Нийслэлийн МАН-ын хороог Д.Сумъяабазар удирдана


Нийслэлийн МАН-ын хорооны бага хурал жил гаруй дуншсаны эцэст өнгөрөгч баасан гарагт болов. Үүрэг гүйцэтгэгч даргатай, өөр хоорондоо хөлөө жийлцсээр өдий хүрсэн тэд сая удирдлага, зохион байгуулалтын бүрэлдэхүүнээ шинэчлэв. Бага хуралд нийт 369 төлөөлөгч оролцохоос 333 нь иржээ. Нийслэлийн хэмжээнд МАН-ын 152 үүр бий бөгөөд тус бүр 1-2 мандаттайгаар тус бага хуралд оролцсон. Үүнээс гадна үүрээс мандат авалгүй, бага хуралд шууд оролцох эрх бүхий 80 хүн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан юм.

Тэд намын зарим удирдлага, УИХ-ын гишүүн, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар аж. Сүүлийн жил гаруйн хугацаанд анзаарагдсан ан цав, эвдрэлцэл бүхий уур амьсгал хуралдааны танхимд ч мэдрэгдэж байсан юм. Тухайлбал, хуралдаан эхлэхийн өмнө зарим төлөөлөгч “Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн төлөөлөгчдийн мандат цөөн, бусад дүүргийнхийг нэмсэн байна” хэмээн эсэргүүцэж, мандатын тоо болон бусад мэдээллийг ил болгох, шударга хурал зохион байгуулахыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Намын анхан шатны нэгжийн дундаас гарч ирсэн хүмүүс энд байна. Г.Мөнхбаяр дарга (нийслэлийн Засаг дарга асан тэрбээр тус хуралдааныг удирдсан) аа, олон хүн энэ хурлын чинь журмыг эсэргүүцэж байна. Хурлыг хэт хайрцагласан байдлаар зохион байгуулах нь. Энэ танхимд мандат авч орж ирсэн хүмүүсийг хэн шалгаж байгаа юм бэ. Бидний хувьд төлөөлөгчдийн нэрийн жагсаалт нууц байна” гэсэн юм.

Хуралдааны танхимын гадна ч ТҮЦ эрхлэгчдийн холбооныхон, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, “Сант” сургуулийн өргөтгөлийн барилга барьсан мөнгөө тус компаниас авч чадаагүйнхээ төлөө суулт хийж яваа “Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэр нар уриа лоозон барин жагслаа.

Бага хурлын өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, нийслэлийн МАН-ын хорооны даргад Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг томилох санал хүргүүлсэн ч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танхимаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлсэн юм.

Ийнхүү үүр цайтал хуралдаж, нууц санал хураалтын дүн гарахад төлөөлөгчдийн олонх нь УИХ-ын гишүүн, сайд Д.Сумъяабазарыг дэмжсэнээр нийслэлийн МАН-ын хороог удирдах боллоо. Тэрбээр төлөөлөгчдийн 50.6 хувийн санал авсан байна. Ингэхдээ өрсөлдөгчөөсөө ердөө гурван саналаар илүүрхсэн аж. Эл ялалтад нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд чухал үүрэг гүйцэтгэж, Д.Сумъяабазарыг багагүй лоббидсон сурагтай.

Юутай ч, УИХ болон Засгийн газрын гишүүний “давхар дээл”-тэй Д.Сумъяабазар 2020 оны ээлжит сонгуульд нийслэлийн МАН-ын хороог удирдаж оролцох нь. Тэрбээр сонгогдсоныхоо дараа “Эхний ээлжинд улс төрийн хэд хэдэн шийдвэр гаргах ёстой. Нийгэмд үүссэн зарим асуудлын талаар намын удирдлагатай санал солилцож, тодорхой шийдвэр гаргана. Улс төрийн шийдвэр нэгэнт гарсан учраас эрс шинэчлэлийн ажлыг яаралтай эхлүүлэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Тэгвэл нийслэлийн Засаг дарга С.Батболд уг хуралдааны өмнөх өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүлээх хариуцлагадаа дүйх улс төрийн эрх мэдэл нь хотын даргадаа байх ёстой” хэмээн онцолсон. Нийслэлийн намын хорооны удирдлагыг 20-иод жилийн дараа “хотын фракц”-ынхнаас салгалаа гэгдэж буй тэд С.Батболдоос Улаанбаатар хотын захирагчийн албыг нь ч авах уу гэдэг асуулт тулгарч байна. Ингэхдээ УИХ, Засгийн газрын гишүүн Д.Сумъяабазар өөрөө бус, өөр хэнийг нийслэлийн Засаг даргад зүтгүүлэх бол гэсэн таамаг хөврөөд эхэлчихэж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)