Нийслэлчүүдийн мэдэлд буцаж ирсэн газрууд

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн байх ёстой 12 газар өнгөрсөн онд нийслэлчүүдийн мэдэлд буцаж иржээ. 12 нэгж талбарыг хэмжээгээр нь тооцож үзвэл 2000 ам метрээс эхлээд 2.5 га хүртэл гэхээр хотын төвд нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, гудамж, талбайн эзлэх хэмжээ өнгөрсөн жил ес гаруй га-гаар нэмэгдсэн гэсэн үг. Улаанбаатар хотын 470 444 га газар нутгаас нийтийн эзэмшлийнх нь ердөө 570 гаруй га талбай байдаг. Уг газрын талбайн хэмжээг ийнхүү ганцхан жилийн дотор 10 орчим га-гаар нэмэгдүүлсэн хэрэг. Нийтийн эзэмшлийн гэх гудамж, талбайнууд нидэр дээрээ хувийн өмчид байсны илрэл энэ.

Тухайлбал, Д.Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газраас эхлээд Монгол, Туркийн цэцэрлэгт хүрээлэн, Тагнуулын ерөнхий газрын байрны урд талд байрлах Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, Улсын драмын эрдмийн театрын урд талын цэцэрлэгт хүрээлэн буюу Ю.Цэдэнбалын хөшөөтэй талбай, МУИС-ийн хичээлийн II байрны урд талын Оюутны талбай, Хөрөнгийн биржийн урд талын авто зам гээд хотын төвийн А зэрэглэлийн алд газар, сул зай, нүх сүв болгоныг нэг эзэнтэй компанид эзэмшүүлчихсэн байв. Тэдгээр газрын эзэмших эрхийг 2019 онд хотын захирагч С.Амарсайхан цуцалж, нийслэлд буцаан авсан тухай баримт цагаан цаасан дээр хараар бичигдэж үлджээ. Ингээд ямар газруудын эрхийг хүчингүй болгож, нийслэлчүүдийн мэдэлд буцаан авсныг дурдъя.

ХОНХТОЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Сүхбаатар дүүргийн VI хороо, их жанжин Д.Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газрыг орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний төвийн зориулалтаар “Юү Би констракшн” ХХК-д эзэмшүүлэх эрх олгожээ. 2019 онд нийслэлийн Засаг даргын А/364 тоот захирамжаар уг газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Улмаар нийслэлийн Засаг дарга энэ онд А/344 тоот захирамж гаргаж, тус газрыг нийтийн эзэмшилд авсан. Өдгөө тохижилт, ногоон байгууламжийн ажил хийж байна.

ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УРД ТАЛЫН АВТО ЗАМ

Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дэвсгэр, Хөрөнгийн биржийн урд талын 700 ам метр газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д банкны үйл ажиллагааны зориулалтаар эзэмших эрх олгожээ. 2019 онд нийслэлийн Засаг даргын А/563 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. Машины орц, гарцыг хааж авто зам дээр газар олгосныг ийнхүү цуцалсан юм.

ОЮУТНЫ ТАЛБАЙ

Сүхбаатар дүүргийн VIII хороо, МУИС-ийн хичээлийн II байрны урд талын Оюутны талбайн

0.12 га газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д орчны тохижилттой, газар доорх гарааш бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлэх эрх олгожээ. Нийслэлийн Засаг дарга 2019 онд А/571 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон.

МОНГОЛ, ТУРКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах Монгол, Туркийн цэцэрлэгт хүрээлэнгийн 1.08 га газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д орчны тохижилттой, газар доорх гарааш бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлжээ. Уг газар эзэмших эрхийг 2019 оны нийслэлийн Засаг даргын А/572 тоот захирамжаар нь хүчингүй болголоо.

Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨ БҮХИЙ ТАЛБАЙ

Сүхбаатар дүүргийн I хороо, Сөүлийн гудамж, УДЭТ-ын хойд талд байрлах, Ю.Цэдэнбалын хөшөө бүхий талбайн 0.4 га газрыг “Улаанбаатар капитал ББСБ” ХХК-д орчны тохижилттой, газар доорх гарааш бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлэх эрх олгожээ. 2019 онд нийслэлийн Засаг даргын А/1352 тоот захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон юм.

АСАШЁОРЮҮГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Чингэлтэй дүүргийн I хороо, Жуулчны гудамж, ТЕГ-ын урд талд байрлах, Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн 2400 ам метр газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д орчны тохижилттой, олон давхар газар доорх гарааш бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. 2019 оны нийслэлийн Засаг даргын А/1351 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгов.

ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨНИЙ БАРУУН ТАЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Хан-Уул дүүргийн I хороо, 120 мянгат дахь тэмээтэй хөшөөний баруун талын цэцэрлэгт хүрээлэнгийн 2194 ам метр газрыг “Номин холдинг” ХХК-д үйлчилгээтэй орон сууцын зориулалтаар эзэмших эрх олгосон байв. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/562 тоот захирамжаар газрын эрхийг нь хүчингүй болгосон. Өдгөө тус газарт ногоон байгууламж, тохижилтын ажил хийж буй.

ТӨМӨР ЗАМЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Баянгол дүүргийн IV хороо, Төмөр замын төв буудлын арын цэцэрлэгт хүрээлэнгийн газраас Авлигатай тэмцэх газарт ажилчдын орон сууцын зориулалтаар 2300 ам метр талбайг эзэмших эрх олгосон байжээ. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1073 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, 1.6 га талбайг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт цэцэрлэгт хүрээлэнгийн зориулал

таар эзэмшүүлжээ. Ингээд тус нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар тохижилт, ногоон байгууламжийн ажил гүйцэтгүүлсэн байна.

ХОККЕЙН ТАЛБАЙН ГАЗАР

Баянзүрх дүүргийн IV хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд урьд нь хоккейн талбай байсан. Тус талбайн 1.8 га газрыг дүүргийн Засаг даргын Тамгын газарт спорт цогцолборын зориулалтаар эзэмших эрх олгожээ. Гэвч эзэмшил газраа 10-аад жилийн турш ашиглаагүй тул нийслэлийн Засаг даргын А/1024 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгожээ. Ингээд уг газарт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн спорт талбай байгуулах болсон. Өдгөө бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай байна.

“ДИПЛОМАТ 95”-ЫН АРЫН ТАЛБАЙ

Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Дипломат 95” орон сууцын хойд талын 2000 ам метр газрыг Гадаад харилцааны яаманд ажилчдын орон сууцын зориулалтаар эзэмшүүлжээ. Гэвч барилгын ажлыг эхлүүлэхээр суурийн нүх ухсанаас хойш зургаан жилийн хугацаанд ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй аж. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн онд газар эзэмших эрхийг хүчингүй болгож, тус газрыг ногоон байгууламж, орчны гэрэлтүүлэг бүхий цэцэрлэгт хүрээлэн зориулал болгон тохижуулсан.

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ЗҮҮН ТАЛЫН ТАЛБАЙ

Хан-Уул дүүргийн XV хороо, Богд хааны ордон музейн Өвлийн ордны зүүн талын 1.4 га газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар “Ван трейд” ХХК-д эзэмшүүлжээ. Гэвч тус компанийнхан эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахгүй 6-7 жил болсон. Тийм учраас нийслэлийн Засаг дарга А/439 тоот захирамж гарган, тухайн компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, тус талбайд Богдын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эхлүүлсэн. Монголын шашин, төрийн түүхэнд хүндтэй гавьяа байгуулсан Богд хааны баримлаас эхлээд нийт 13 хөшөө дурсгал задгай тэнгэрийн доорх энэхүү музейд сүндэрлэх юм.

ОРОСЫН ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН ТӨВИЙН БАРУУН ТАЛЫН ТАЛБАЙ

Баянзүрх дүүргийн I хороо, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн баруун талын 2.4 га газрыг “Эс Энд Ви Юү” ХХК-д орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлжээ. Улмаар нийслэлийн Засаг даргын А/1091 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулж эхэлсэн юм. Гэвч тус компани шүүхээр заргалдаж, саяхан заргаа авчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)