“Нийслэлээс сайжруулсан түлш гаргахгүй, түүхий нүүрс оруулахгүй”

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх хоёр товчоо, хяналтын гурван цэгээр Улаанбаатарт түүхий нүүрс оруулахгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байх чиглэлээр мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Тодруулбал, ЦЕГ, НОБГ, НМХГ-ын албан хаагчид 24 цагийн турш дээрх газруудаар нэвтэрч буй тээврийн хэрэгслийг хянах аж. Мөн сайжруулсан шахмал түлш хадгалах саравч болон агуулахууд стандартын шаардлага хангасан, гал түймрээс сэргийлсэн, эсэхийг шалгажээ.

Үүнээс гадна нийслэлийн ундны усны төвлөрсөн хангамжийн долоон эх үүсвэр, төв талбайн усан оргилуур бүхий байгууламжид байрлах ундны усны цорго болон зарим гүний худгаас 33 дээж авч, цацрагийн үлдэгдэл бий, эсэхийг нь шинжилжээ. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээгээр цацрагийн аюулгүйн норм, стандартын шаардлага хангасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)