Нийгэмшиж буй нийгмийн ажилтнууд

Сурагч ахуйдаа сургуулийнхаа нийгмийн ажилтантай нүүр тулан уулзаж байсангүй. Одоо хэр нь хорооныхоо нийгмийн ажилтныг ч танихгүй. Нийгмийн ажилтны үүрэг, оролцоо, хувь нэмэр миний амьдралд төдийлөн байгаагүйгээс тэр. Над шиг хүн олон байдаг.

Нийгмийн ажил, мэргэжил нь нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг дэмжиж, хүмүүсийн харилцаан дахь хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг шийдэхэд тусалдаг төдийгүй хувь хүн болон нийгэмд байгаа сайн сайхан зүйлүүдийг хөхиүлэн хөгжүүлэхэд хүмүүсийн хүч бололцоо, эрх, эрх чөлөөг дайчлан зохицуулах явдал гэж тодорхойлсон байдаг.

Гэтэл өнөөгийн Монголын нийгмийн ажилтнууд будаа гурилхнаар ажлаа хэмжиж, иргэд ч тэднийг ядарсан нэгэнд тусалдаг сайн дурынхан мэтээр ойлгож ирсэн. Нийгмийн ажилтнуудын хийх ёстой, хамгийн чухал ажил нь асуудал гарахаас өмнө урьдчилан сэргийлэх. Энэ нь тэднээс нарийн мэдрэмж, өндөр ур чадвар шаарддаг атал одоо ажиллаж буй нийгмийн ажилтнуудын 70 орчим хувь нь мэргэжлийн бус.

Малын эмч эсвэл багш хүн нийгмийн ажилтны дүрд тоглосоор эдүгээ 20 дахь жилтэйгээ золгох гэж байна. Өөрөөр хэлбэл, манай улсад нийгмийн ажилтан гэх мэргэжил үүссэний 20 жилийн ой ирэх онд тохионо. Хоёр арваныг элээж байгаа ч нийгмийн ажилтнууд одоо л нийгэмшиж эхэлж буй.

Учир нь одооноос л нийгмийн ажилтнуудад хамааралтай гэх төрийн бус 10-аад байгууллага, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн багш нар мэргэжлийн бус хүмүүсээ цэгцлэх, бэлтгэсэн боловсон хүчнээр хангах талаар дуугарч эхлээд байгаа юм. Бид өмнө нь нийгмийн ажилтан гэдэг мэргэжлийг төрийн албанд шургалах үүд болгож буй талаар нийтэлсэн бол энэ удаа тэдэнд мэргэжлийн эрх олгох асуудлыг хөндлөө.

Дэлхий дахинд нийгмийн ажилтан гэх мэргэжил үүсээд 120-140 жил болжээ. Хамгийн анх буюу 1876 онд АНУ-д нийгмийн ажил үүссэн ч 1920-1930 оны үед л үнэт зүйлсээ тодорхойлсон аж. Нийгмийн ажлын үнэт зүйлийг үйлчилгээ, хамтач байдал, шударга ёсыг хэр баримталж буйгаар нь тодорхойлдог гэнэ.

Өөрөөр хэлбэл, үнэт зүйл төлөвшсөн, эсэхийг, нийгмийн ажлыг зөвхөн гурил будаа тараах биш, асуудал шийдвэрлэхэд тусалдаг гэж ойлгох хүн олширсноор нь мэдэж болдог. “Хүмүүс нийгмийн ажилтнаас материаллаг тусламжаас илүү үйлчилгээ хүсдэг болсон нь нийгмийн ажлын үнэт зүйл манай улсад бий болж байгаагийн илрэл. Нийгмийн ажилтнууд зөвлөгөө өгдөг, сургалт явуулдаг, нөлөөлөх үйлчилгээ үзүүлдэг болсон.

Үүнийг улам сайжруулахын тулд мэргэжлийн хүмүүсээ ажиллуулах хэрэгтэй байна. Нийгмийн ажилтнууд хэрэгцээ ихтэй хүнд хүрч ажиллах ёстой. Явж хүмүүсийн хэрэгцээг тодорхойлж, мэдэх шаардлагатай. Ингэснээр нийгэмд шударга хандах үнэт зүйлээ хадгалж чадна. Ялгаварлахгүй байна гэдэг ялгаатай байдлыг нь хүндэтгэх гэсэн үг.

Ихэр хүүхэд байлаа ч бие бялдар, хүсэл мөрөөдөл, хэрэгцээний хувьд өөр. Буяны, хүмүүнлэгийн, мэргэжлийн ажил гэдэг ялгаатай. Нийгмийн ажил гэдэг мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг үйл ажиллагаа. Үүгээрээ буяны болон хүмүүнлэгийн ажлаас онцлог” гэж Мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн захирал Б.Сүх-Очир ярив.

Манай улс Англи, Америкийн туршлага буюу хувь хүнд түшиглэсэн нийгмийн ажил явуулдаг. Угтаа бол ХБНГУ, Дани, Шведийнх шиг урьдчилан сэргийлэх ажилд илүү анхаарах нь чухлыг мэргэжилтнүүд хэлж байна. Нийгмийн ажилтан бэлтгэж буй их, дээд сургуулиудын сургалтын агуулгыг харахад харилцан адилгүй байгаа юм. Энэ нь нийгмийн ажлын хөгжилд эерэг нөлөө үзүүлж буй гэж судлаачид үздэг.

МУБИС Англи, Америк, МУИС ХБНГУ, ШУТИС ОХУ, “Улаанбаатар их сургууль” БНСУ-ын жишгээр нийгмийн ажилтан бэлтгэж байна. Энэ мэтээр олон улсын туршлага судлан, монгол хөрсөнд буулгаж буй нь нийгмийн ажил хурдацтай хөгжихөд сайн нөлөө үзүүлнэ гэдгийг эрдэмтэн багш нар хэлнэ лээ.

Гагцхүү бий болоод буй гажуудлыг засах хэрэгтэй. Энэ нь нийгмийн ажилтнуудыг мэргэжлийнх болгох, мэргэшүүлэх, олон нийтэд нөлөөлөх, урьдчилан сэргийлэх ажилд гол анхаарлыг нь хандуулах.

Ингэж чадахгүй бол гэр бүлийн хүчирхийлэл болон нийгмийн бусармаг явдлын хохирогч нэмэгдсээр байх нь. Нийгмийн ажилтан нийгэмд хяналт тавих, болохгүйг илчлэх, бурууг засах, олон нийтэд нөлөөлөх маш чухал үүрэгтэй. Үүнийгээ мэдэхгүй ажилтнууд, үүрэг оролцоог нь ойлгохгүй удирдлагуудын балгаар хараа хяналт шаардлагатай олон хүүхэд, хүн хохирч үлдэж байна.

Манай улс хөгжингүй орнуудын туршлагаас шууд хуулж, хөрсөндөө буулгаснаараа нийгмийн ажлын хөгжлийн зарим үеийг алгассан гэж үздэг юм билээ. Зарим улсад буяны, хүмүүнлэгийн үйл ажиллагаа хэдэн арван жил үргэлжилсэн бөгөөд үүнийгээ мэргэжил болгохын тулд маш их хугацаа алдсан байдаг. Харин манайх бэлэн туршлагыг авч хэрэгжүүлснээр нийгмийн ажлын хөгжлөөрөө бусад оронтой эн тэнцүү хэмжээнд хүрч, хоёр хөршөөсөө ч дээгүүр яваа юм билээ.

Гэвч энэ нь цаасан дээр тавьсан дүн болохоос биш, амьдрал дээр нийгмийн ажилтнуудын үүрэг, оролцоо хангалтгүй байгаа юм. Мэргэжилтнээр хангах, энэ чиглэлээр дөрвөн жил суралцсан боловсон хүчнээ ажиллуулах, нийгмийн ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг далайцтай явуулах шаардлага тулгарч буй.

Үүнд хамгийн чухал нь үхрийн бөөр шиг болсон нийгмийн ажилтнуудад мэргэжлийн эрх буюу лиценз олгох явдал юм. Нийгмийн ажилтнуудад лиценз олгодог болох тухай олон жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч одоо хэр биелээгүй. Амьдралын нарийн нандин, эмзэг асуудлыг хөнддөг, энэ ажлыг хэн дуртай нь хийх учиргүйг нийгмийн ажилтан бэлтгэж буй багш нар нь хэлж байгаа ч одоо хэр өөрчилж чадаагүй нь харамсалтай.

Бусад улсад нийгмийн ажилтныг лицензжүүлж, өндөр шаардлага тавьдаг. Манай улсад ч нийгмийн ажилтнуудад таван жилээр эрх олгоно, мэргэжлийн хүн ажиллуулна гэж хуульчилсан ч тунхаг төдий байсаар ирлээ. Гэтэл нийгэм хөгжихийн хэрээр нийгмийн ажил өргөн хүрээ хамарч, түвэгтэй болж эхэлдэг. Тиймээс нийгмийн ажилтнуудыг шигшихээс өөр сонголт үлдсэнгүй.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Х.Өлзийтунгалаг: Манайхаас бусад оронд малын эмч, багш хүн нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлдэггүй

Нийгмийн ажилтнуудад мэргэжлийн эрх олгох болон бусад асуудлыг МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн ахлах багш Х.Өлзийтунгалагаас тодрууллаа.

-МУБИС анх нийгмийн ажилтан бэлтгэсэн. Өнөөдрийн байдлаар хэчнээн оюутан төгсөж, хэд нь мэргэжлээрээ ажиллаж байна вэ?

-2001 оноос хойш 15 дахь төгсөлтөө хийж байна. 2010 оноос өмнө жилд 20-30 оюутан төгсгөдөг байлаа. 2012 оноос нийгмийн ажилтны эрэлт, хэрэгцээ ихэссэнтэй холбоотойгоор жилд 60-аад хүүхэд төгсгөж байна. Тэдний 60-70 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа. Ялангуяа боловсрол, нийгмийн халамжийн чиглэлээр түлхүү ажилладаг.

-Нийгмийн ажилтнуудын 28 хувь нь мэргэжлийнх гэдэг юм билээ. Мэргэжлийн бус хүн ажиллаж байгаа болохоор энэ мэргэжлийн талаар олон нийт буруу ойлголттой байдагтай санал нийлэх үү?

-Манай улсад энэ мэргэжлийн систем бүрдээд 20 жил болж байна. Мэргэжлийн нийгмийн ажилтан ажиллах нь мэдээж чухал. Ажлын байрны тодорхойлолтод мэргэжлийн хүн байх ёстой гэж заасан ч энэ нь амьдралд хэрэгждэггүй. Хуулиа хэрэгжүүлж чадахгүй байна.

Манай улсад нийгмийн ажилтан ямар эрх, үүрэгтэй тухай заасан эрх зүйн баримт бичиг бий, мэргэжилтнүүдийг ч бэлтгэж байна. Гэтэл тухайн ажил олгогч нийгмийн ажилтныг сайн ойлгоогүй, улс төрийн зарим нөлөөнөөс шалтгаалан нийгмийн ажилтнууд мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байна.

Тиймээс мэргэжлийн хүн ажиллах ёстой гэсэн шаардлагыг холбогдох яам, Тамгын газарт хүргүүлсэн.

-Нийгмийн ажилтанд лиценз олгох талаар ямар бодолтой байдаг вэ?

-Бусад оронд тухайн мэргэжлээрээ доод тал нь хоёр жил ажиллаж байж, лиценз авдаг. Лиценз олгох ажлыг төрийн байгууллагууд хийнэ гэсэн ташаа ойлголт манайд байдаг.

Бусад оронд нийгмийн ажлын чиглэлийн төрийн бус байгууллагууд нь нэгдэн, холбоо байгуулж, лиценз олгох ажлаа хариуцдаг. Өндөр шаардлага тавьж, шалгалт авсны дараа ажиллах эрх олгодог.

-Тэгэхээр манай улс ч ингэж ажиллаж болох нь ээ.

-Тийм ээ. АНУ-д нийгмийн ажил сайн хөгжсөн. Үндэсний нийгмийн ажилтны холбоо нь энэ асуудлаа хариуцдаг. Манайхаас бусад оронд малын эмч, багш мэргэжилтэй хүн нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлдэггүй.

Мэргэжлийн дипломтой хүмүүс нь ажиллан, лиценз авсны дараа нарийн мэргэжлийн буюу төрөлжсөн үйлчилгээ үзүүлдэг.

-Олон улсад нийгмийн ажилтны нэр нөлөө ямар байдаг вэ. Манай улсад ямар байгаа бол?

-Бусад улсад нэг ажилтанд хэдэн хүн ногдох, зөвлөгөө өгөх өрөө нь ямар байх зэргийг нарийн заасан үйлчилгээний стандарт байдаг. Манайд тийм систем хөгжөөгүй. Мэргэжилтэн бэлтгэдэг ч тэд нь хэрэгцээтэй газартаа хүрч чаддаггүй.

Тиймээс нэн тэргүүнд нийгмийн ажилтнуудын нэгдсэн холбоо байгуулж, тэднийг эмх цэгцэд оруулах. Асуудал гарсны дараа анхааралдаа авах биш, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Бусад оронд эцэг эх байх ур чадварт сургах хичээлийг сургалтын хөтөлбөрт нь оруулж өгсөн байдаг.

Хүчирхийлэл үйлдэх гэж буй хүнийг яаж мэдэх вэ гэх зэрэг хэрэгцээтэй мэдээллийг багш нартайгаа хамтран нийгмийн ажилтан нь эцэг, эхчүүдэд заах жишээтэй. Манайд ийм тогтолцоо дутагдаад байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)