Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийнхөн өмхий үнэр дунд ажиллаж байна

Хотын дарга асан Э.Бат-Үүл Шүд, эрүү, нүүрний төвийн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй нэрээр үйл ажиллагааг нь зогсоосон. Улмаар тухайн газрыг нь зарсныг олон нийт андахгүй. Үр дүнд тус эмнэлгийнхэн түрээсээс түрээсийн байранд нүүж, суусаар гурван тэрбум шахам төгрөг зарлагадсан гэдэг. Өдгөө тус байгууллага өөрийн гэсэн байртай болсон. Шинэ байрандаа ороод жил гаруйн нүүр үзэж байна. Үйлчлүүлэгчид тус төвийн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй, эмнэлэг байхад тохиромжгүй, эвгүй үнэртэй, шал нь зайтай, хүйтэн, машины зогсоолгүй хэмээн гомдол гаргасны мөрөөр сурвалжиллаа. Биднийг очиход тус төвийн давхар болгонд үйлчлүүлэгч шавж, эмч нар нь толгой өндийх завгүй ажиллацгааж байв.

Шинэ барилга мөртлөө давхар бүрийнх нь ариун цэврийн өрөөнөөс эвгүй үнэр ханхлах аж. Ялангуяа нэгдүгээр болон В1 давхрын ариун цэврийн өрөө болон хонгилоос муухай үнэр нэвт ханхлах юм билээ. Улмаар шатны бариул нь мултарсан, ханын гипсэн хавтан нь нумарч хунирсан, шал нь овон товон болсон гээд өө, сэвтэй, дутуу зүйл их харагдлаа. Тийм хэдий ч эмч нар байнга цэвэрлэгээ хийж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангадаг аж. Барилгын ажлыг М.Ганбаатар захиралтай “Алтан горхи” гүйцэтгэсэн аж.

Анхнаасаа оффисын зориулалттай барьсан барилгыг худалдан авч эмнэлгийн зориулалтаар засаж янзалсан гэх. Энэ барилгыг засаж тохижуулах ажилд нийслэлийн Эрүүл мэндийн газраас захиалагчийн хяналт тавьж, эмнэлгийг хүлээж авах комисст НЭМГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн удирдлага байлцжээ. Шүд, эрүү, нүүрний төвийн захирал Л.Хэнтийгээс энэ талаар лавлахад “Манай төв 33 жилийн түүхтэй байгууллага. Бид сүүлийн таван жил түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, эмч нар маань үнэхээр хүнд нөхцөлд ажилласан. 

Сард 22 сая төгрөг бусдад өгч, одоо байгаагаас муухай, өмхий үнэртсэн газарт байлаа. Одоо өөрийн гэсэн зургаан давхар байртай болсон. Үүнд хотын удирдлага ихээхэн анхаарсан. Улсын комисс эл барилгад эмнэлгийн үйл ажиллагаа явуулж болно хэмээн зөвшөөрсөн. Бид эмнэлгийн зориулалтаар тохижуулах зураг, төслөө гаргасан. Зассан, орсон. Өдгөө үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун. Тасаг бүхэн төрөлжиж, давхар бүрт үйл ажиллагаа явуулж байна. Барилгын хувьд асуудал бий. М.Ганбаатар захиралд удаа дараа хандаж, мэдээлэл хүргүүлсэн. Барилгыг барьсан “Алтан горхи” компани засвар үйлчилгээ хийж буй. Ер нь энэ компани засвар үйлчилгээг гурван жил хариуцна. Гэрлийн шил сольж өгсөн. Барилга худалдаж авах шийдвэрийг нийслэлийн удирдлага гаргадаг. Хэцүү нөхцөлд байсан тул баярлаад л орсон. Бэлгийн морины шүд үздэггүй шүү дээ” гэв.

Эх сурвалжийн мэдээснээр, энэ барилгыг худалдан авахад ашиг сонирхлын зөрчил орсон гэх. Тодруулбал, тухайн үеийн Засаг дарга С.Батболд танил талдаа давуу эрх олгосон гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, тендер зарласан нэрээр ганц компанийн материал хүлээн авч, түүнийгээ сонгон шалгаруулсан гэх. Хотын дарга С.Амарсайхан энэ талаар “Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвд анхаарал хандуулж буй. Ажлын хэсэг томилж, мэдээлэл цуглуулсан. Хүндрэлтэй асуудлыг судалж, хүмүүст чиглэл өгнө” гэсэн юм. Тус төвийн барилга 1000 ам метр талбайтай бөгөөд 4.6 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Энэ хэмжээний мөнгөөр 3000 ам.метр талбайтай, гаднаа зогсоолтой байр авах боломжтой байсныг С.Амарсайхан даргаас авхуулаад бусад эмч, мэргэжилтэн хэлж байна. Тухайн үед нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн удирдлага, эмч ажилтнууд ийм барилгад орохгүй хэмээн эсэргүүцээд дийлээгүй гэх. Эцэстээ, хотын даргын шахаанд орж, олон жил түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, нуруугаа авхуулсан морь мэт ядарсан эмч нар арга буюу нүүн оржээ.

Өдгөө ашиглалтын шаардлага хангахгүй эл байрнаас байнга өмхий үнэртэж, эрүүл ахуйн дэглэм алдагдуулахгүй үүднээс тус төвийнхөн ачаалалтай ажлынхаа хажуугаар өглөө бүр цэвэрлэгээ хийдэг, мөн пүрэв гараг бүрт их цэвэрлэгээтэй байдаг гэсэн.

Өмхий үнэртэй, дусаал гоождог, ус алддаг эл барилгыг удирдлага нь чадлынхаа хэрээр тордож байна. Гаднаас нь харахад өнгө үзэмжтэй, сайхан барилга хэдий ч дотроо зай муутай, ашигтай талбай бага, байгууллагын гуравны нэг нь шат гэдгийг эмч нар онцолж байв. Өөрөөр хэлбэл, эмч нар гаднаа гяланцаг, дотроо паланцаг байранд үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаар нэгэн эмч “В1 давхраа оруулаад зургаан давхар гэж ярьдаг. Түүнээс бус, таван давхар барилга шүү дээ. Эмч нар дор бүрнээ хичээж байгаа ч халдвар хамгаалалтын асуудал үнэхээр найваргүй. Багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, эмч биднээс шалтгаалахгүй. Сантехникээс болж олон асуудал үүсэх магадлалтай” гэв. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сантехникийн схем зураг авчрахыг шаардаж буй ч “Алтан горхи” компанийхан өгөхгүй байгааг эх сурвалж хэлсэн.

Иймээс хаанаас ус алдаж, аль газраас нь өмхий үнэртээд байгаа шалтгааныг жил орчим болж байхад тодруулж чадаагүй сууна. Өглөө орж ирэхэд өмхий үнэр илүү их үнэртдэг гэнэ. Албаны хүний хэлж буйгаар, халуун орчинд өмхий үнэртэх нь нян, бактери үржих нөхцөл үүсдэг. Нян, бактери ихтэй газарт томуу, томуу төст өвчин, сүрьеэ тусах магадлал өндөр гэнэ. Үүнээс гадна эмч нар байгалийн гэрэл тусдаггүй, цонхгүй өрөөнд ажиллаж байна. Өмхий үнэртэй, дээрээс нь байгалийн гэрэлгүй өрөөнд ажиллах нь эмч нарын эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхгүй нь лавтай. Ер нь энэ эмнэлгийг хүлээн авахад улсын комисст оролцсон хүмүүсээс хэн нь ч мэдээлэл өгсөнгүй, шаварт унасан шарын эзэн гэгчээр Л.Хэнтий дарга л мэдээлэл өгсөн юм. НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар даргын хувьд барилгатай танилцсан эхний өдрөө улсын комисст орж ажиллахаас татгалзаж, нэрээ татсан гэнэ.

Барилга асуудалтайг эс тооцвол эмч мэргэжилтнүүд нь сайн ажиллаж буй аж. Улсын төсвөөс ганц ч төгрөг гаргуулалгүйгээр олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдан байгууллагадаа 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж чаджээ. Тэр мөнгөөр 54 эмчийг гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, Герман болон Тайваниас тоног төхөөрөмж авчээ. Эмнэлгийн таван давхрыг бүхэлд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тохижуулсан байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тасаг болгоноор орохгүй, эмчлүүлж буй өрөөнөөсөө бүх үйлчилгээ авна. Урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх, зураг авхуулах, нойрсуулах үйлчилгээ авах аж. Ийнхүү ямар ч асуудал гарсан даван туулна гэсэн хоёргүй сэтгэлээр эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна.

Бид удаан хөөцөлдсөний эцэст “Алтан горхи” компанийн захирал М.Ганбаатартай холбоо барьсан юм. Тэрбээр “Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв 73 ажилтантай. Тийм хэрнээ сантехникийн болон засварын ажилтангүй. Би толгойтой хүн бүрийн гомдлоор очиж, засвар үйлчилгээ хийж байна. Өмхий үнэртээд байгаа асуудлыг янзлахаар ажиллаж байгаа. Урьтаад эдний тоног төхөөрөмжийн мэргэжилтэн нь сантехниктэй холбосон шүдний машинуудаа шалгана гэсэн. Дараа нь бид шалгана. Сантехникийн схем зургийг архивын газраас авч өгсөн. Гипсэн хавтангаа замасктаж, үнэргүй будгаар будна. Шинээр хулдаас тавьж өгнө. Амралтын өдрүүдээр ажиллаж, даваа гарагт энэ асуудлыг цэгцэлсэн байх болно. Ажил хийж байхад шүүмжлэл гаралгүй яах вэ. Засаж сайжруулаад явна” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)