэвшүүлсэн байх. Нийслэлийн намын хороог ахалж байгаагийн хувьд хариуцлагаа бүрэн үүрэхээс гадна сонгуульд ялсан байгууллагын дарга учраас өөрөө Засаг дарга болох ёстой гэдэг зарчмыг МАН-ын удирдлага баримталсан. Би Сонгинохайрхан дүүргийн иргэдийн итгэлийг өвөртлөөд УИХ-д сонгогдсон. Нийслэлийн Засаг дарга болж байгаа нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийнхээ итгэлийг хөсөрдүүлж байгаа хэрэг огт биш ээ. Харин ч тэдэнтэйгээ илүү ойр ажиллах, Баянхошуу, Толгойтод тулгамдаж байгаа асуудлыг та бүхэнтэй хамтарч шийдэх, амьдралыг өөд нь татах гэх мэт олон ажилд илүү ойроос хүчин зүтгэх болно. Зориг гаргаж иргэдтэйгээ ойр ажиллах замыг би сонгож байна. “Би нүх болгонд ордог оготно биш. Хотын дарга болохгүй” гэж хэвлэлд өгсөн ярилцлагын тухайд 50 хоногийн өмнө хотын дарга болох бодол надад байгаагүй. Яаж МАН-ыг олонх болгох вэ гэж л ажилласан. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах нь надад амар байгаагүй. Улаанбаатарын унаган иргэний хувьд түгжрэлгүй, утаагүй болоосой гэж хүсдэг. Би бүх хүнтэй хамтарч ажиллана” гэж байлаа.

Мөн МАН-ын бүлгийн даргаар Р.Дагва, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа нар ажиллахаар болов. ИТХ-ын тэргүүлэгчдийн тоог 11-ээр тогтоож, Ж.Батбаясгалан, Р.Дагва, Ж.Алдаржавхлан, Б.Пүрэвдагва, С.Даваасүрэн, М.Халиунбат, Б.Мөнхбат, Н.Баярчимэг, Д.Энхтуяа, Д.Бадарсан, Д.Гантулга нарыг сонголоо.

Түүнчлэн Баянхонгор, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийж, даргаа сонгон, Засаг даргад нэр дэвшүүлэв. Тодруулбал, Сүхбаатар аймгийн ИТХ-ын даргаар Д.Хосбаярыг сонгож, Засаг даргад М.Идэрбатыг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн олонх нь дэмжлээ. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргаар Б.Нарантуяаг сонгож, Ш.Оргилыг Засаг даргаар улираан ажиллуулахаар санал нэгдэв. Хэдхэн сарын өмнө Баянхонгор аймгийн Засаг дарга болсон Д.Мөнхсайханыг ч дахин нэр дэвшүүлсэн бөгөөд ИТХ-ын даргаар Э.Энхбатыг сонгосон байна. Хэнтий аймгийн ИТХ-ыг Г.Хэрлэнчулуун хэмээх бүсгүй удирдахаар сонгогдсон бол Засаг даргад Ц.Идэрбатыг төлөөлөгчид санал нэгтэй нэр дэвшүүлжээ. Аймгийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд батламжлан томилох юм.

Өнөөдөр Өвөрхангай, Увс, нөгөөдөр буюу энэ сарын 28-нд Төв, Орхон аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно. Мөн Дархан-Уул, Булган аймгийн ИТХ энэ сарын 30, Ховдынх ирэх сарын 1, Архангайн ИТХ арваннэгдүгээр сарын 3, Хөвсгөл, Говь-Алтай аймаг, Баянзүрх дүүргийнх мөн сарын 4-нд анхдугаар хуралдаанаа товложээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)