Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр хотын даргаас уучлал гуйв

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр 2014 оны нэгдүгээр сарын 23-нд ИТХ-ын ээлжит чуулганы индрээс мэдэгдэл хийх үеэрээ “Багшийн дээдийн автобусны буудлын дэргэдэх “Сонор плаза” гэх барилга нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өмч”, Чингис хааны нэрэмжит талбайд болсон МАН-ын цуглааны үеэр “...хотын дарга өөрөө Хандгайтад 5 тэрбумын хаусанд амьдарч байна...” зэргээр гүтгэлгийн чанартай үндэслэлгүй мэдээлэл тараасан. Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  гомдол гаргасан бөгөөд тус шүүхээс НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаярын хэлсэн үгийг гүтгэлэг хэмээн үзэж, яг энэ мэдээлэл тараасан хэлбэрээрээ хотын даргаас уучлалт  гуйж, нэр төрийг нь сэргээх шийдвэр гаргажээ. Тэгвэл өнөөдөр болсон нийслэлийн ИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдааны үеэр төлөөлөгч Г.Ганбаяр нийслэлийн Засаг даргын талаар үндэслэлгүй, худал мэдээлэл тарааж, гүтгэснээ хүлээн зөвшөөрч албан ёсоор уучлалт гуйсан байна.   


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)