Нийслэлд инфляц 7.2 хувьд хүрчээ

Монголбанкнаас зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал өнгөрсөн пүрэв гаригт болов. Хурлаар энэ сарын мөнгө, санхүү болон гадаад хэлтсийн статистик дүн, шинээр олгосон ипотекийн зээлийн мэдээллийг танилцууллаа. Долдугаар сард мөнгөний нийлүүлэлт 297.6 тэрбум төгрөгөөр буюу 1.7 хувиар өсчээ.

Нийт хадгаламжийн хэмжээ 11.8 их наяд төгрөгт хүрснээс 85 хувь нь иргэдэд, 15 хувь нь байгууллагад ногдож байна. Түүнчлэн энэ сард инфляц нийслэлд 7.2, улсын хэмжээнд найман хувьд хүрсэн аж. Үүнд шинэ ургацын төмс, хүнсний ногооны болон нүүрс, махны үнийн өсөлт голлон нөлөөлж инфляцын 3.5 нэгжийг бүрдүүлсэн гэв. Мөн зургадугаар сард 82 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосныг дуулгалаа.

Ингэснээр зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөгт хүрч зээлдэгчийн тоо 93 880 болсон аж. Ипотекийн зээлийн хэмжээ багассан болон банкууд өөрсдийн хөрөнгө оруулсан барилгыг санал болгон, иргэдэд сонголт хийх боломж олгохгүй байгаа талаар сэтгүүлчийн асуултад Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Энэ асуудалд Төвбанкны зүгээс хяналт тавих боломжгүй. Санхүүжилтийн хувьд тогтвортой байж, сар бүр Монголбанк 16, Сангийн яамнаас 10 тэрбум төгрөг хуваарилсан хэвээр байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)