“Нийслэлийн тэргүүний өрх” хашаандаа 30 гаруй төрлийн мод, бут тарьжээ


Нийслэлийн хөгжил дэвшилд гар бие оролцон, орчин тойрныхоо тохижилт, бүтээн байгуулалтад сэтгэл зүрхээ зориулж, бусдадаа үлгэр дуурайл болсон өрхийг жил бүр шалгаруулан, “Нийслэлийн тэргүүний өрх” өргөмжлөл олгодог уламжлалтай. Энэ жил 23 дахь удаагаа болсон арга хэмжээнд долоон дүүргийн есөн өрх шалгарлаа. Тэдний нэг нь Ж.Балдандоржийнх. Өрхийн тэргүүн Ж.Балдандорж Зэвсэгт хүчинд 32 жил ажиллаж, өдгөө гавьяаныхаа амралтыг авсан нэгэн.

Гэргий А.Оюу нь эмч мэргэжилтэй, мөн л цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ. Ж.Балдандорж Баянхонгор аймгийн “Нефть бааз”-д эдийн засагчаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр цэргийн алба хаахаар ажлаасаа чөлөөлөгдсөн гэнэ. Улмаар Зүүнбаянгийн цэргийн ангид гурван жил алба хааж, Цэргийн их сургуулийг бага дэслэгч цолтой төгссөнөөр амьдралаа армитай бүрмөсөн холбожээ. Байлдагчаас дарга болтлоо армид зүтгэсэн тэрбээр армийн бэлтгэл хурандаа цолтой гавьяаныхаа амралтыг авсан ч нэг ч өдөр зүгээр сууж үзээгүй гэнэ.

Уг нь түүний улсад хийсэн гавьяаг нь үнэлж, хоёр өрөө орон сууцаар шагнаж байжээ. Гэвч ганц ч сар бололгүй улсаас авсан байраа бага охиндоо өгч, өөрсдөө 0.07 га газар авч, төвхнөв. Одоо амьдарч буй Баянгол дүүргийн XXIII хороонд байрлах газрыг нь хэт хазгай, уулын орой дээр гэх мэт шалтгаанаар хүмүүс голоод авдаггүй байж. Харин тэд баярлаад л авсан гэдэг. Хазгайг нь тэгшилж, болохгүйг нь болгосоор өвөл, зуны хоёр байшин барьж амжсан байна. Машин бүү хэл хүн ч гарахад хэцүү байсан уулын энгэрт “Хурандаагийн зам” зурайснаар одоо багтаж шингэхгүй болтлоо айл буужээ.

“Улаанбаатар хотод жимс, ногоо тарих хэцүү. Ялангуяа манай эндхийн хад чулуу ихтэй хөрсөнд юу л ургав гэж. Хурандаа шал дэмий ажил хийж, биеэ зовоох юм. Муу хөгшнийгөө хүртэл хөлдөө чирчихлээ” хэмээн хөршүүд нь түүнийг зэмлэдэг байж. Гэтэл “Энэ хөрсөнд жимс, ногоо ургах болов уу” гэсэн сониуч бодолдоо хөтлөгдөн мод, бут суулган, чадахгүй, мэдэхгүй зүйлсээ судлаачдаас хүртэл сураглан, бага багаар тарьж эхэлсэн гэдэг.

Амьдрахад ч хүрэлцэхгүй хэмээн голж суух зарим нь байхад, тэд жижиг гэж гололгүй хашаандаа мод, бут, жимс, жимсгэнэ гээд тариагүй зүйл алга. Өдгөө тарьдаг зүйлс 30 гаруй төрөл болтлоо нэмэгджээ. Мөн өвөлдөө эвхээд хураачихдаг, зундаа дэлгээд жимс, ногоо тарьчихдаг хүлэмжтэй ч болсон гэнэ. “Олон жил армид ажилласан болохоор хаяа бөөр өвдөөд байдаг юм” хэмээн ярих тэрбээр Тэхийн шээг гэх эмийн ургамлыг хашаандаа тариад, буцалгаад уучихдаг сүйхээтэй ажээ. Өдгөө 97 нас хүрч буй ээждээ ч өгдөг гэнэ.

Мөн уулнаас гүзээлзгэнийн бут авчраад суулгасан нь сүрхий ургадаг болжээ. Чацаргана гэхэд л хоёр сортынх байхад яг хажууханд нь мойл цэцэглэсэн түүний хашаанд зун, намрын улиралд нэг орсон хүн гарахын аргагүй мэт санагдсан. “Намар 80 гаруй кг чацаргана түүгээд цааш нь дийлсэнгүй” хэмээх тэдний чацарганын бут шарлаж харагдах нь багагүй ургац үлдсэнийг илэрхийлэх бизээ. 04.00 цагт ажлаа эхлүүлдэг хоёр буурай мод, бутаа зөвхөн нэг удаа услахдаа 1.2-1.5 тонн усыг багагүй зайтай харагдах худгаас зөөдөг аж. Хашаандаа гүний худаг гаргуулахаар хөөцөлдсөн ч уулын орой дээр шахуу учир усны судал байхгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Тиймээс өөрсдөө л усаа зөөж хашаан дахь хэдийгээ тордохоос өөр аргагүй. Үүнийхээ хажуугаар өвөл хүнсэндээ хэрэглэх төмс, хүнсний ногоогоо ч базаачихдаг аж. Гавьяаны амралтаа авсан гээд зүгээр сууж чадахгүй, өөрсдийн орчин тойрон хийгээд нийслэлийнхээ өнгө үзэмжийг сайжруулах гэж чадлынхаа хэрээр зүтгэж яваа энэ айлын баялгийг тоочоод байвал дуусахгүй. Энэ ч болохгүй, тэр ч бүтэхгүй хэмээн шалтаг, шалтгаан тоочиж суух залууст энэ эрхэм хүмүүсээс суралцах зүйлс олон байлаа. Тиймдээ ч энэ оны дүүргийн “Шилдэг гэр бүл”-ээр шалгарч, улмаар “Нийслэлийн тэргүүний өрх”-өөр өргөмжлөгдлөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)