Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүллээ

Хан-Уул дүүргийн II, III хороонд байдаг “Нэхмэлийн шар” гэх 20 байрыг Ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцын барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журмын дагуу буулгаж, дахин төлөвлөх шийдвэр гаргаад олон жил болж байна. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард эхний ээлжийн 16 давхар орон сууцын барилгын ажил дуусаж, нэхмэлийн V байранд амьдарч байсан 27 айл түлхүүрээ гардаж авсан. Тус төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар “Фүжи холдинг”, хөрөнгө оруулагчаар “Фүжи девелопмент” ХХК ажиллаж байсан ч хоорондын маргаанаас нь үүдэн II ээлжид барьж байсан 90 хувьтай барилгын ажил уржигдраас зогсжээ. Энэ үйл явдалд тус байранд орох байсан оршин суугчид дургүйцлээ илэрхийлэн нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд бичиг хүргүүллээ. Уг асуудлын талаар оршин суугчид “Ирэх сард ашиглалтад өгөх байранд 130 өрх орох байсан юм. Барилгын ажлыг зогсоосон нь бидэнд хүндээр туссан. Бидний зарим нь өөр орон сууцын хонгилд амьдарч байна. Хэзээ бид өөрсдийн орон сууцтай болохыг мэдэхгүй. Энэ хоёр компанийн хоорондын асуудлыг шийдэж өгөхийг нийлэлийн ЗДТГ-аас шаардаж байна” гэв.

Т.Идэр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)