Нийслэлийн Засаг дарга асан С.Батболдыг АТГ-ынхан шалгаж байна гэв үү

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар 2016-2018 онд ажилласан С.Батболдыг АТГ-т шалгаж эхэлсэн ч хэрхсэн нь тодорхойгүй болжээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэд хэдэн эх сурвалж хэлэхдээ “Нэлээд хэдэн сарын өмнө АТГ-ынхан Засаг дарга асан С.Батболдыг шалгаж, зарим шаардлагатай бичиг баримт, тушаал шийдвэр хурааж авсан. Гэвч хэрхсэн нь тодорхойгүй өнөөг хүрч буй” хэмээсэн юм. Дээрх ЗДТГ-ын эх сурвалжууд “С.Батболд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа ойр тойрны болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгож, 3-4 орон сууц үнэгүй авч өгсөн гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэлсэн. Тухайлбал, одоо хүртэл жолоочоор нь ажиллаж буй Давхарбаяр, төрсөн ахынхаа хүү Э.Ганболд, найзынхаа хүү Зоригтбаатар нарт орон сууц олгосон. Улаанбаатар хотод барилга барьж буй аж ахуйн нэгжүүд газрынхаа болон бусад үйлчилгээнийхээ төлбөрт нийслэлийн өмчид орон сууц шилжүүлдэг. Тэдгээрээс ийнхүү өөрийнхөө ойрын хүмүүст олгосон асуудлыг нь шалгаж эхэлсэн юм билээ. Дээрх хүмүүст “Ар гэрийн гачигдлаар” гэсэн тодорхойлолт гаргаж, 2-3 өрөө байр олгосон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэж АТГ-ынхан тухайн үед хэлж байсан” гэсэн юм.

Өөр нэг эх сурвалж “Нийслэлийн төр, захиргааны автобаазад олон жил ажилласан, ар, өврийн хаалгагүй жолооч нар байртай болж чадахгүй байхад Засаг даргын жолоочоор дагаж ирсэн, эсвэл найз нөхөд, садан төрлийнх нь хүмүүс хоёр жил болов уу, үгүй юү, “Ар гэрийн гачигдал” гэсэн үл ойлгогдох шалтгаанаар 2-3 өрөө орон сууцтай болсон. АТГ-ынхан үүнийг шалгаж эхэлсэн л гэсэн өдий болтол ямар нэг шийдвэр гаргалгүй таг дарж байгаа нь хачирхалтай” гэлээ.

Түүгээр ч зогсохгүй С.Батболдыг УИХ-ын гишүүн байхад гэрийнх нь үйлчлэгчээр ажиллаж байсан Мөнхзул гэх эмэгтэйд НОСК-ын өмчлөлийн, 100 айл дахь “Хангай” хотхоны түрээсийн орон сууцаас байр авч өгсөн гэнэ. Уг байранд тэр эмэгтэйн гэр бүл амьдарч, ус, дулаан, цахилгаан зэрэг урсгал зардлаа төлж, түрээсийн төлбөр өгдөггүй гэх асуудлыг нь хамтатган шалгаж байгааг эх сурвалжууд хэлэв. Энэ талаар АТГ-ынхнаас тодруулах гэсэн боловч хэн нь ч ямар нэг хариу өгөхийг хүссэнгүй. НПГ-ынханд хандахад “Шалгаж байгаа байгууллагаас нь лавла” хэмээн өөрсдөөсөө холдуулсан юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)