Нийслэлийнхний дундаж цалин 1.3 сая төгрөг гэв

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний таван сарын байдлыг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Нийгмийн даатгалын сангийн мэдээлэлд үндэслэснээр тайлант хугацаанд нийслэлд хөдөлмөр эрхлэгчид сард дунджаар 1.3 сая төгрөгийн цалин авч байна гэв. Энэ нь улсын дунджаас 121.6 мянган төгрөгөөр өндөр дүн аж. 

Улсын хэмжээнд сарын дундаж цалингийн үзүүлэлтээр уул уурхайн олборлолтын салбарынхан хамгийн өндөр буюу 2.8 сая, зочид буудал, нийтийн хоол үйлдвэрлэлийнхэн хамгийн бага буюу 729.9 мянган төгрөгийн цалин авч буйг дурдлаа. Түүнчлэн энэ оны эхний улирлын хөдөлмөрийн хөлсний үнэлгээг 2018 оны дөрөвдүгээр улирлынхтай харьцуулбал 500 000-900 000 төгрөгийн цалинтай ажилчдын тоо 3600-гаар буурч, 1.1-1.3 сая төгрөгийн цалинтай ажилчид 3800, 1.5 сая төгрөгөөс дээш цалин авагчид 4000-аар нэмэгдсэнийг онцлов.

Энэ оны эхний дөрвөн сард төлбөрийн тэнцэл 322.9 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 369.9 сая “ногоон”- оор өссөн дүн гэнэ. I-V сард манай улсын нийт экспорт 13.1 хувиар буюу 378.2 сая ам.доллароор мөн өссөн байна. Үүнд нүүрсний худалдаа 168, хагас боловсруулсан алтны экспорт 51.4 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Үүнээс гадна тавдугаар сард улсын хэмжээнд инфляц өмнөх сарынхаас 1.4, оны эцсийн үеийнхээс 4.2, 2018 оны мөн үетэй харьцуулахад 7.9 хувиар өссөн аж. 7.9 хувийн өсөлтийн 30.3 хувийг мах, махан бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл бүрдүүлсэн гэнэ. Оны эхний таван сард төсвийн тэнцвэржүүлсэн орлого 146.1 тэрбум төгрөгийн ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулсан дүнгээр татварын орлого 639.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)