Нийслэлчүүд шарилжнаасаа салж чадахгүй нь

Улаанбаатар шарилжид идэгдээд удлаа. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас жил бүр “Шарилжгүй Улаанбаатар” аян өрнүүлдэг ч шарилж, хөл газрын ургамал төдийлөн багассангүй. Өнөө жил л гэхэд “Шарилжгүй Улаанбаатар” аяныг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна. Энэ удаагийн аян урьд жилүүдийнхээс онцлогтой. Өмнө нь ТҮК-иудын ажилтнуудыг дайчлаад хөл газрын ургамлаа түүлгэсэн нэр зүүдэг байсан. Угаасаа барагдахгүй их ажилтай тэд эл аянд төдийлөн цаг зав гаргах боломж хязгаарлагдмал байсан биз ээ. Эхний гурван жил уг аянд зориулж мөнгө төсөвлөж байгаагүй гэнэ. Харин өнөө жил хөдөлмөр эрхэлдэггүй 100 хүнийг цагаар цалинжуулж, хөдөлмөр хамгааллын хувцас, багаж хэрэгсэл, амны хаалтаар ханган ажиллуулах хотын ерөнхий менежерийн тушаал гарчээ. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас баталсан журмын дагуу дээрх иргэдийг цалинжуулж буй. 

100 хүний цалинд 107 сая, хувцас хэрэгсэл, цахилгаан хадуур, гар тармуур зэрэгт 600 000, амны хаалтад 750 000 төгрөг зарцуулжээ. Мөн шарилж устгах 13 тонн бодис гадаадаас захиалж авахад 50 сая төгрөг зарцуулсан аж. Уг бодисыг БНСУ-ын эрдэмтэд олон жил судалж, гаргаж авсан, химийн найрлагагүй, хүн уусан ч биед хор нөлөө үзүүлэхгүй бүтээгдэхүүн юм байна. Одоогоор тус бодисоос таван тонныг нь туршилтаар цацжээ. Үр дүн нь ч сайн гарсан гэнэ. Гэсэн ч хотын төв хэсэг, нийтийн эзэмшлийн цөөн талбай, зарим томоохон аж ахуйн нэгжийн хашааг эс тооцвол нийслэл шарилжид идэгдсэн хэвээр байна. Ийнхүү аяны үйл ажиллагаанд нийслэлийн ЗДТГ анх удаа 200 сая төгрөг зарцуулжээ. Сонирхуулахад, урд хөршийн Эрээн хотод хөл газрын ургамал устгах, ногоон байгууламж байгуулахад жилдээ 150 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэхүү ажилд нь 2000 гаруй хүн оролцдог юм байна.

Энэ оны аяны эхний шат зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 5 хүртэл үргэлжилсэн. Дараагийн шат нь энэ сарын 5-нд эхэлсэн бөгөөд ирэх 20-нд дуусна. Хаалтын өдөр нийслэл даяар их цэвэрлэгээ өрнүүлэх бөгөөд бүх аж ахуйн нэгж, иргэнийг хамруулна. Сурвалжилгын явцад зарим иргэнээс “Шарилжгүй Улаанбаатар” аян болон энэ сарын 20-нд хийх их цэвэрлэгээний талаар мэдсэн, эсэхийг лавлахад “Мэднэ” гэж хэлэх хүн нэг ч таарсангүй. Уг нь аяны хүрээнд хорооны Засаг дарга нарт мэдээлэл өгч, сургалт явуулсан билээ. Гэсэн ч энэ талаарх мэдээллийг олон нийтэд бараг түгээсэнгүй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Харшлын эсрэг хамтдаа” уриатайгаар энэ удаагийн аянаа зохион байгуулсан ч мэдээлэл муутайдаа тэр юм уу, үүнийг нь дэмжих, оролцох байгууллага төдийлөн байсангүй.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн З.Мөнгөнзул “Иргэн хашааныхаа доторх, гаднахыг, аж ахуйн нэгжүүд байгууллагынхаа эргэн тойрныг, орон сууцны айлууд ойр орчмыг цэвэрлэж, шарилж, хөл газрын ургамлыг түүх үүрэгтэй. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын 61, 63 дугаар тогтоол болон 2009 оны журамд тусгасан. Хог хаягдлын тухай хуульд ч тодорхой заасан. Нийслэлийн иргэн юм бол соёлтой байх хэрэгтэй. Хотын удирдлага иргэдийн хашаа, байрны гадна хог аваачиж хаяагүй. Бид албан байгууллага бүрт “Гаднах шарилж, луулиа цэвэрлэнэ үү” гэсэн албан бичиг явуулсан. Гэсэн ч олонх нь аянд хамрагдаагүй. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үүнд хяналт тавьж, шаардлагатай бол арга хэмжээ авна” гэсэн юм. Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хэлтсийн дарга Ж.Ганзориг “Аяны хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж байна. Улсын байцаагч нар албан байгууллагад мэдэгдэл хүргэж, үүрэг хариуцлагыг нь сануулж буй. Аян дуусахаар хамрагдаагүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно” хэмээв.

Аяны эхний шатанд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, амаржих газрууд, ЭХЭМҮТ, ХӨСҮТ орчмын 1.3 сая ам метр талбайн шарилжийг түүсэн байна. Үүнээс гадна Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн хашааны зэрлэг ургамлыг түүж, цэвэрлэсэн гэнэ. Харамсалтай нь, бороо орсны дараа дахин шарилжид “дарлуулжээ”. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус хүрээлэнгийнхэнд албан бичиг илгээж, хүүхэд тоглож нааддаг орчныг цэвэрлэж, хариуг албан бичгээр мэдэгдэхийг шаарджээ. Хоёрдугаар шатанд 1.1 сая ам метр талбай буюу сургууль, цэцэрлэгийн орчны болон гуу жалгын шарилжийг түүж буй. Дээрх аянд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн ЗДТГ, зам цэвэрлэх, ногоон байгууламж арчлах чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүд, хөндлөнгийн хяналт тавих ТББ-ууд ч оролцож байгаа аж.

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал Д.Гүрбазарын зөвлөж буйгаар шарилжид баяртай гэж хэлэх уг нь хялбар гэнэ.

Булцуугаа нээхээс нь өмнө буюу цэцэг тоосоо гөвөхөөс урьтаж тайрах шаардлагатай. Ингэхдээ доод ишнээс нь 10-15 см өндөр хэсгийг үлдээвэл хөрсийг гэмтээхгүй, сийрэгжүүлэхгүй, элэгдэл үүсэхээс хамгаалах ач холбогдолтой юм байна. Уг ургамлыг зулгаахгүй, тайрах нь хөрсний бүтцийг сайжруулж, үржил шимийг нэмэгдүүлдэг аж. Улмаар тоосжилтыг бууруулж, хүчилтөрөгч ялгаруулдаг. Энэ аргыг хоёр жил хэрэглэсэн байхад шарилж дахин ургахгүй, хөрс эрүүлжиж, зүлэг аяндаа ургадаг юм байна. Гурван жилийн өмнө Сэлбэ голын орчмын, эзэнгүй гуу жалгыг ийм аргаар цэвэрлэжээ. Өдгөө тухайн газрын хог ургамал харьцангуй бага болсон гэж албаныхан мэдэгдсэн.

“Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд дүүргүүдийн ЗДТГ багахан хэмжээний газрыг цэвэрлэсэн болж, домоглодгийг шүүмжлэх хүн цөөнгүй. Өөрөөр хэлбэл, жилийн жилд эл аяныг зохион байгуулдаг ч хотын шарилж, лууль багасахгүй, тэр ч бүү хэл, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс авсан мэдээллээр ургамлын харшилтай хүний тоо сүүлийн гурван жил өссөн байна. Тодруулбал, ургамлын харшлын эмчилгээ хийлгэсэн хүний тоо 2016 онд 4233 байснаа, дараа жил нь 4548, өнгөрсөн онд 5470 болж тогтмол нэмэгджээ. Ургамлын харшил долоо, найм, есдүгээр сард “хүчээ авдаг”. Энэ үед харшилтай иргэдийн нүдний салст хуурайшиж, нулимс гоожиж, хамар битүүрч, хоолой боож, хүзүү, гар загатнаж бачууруулдаг гэх. Хөл газрын ургамлын булцуу задрах үед тоос нь 5-10 метр, зарим үед түүнээс ч хол тархдаг учраас тэр. Хогийн ургамал ийм хөнөөлтэй учраас хотынхон сүүлийн жилүүдэд шарилжтай эрчимтэй тэмцэх болсон. 

Даанч аж ахуйн нэгж, олон нийтийн дэмжлэггүй учраас энэ нь үр дүнд хүрдэггүй. Уг нь зургадугаар сарын сүүлч үед аж ахуйн нэгжүүд ойр орчмын, иргэд хашаа хорооныхоо шарилжийг тайрчихвал Улаанбаатар тодорхой хэмжээнд өнгө нэмнэ. АӨСҮТ-ийн эмч н.Гэрэлтмаагийн хэлснээр социализмын үед нийслэл шарилжгүй, хүн амын дунд ургамлын харшил бараг байдаггүй байж. Харин сүүлийн жилүүдэд эл өвчний тохиолдол тасралтгүй өсөж, хор нөлөө нь улам нэмэгджээ. Гол нь нийслэлийн гудамжаар хаа сайгүй шарилж дүүрэн байгаа учраас өвчлөл буурах боломжгүйг онцолсон. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан ч нийслэлийн ганц нэг байгууллага дангаараа шарилжийг устгаж дийлэхгүй, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо чухал гэдгийг удаа дараа хэлсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн нутаг Таван шар, Хан-Уулд Сонсголон, Баянгол дүүргийн зарим хороодоор очиход хаа сайгүй шарилж, лууль сэгсийж харагдсан. Яагаад үүнийг цэвэрлэхгүй байна вэ гэж дүүргүүдийн ЗДТГ-ынхнаас лавлахад “Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд манай бүх хороо шарилжаа түүж байгаа” гэх хариулт өгч байв. Харамсалтай нь, үр дүн төдийлөн харагдахгүй, хэлсэн, хийсэн хоёр нь алд дэлэм зөрж, Улаанбаатар шарилжтай хэвээр буй билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)