Нийслэлийн Засаг дарга “Сайдын цаг”-т оролцов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Сайдын цаг” уулзалтад оролцож, “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Түүний хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт оролцох байсан ч ирсэнгүй. Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууц голлосон хороолол хөгжүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бий болгох “Сайн хашаа” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх журмыг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айлууд амьдрах орчноо сайжруулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэхэд нь зориулж 10 сая хүртэлх төгрөгийн таван хувийн хүүтэй зээл олгохоор буй. 200 мянга гаруй хашаатай айлуудаас эхний ээлжинд хөрс, утааны хамгийн их бохирдолтой хэсэгт амьдарч буй 69200 өрхийг тус хөтөлбөрт хамруулна гэсэн. Хэрэгжилтэд зориулж 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд цаашид айлуудын хашаанд инженерийн дэд бүтэц бий болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээ нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэллээ. Зээл авах үндсэн шалгуур нь Улаанбаатарын хот төлөвлөлтөд нийцсэн байх явдал аж. Өөрөөр хэлбэл, нийслэлийн болон дүүргийн хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийцсэн дэд бүтэц байгуулах ёстой гэнэ. Хашааны газар барьцаалах тус зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох юм байна. Зээл авахад айлуудын өөрсдийнх нь санаачилга чухал гэдгийг тэрбээр онцлоод олон айл хөрш нийлж хөтөлбөрт хамрагдвал илүү оновчтой гэв. Хөтөлбөрт хамрагдах иргэд хүсэлтээ аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан байгууллагад гаргаж, гэр хорооллын сайжруулсан бүсэд хамаарах тухай тодорхойлолт авч, хөтөлбөрт оролцогч шаардлага хангасан компаниас сонголтоо хийн, банкинд хүсэлтээ тавина. Банк зээлийг иргэний сонгосон компанид шилжүүлэх юм байна. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс Панамын дуулианд холбогдож оффшор данс нээсэн асуудалд холбогдоод буй хүү Б.Чулуудайнх нь талаар тодруулахад, “Энэ талаарх мэдээллийг хэвлэлээс олж харсан. Тэр даруй хүүтэйгээ холбогдож, асуухад 2011 онд оффшор данс нээсэн, гэхдээ ашиглаагүй гэсэн. Чулуудай миний хүү боловч нас биед хүрсэн, өрх толгойлсон, бие даасан бизнесмэн. Би ажил төрөл, амьдрал ахуйд нь оролцоод байдаггүй. Бүх зүйлийг хуулийн дагуу хийхийг захидаг” гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)