Нийслэлийн газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлжээ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын А/72 дугаар "Ажил эрчимжүүлэх тухай" тушаал гарсны дагуу НГЗБА-ы газар Өмчлөлийн хэлтсийн нийт мэргэжилтнүүд, дүүргийн ГЗБА-ы газар өмчлөл хариуцсан мэргэжилтнүүд болон НҮНТ-ийн 4 мэргэжилтэн нийт 28 албан хаагч гэр хороолол бүхий хороодод ажиллаж байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос эхлэн хэрэгжиж иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж эхэлснээр өнөөдрийн байдлаар 199196 иргэн газраа өмчилж аваад байна. 2008 оноос тус хуулинд өөрчлөлт орж иргэн бүр газар өмчлөх боломжтой болсон юм. Иймд иргэн та 2003-2008 оны хооронд гэр бүлээрээ дундаа газар өмчилж авсан бол өрхийн аль нэг гишүүнд өмчилсөн газраа шилжүүлж бусад гишүүддээ газар үнэгүй өмчлөх эрхийг нь нээж өгөх боломжтой юм. 2019 оны байдлаар 25771 иргэн НГЗБ-ын албанд хандаж хамтран өмчлөгчөө хасуулж 74624 иргэнд шинээр газар өмчлөх эрх нээж өгсөн байна.

Нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэл хотод мөн аль ч аймаг, сумдын газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхтэй ба нийслэлд 0,07 га буюу 700м2 хүртэл, Аймгийн төвд 0,35 га буюу 3500м2, Сумын төвд 0,5 га буюу 5000м2 хүртэл хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх боломжтой юм. Эзэмшиж буй газраа өмчилж авснаар дараах давуу талтай:

  • Өмчилсөн газрыг зохих журмын дагуу Монгол улсын иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах
  • Хууль тогтоомжинд заасан бусад эрх эдлэх боломжтой болно.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлыг 2019 оны 10 дугаар сарын 15-аас 12 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулах юм. Энэ ажлын хүрээнд газар өмчлөлийн мэргэжилтнүүд дүүрэг бүрийн хорооны байранд иргэдийг хүлээн авч газар өмчлөлийн талаар мэдээлэл зөвлөгөөг өгөхөөс гадна газраа өмчлөх боломжтой нэгж талбарын айлуудаар явж зөвлөгөө мэдээлэл өгөх, газар өмчлөх тухай хүсэлт хүлээн авах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа хамтран өмчилсөн иргэдийн хүсэлтийг хүлээн авах, тараах материал, гарын авлагаар хангах зэрэг ажлыг хийж байна.

Иргэд ажлын цагаар гэртээ байх нь бага байгаа тул уртасгасан цагаар болон бямба гаригт газраа өмчлөх боломжтой нэгж талбарын айлуудаар явж зөвлөгөө мэдээлэл өгөх, газар өмчлөх тухай хүсэлт хүлээн авах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа хамтран өмчилсөн иргэдийн хүсэлтийг хүлээн авч байна.

Өнөөдөр газар өмчлөлийн мэргэжилтнүүд

  • Хан-Уул дүүргийн 7,8 дугаар хороо,
  • Баянгол дүүргийн 9,10 дугаар хороо,
  • Сонгинохайрхан дүүргийн 30,31,43 дугаар хороо,
  • Чингэлтэй дүүргийн 16,18 дугаар хороо,
  • Сүхбаатар дүүргийн 13,15,16,18 дугаар хороо,
  • Баянзүрх дүүргийн 23,28 дугаар хорооны газраа өмчлөх боломжтой нэгж талбарын айлуудаар явж газар өмчлөх хүсэлт авах, зөвлөгөө мэдээллээр хангах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)