Нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой ажиллана

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн анхны хуралдаанаар Засаг даргын орлогч нарыг томилох талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зургаан орлогчтой ажиллах болсноо тэргүүлэгчидтэй зөвшилцсөн юм. Тодруулбал, хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэн, хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан төслүүдийн удирдагчаар Н.Баярчимэг, инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Ихбаяр, агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар З.Төмөртөмөө, зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Одсүрэн, барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Сүхбаатар нарыг ажиллуулах юм байна. Ж.Сандагсүрэн нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Н.Баярчимэг нь түүний орлогч, Д.Ихбаяр тус дүүргийн ЗДТГ-т Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байжээ. З.Төмөртөмөө УИХ-ын даргын зөвлөх, Б.Сүхбаатар Нийслэлийн орон сууцын корпорацын захирлын албыг хашиж байсан бол Б.Одсүрэн нь “Метро девелопмент групп”-ийн ерөнхий захирал. Ташрамд дурдахад, өмнөх Засаг дарга С.Амарсайхан мөн зургаан орлогчтой ажилласан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)