Нийслэлээ амьдралын таатай орчин бүрдүүлсэн хот болгож чадах уу

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-наас сурагчдын амралт эхэлсэн өдөр зам түгжрэлгүй байв. Маргааш, нөгөөдөр нь ч адил. Дандаа ийм байдаг ч болоосой гэмээр сэлүүхэн хэд хонов. Нийслэлд сургууль, цэцэрлэгт хүүхэд хүргэж өгч, авах ажилд 46 мянган машин “дайчлагддаг” тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байсан. Авто замын ачаалал ийм үзүүлэлтээр багасахад хот уужуу амьсгалах лугаа адил болж байна. Амьдарч буй хороолол, хотхонд сургууль, цэцэрлэг байхгүй болохоор хүмүүс хүүхдийг нь сургаж, хүмүүжүүлэх газар хаана байна, тэнд хүргэхээс яах вэ. Үүнд эцэг, эхийн буруу үгүй. Харин шинээр хороолол, хотхон, орон сууц барихдаа сургууль, цэцэрлэг байгуулдаггүй, төлөвлөдөг ч үгүйтэй холбоотойгоор гэр бүлүүдийн, хотын ч амьдралд хүндрэл үүсэх болжээ.

Үүнээс үүдэн замын түгжрэл ер нь багасах уу, эсрэгээрээ илүү ихсэх үү, өнөөдрийнх шиг өдөрт гурваас дөрвөн цагийг ямар ч үр дүнгүй өнгөрөөсөөр байх уу, ер нь тав, арав, хорин жилийн дараа нийслэл ямар байх вэ, Улаанбаатарын ойрын ирээдүй хэрхэн харагдаж байна вэ гэх зэрэг асуултад хариу хайсаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрыг зорьсон юм.

Тэнд очоод Улаанбаатар хотын төлөвлөлтийн ажлыг энд хийдэг, нийгмийн дэд бүтэц, сургууль цэцэрлэгийг ч багтааж иж бүрэн шийддэг боловч шинээр хороолол, хотхон барих аж ахуйн нэгжүүд хороолол, хотхоноо сургууль, цэцэрлэгтэй нь бүтээн байгуулах талд хойрго ханддагаас хүүхдүүдэд хаягласан газрыг өөр зориулалтаар ашигласан байдаг тухай мэдэж авав. Сүүлийн үеийн томоохон хотхонуудын “хувь заяа” бүгд ийм ажгуу. Хот, тосгоныг төлөвлөхдөө барилгажилтын норм ба дүрмийн дагуу ажилладаг байна. Мянган хүн амд ногдох нийгмийн дэд бүтцийн хангамж ба бага насны хүүхэд 250 метрийн радиуст цэцэрлэгт ирж, явж, сурагчид 500 метрийн радиуст сургуульдаа явж, ирж байж хүүхдийн аюулгүй амьдарч, сурч, боловсрох нөхцөл бололцоо бүрддэг ажээ.

Гэтэл манай улсад, тэр дундаа нийслэлд энэ норм, стандартын үнэр ч алга. Өмнөх нийгэмд бол мөрдөж байв. Хотын төв, III, IV, I хорооллыг аваад үзэхэд сургууль, цэцэрлэг нь хэдхэн алхмын зайд байдаг шүү дээ.

Нийслэлийн хот байгуулалтын асуудал эрхэлсэн тус байгууллага нь томоохон га талбайтай газар бүхий аж ахуйн нэгжүүдэд орон сууцны хороолол барих зөвшөөрөл өгөхдөө сургууль, цэцэрлэг барих газрыг заавал байлгах шаардлага тавьдаг аж. Гэвч энэ бодлого нь амьдралд хэрэгжихээр тааруу. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Олимп” хотхоныг гэхэд сургууль, цэцэрлэгтэй нь барихаар төлөвлөж байсан боловч хүүхдэд зориулсан барилга байгууламж барих ёстой газар нэг л мэдэхэд өөр зориулалтын болсон байжээ. Үүнээс харахад газрын харилцааны асуудал ерөнхий төлөвлөгөөтөйгөө уялдаа холбоо байдаггүй ажээ. Мөн тус байгууллагад хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр нийслэлийн гэр хорооллын нутаг дэвсгэрт сургууль, цэцэрлэгийн барилга шинээр 100-гаадыг барих ёстой. Гэтэл тус газар нь аль хэдийн иргэн, аж ахуйн нэгжүүдэд өмчлөх, эзэмших байдлаар олгогдсон, газар чөлөөлүүлэх болоход иргэд хашааны газраа зах зээлийн үнээс хэт өндөр үнэлэх зэргээс болж асуудал тулгардаг байна. Энэ мэт хүндрэлээс болж гэр хорооллын хүүхдүүд гэртээ ойрхон цэцэрлэг, сургуульд явж чадахгүй байсаар.

Цаашид байдлыг сайжруулах арга зам байна уу. Хот төлөвлөлтийн ойрын ирээдүйн дүр зураг ямаршуу байгаа юм бол. Энэ талаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын ерөнхий архитекторын ажлын албаны дарга, архитектор А.Баттөмөрөөс тодруулсан юм.

2020-2040 оны Улаанбаатарын хөгжлийн ерөнхий үзэл баримтлал нь нийслэлийг амьдралын таатай орчин бүрдүүлсэн хот байлгахын төлөө аж. Үзэл баримтлалаа БХБЯ-ны сайдын зөвлөл болон холбогдох холбоод, мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлжээ. Концепцын түвшинд Засгийн газраар хэлэлцүүлээд энэ онд багтааж нарийвчилсан зураг төсөл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний ажилд орох бэлтгэл ажлаа хангаад байгаа аж. Амьдралын таатай орчин гэдэгт юу, юуг хамруулж болох вэ. Тус ажлын алба 2018 онд судалгаа хийж барилга, байгууламжийн нягтрал өндөртэй хэсгүүдийг тодорхойлон, эдгээрт дахиж орон сууцны барилга бариулахыг хориглох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж, улмаар шийдүүлсэн аж. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1148 дугаар захирамжаар Зүүн Сэлбэ, Олимп хотхон орчим гэх мэтчилэн нийт 111 байршлын 1044 га талбайд инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохыг хориглосон байна.

Амьдралын таатай орчин бүрдүүлэх гэсэн том зорилгод хүрэхийн наана шийдэх асуудал олон. Зарим хүн бухимдахдаа хэлдэгчлэн улсын нийслэлийг тэр чигт нь нүүлгэж Хархоринд ч юм уу, хаа нэг тийш нүүлгэх боломж лав ойрын 20-30 жилд байхгүй. Тиймээс нийслэлийн оршин суугчид ажилтай, орлоготой, хүүхэд, багачууд нь гэртээ ойрхон цэцэрлэг, сургуультай, өдөр тутмын бухимдал багатай амьдрах нөхцөл бүрдүүлэхийн тулд нийслэлийн 15 дагуул, хаяа хот, тосгонд амьдрал цогцлоох зорилт тавьжээ.

Тиймээс юуны өмнө түрүүчийн нийгмийн дэд бүтцийн хангамжтай хаяа хот, тосгонуудад хүн ам олноор суурьших нөхцөлийг хангахыг зорьж байгаа юм байна. Үүний тулд тэдгээрт улсад хэрэгтэй үйлдвэрлэл, үйлчилгээг төрөлжүүлж хөгжүүлэх нь нийгэм, эдийн засгийн олон асуудлыг цогцоор шийдэх арга, зам байх юм гэж үзжээ. Тухайлбал, Налайхад дотроо нэгдсэн худалдааны, ложистик төвтэй барилгын материалын аж үйлдвэрийн парк, Багануурт хөнгөн үйлдвэрийн технологийн парк, Багахангайд нефть, химийн бүтээгдэхүүний агуулахууд байгуулах, Эмээлтэд малын түүхий эд, Партизанд сүү, сүүн бүтээгдэхүүний, Гачууртад эко үйлдвэрлэл, тэр дундаа хүлэмжийн аж ахуй түлхүү хөгжүүлэх гэсэн бодлого баримталж буй бөгөөд зарим газарт ажил эхэлсэн тул ажлын байр нэмэгдэх хандлагатай байгаа юм байна.

Дээрх ажлын алба эдүгээ Зураг, төслийн хүрээлэнгийнхэн 2000 оноос боловсруулж, 2002 онд Засгийн газраар батлуулсан Улаанбаатарын хөгжлийн тав дахь үеийн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг мөрдөн ажиллаж байгаа юм байна. Энэхүү төлөвлөгөө он цагийн нугачаанд өөрийн гэсэн түүхтэй болжээ. Тухайн үед монгол мэргэжилтнүүд үүнийг хуучны системээр бодон тооцоолж, хийсэн тул зах зээлийн нийгмийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн төлөвлөгөө болж хараахан чадаагүй юм байна. 2002 оноос хойш удаа дараагийн ган, зудаас болж орон нутгаас Улаанбаатарыг чиглэсэн урсгал ихэссэнээр нийслэлийн хүн амын механик өсөлт хэт ихсэж, 2008 оны байдлаар хотын хүн ам бүртгэлгүй иргэдийг оролцуулахад 1,5 сая орчим болсон байв. Хүн ам олширсонтой холбоотойгоор агаарын бохирдол, замын бөглөө зэрэг нийслэлийн амьдрал дахь сөрөг үр дагаврууд эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын хөгжлийн 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг тодотгох шаардлагатай болжээ. Тодотголын суурь судалгаа, ерөнхий концепц, төлөвлөлтийг 2030 он хүртэлх чиг хандлагатай нь хамт ЖАЙКА олон улсын байгууллага гаргаж, монголчууд хамтарч ажиллан, 2011 онд УИХ-аар батлуулжээ.

Уг тодотголд гэр хорооллыг гурван чиглэлээр хөгжүүлэх тухай заасан нь өнөөдрийн зарим бүтээн байгуулалтыг эхлүүлэх суурь болж өгчээ. Нэгдүгээрт дулааны шугам сүлжээд ойр буй хэсгүүдийг бүрэн шинэчилж орон сууцны хороолол болгох, дундхыг хэсэгчилж хангамжийг нь шийдье, захынхыг сайжруулъя гэсэн төлөвлөлтийг шинээр оруулж ирж. Мөн өмнө нь байгаагүй Улаанбаатар хотын дагуул, хаяа хотыг хөгжүүлье гэсэн бодлогыг тусгаж өгсөн нь нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд чухал байр суурь эзэлж буй ажээ. Гурав дахь чиглэл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил. Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотголд эдгээрийг тусгаж өгсний үрээр өнөөдөр гэр хороолол байсан газруудад орон сууцны хорооллууд босож байна.

Улаанбаатарын хөгжлийн зургаа дахь үеийн ерөнхий, 2020-2040 онд хөгжүүлэх төлөвлөгөөг 2017 оноос эхлүүлсэн бөгөөд өдгөө дунд шатанд яваа аж. Улсынхаа нийслэлийн хөгжлийн ойрын ирээдүйн тухай товч зураглахад ийм байна.

БНСУ нийслэлээ Сөүлээс шилжүүлэх үйл явц үргэлжилж буй юм билээ. Шийдвэрийг 2012 онд гаргасан бөгөөд тус улсын ирээдүйн нийслэл Сэжон хотод 2030 онд 500 мянган хүн суурьшуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм билээ. Азийн баруудын нэг нийслэлээ нүүлгэн шилжүүлэхэд ийм олон жил зарцуулж байхад боломж хомс манайд бол бүр амаргүй байх биз ээ. Хааяа хөөрцөглөн ярьдгаараа нийслэлээ шилжүүлэхийг санаархалгүй, харин дор бүртээ ухамсар, хариуцлагаа өндөрсгөж, норм, төлөвлөгөөг хууль мэт хэрэгжүүлэн, шаардлагатай бол газрын харилцаатай холбоотой зарим, нэг хөгжлөөс хойш чангаасан асуудлуудыг хуульчилж аваад урагшаа л давшъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)