Нийгмийн шударга бус байдал хүүхдийг уруу татаж байна


Гуравдугаар ангийн сурагч дарга болохын тулд 1000 төгрөг тараасан талаарх мэдээлэл цахим ертөнцөд нэг хэсэгтээ л идэвхтэй “амьдрав”. Үүнийг олонх нь өхөөрдөн хүлээж авсан. Харин хүүхэд бидний толь гэж харсан нь цөөхөн. Монголын нийгэмд газар аваад байгаа авлига, хээл хахууль, шударга бус байдал, 2-3 жил дамнан үргэлжилдэг сонгуулийн зохион байгуулалт бидний ирээдүй хойчид хэрхэн нөлөөлж буйн илрэл ийнхүү тод харагдаж буй. Тэгвэл бидний өнөөгийн нийгэмд болж буй шударга бус байдал, авлига, хээл хахууль хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж буйг судалжээ.

Монгол дахь хүүхдийг ивээх сан, “Трансперанси интернэйншл”, “Өсвөр үеийнхний дуу хоолой” бүлгийн хүүхэд, залуус хамтран “Өсвөр үеийнхний дуу хоолой-2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” сэдэвтэй судалгаандаа 2017-2018 онд Улаанбаатар хот, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын VI, VIII, X ангийн 2191 сурагч хамруулжээ. Тэд судалгааныхаа үр дүнг өчигдөр танилцуулав.

Хүүхдүүд шударга байдал гэдгийг “Худал хэлдэггүй, төрийн хууль дүрмийг мөрддөг, авлига авч, өгөхгүй байхыг хэлдэг” хэмээн ойлгодог аж. Гэвч өөрт асуудал тулгарвал шийдвэрлэж болох ямар ч аргыг ашиглана хэмээн хариулсан нь олны анхаарал татаж буй. Мөн “Шударга байх нь баян байхаас чухал боловч тийм байх боломжгүй” хэмээн 72.9 хувь нь үзсэн бол худал хэлдэг, хууран мэхэлдэг, хууль зөрчдөг, хээл хахуулийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бусдаас илүү амжилттай явдаг гэж 43 хувь нь хэлжээ. Хамгийн харамсалтай нь, “Хэн нэгэн ажил, сургуульд ямар нэгэн шалгалтгүйгээр оруулна гэвэл яах вэ” гэсэн асуултад 50.2 хувь нь “зөвшөөрнө” гэсэн нь бид ирээдүй, хойч үеийнхэндээ хэрхэн үлгэрлэж буй нь илт. Түүнчлэн тэдний хоёр дахь гэр болсон сургуулийн орчинд шударга бус байдал хамгийн их өрнөж буйг тэд баталжээ. Жишээлбэл, зургадугаар ангийн сурагч охин хөдөлмөрийн багшийнхаа заасны дагуу баривч оёжээ. Охин дутуу ойлгосноос буруу оёсныг багш ангийнхных нь өмнө үзүүлж, урж хаясан талаар гомдолтой үлдсэн байна. 

Тэрбээр “Багш өөрөө бүрэн гүйцэт заагаагүй байж биднээс төгс гүйцэтгэл шаардаж байна. Би өөрийн ойлгосон хэмжээнд л оёсон. Харин ойлгоогүй ч оёдолчинд мөнгө өгч оёулсан хүүхдэд сайн дүн тавьсан нь шударга бус” гэжээ. Мөн наймдугаар ангийн сурагч “Томчууд гуравхан зүйл хийчихвэл улсын өнөөгийн байдлыг аварч болно. Нэгдүгээрт, худал хэлэхээ болих. Аав, ээж, багш бүгд л бидний хажууд хэн нэгэнд худал хэлдэг. Уг нь худал хэлэх муу зүйл гэж бидэнд сургадаг ч өөрсдөө бусдад худлаа хэлээд байвал хэнээс үлгэр дуурайл авах вэ. Худал хэлж болдог гэж ойлгож байна. Хоёрдугаарт, өгөхөө болих. Өөртөө давуу эрх олж авахын тулд хэн нэгэнд мөнгө өгснөөр нөгөө хүнээ ч муу зүйл хийх сэдлийг нь төрүүлж байна. Гуравдугаарт, авахаа болих. Өөрийн байр суурийг ашиглан хэн нэгнээс төлбөр авч, давуу эрх олгох нь бидний дунд онц сурч буй хүүхэд өөр нэгэнд туслахын тулд чихэр, жимс авдаг болох сэдэл төрүүлж байна” гэжээ. Шударга байдлыг дэнслэх, хүүхдийн ёс суртахуун, зан байдал томчууд биднээс шалтгаалан ийнхүү сөрөг хандлагатай болж байгаа нь урт хугацаандаа таахын аргагүй муу үр дагавар, нийгмийн хямрал бий болгох эрсдэлд хүргэдгийг нь эл судалгаа харуулжээ. Иймд хүүхдэд үг, үйлдлээрээ үлгэр дуурайл үзүүлэх ёстой насанд хүрэгчид, багш, сурган хүмүүжүүлэгчид боловсролын зорилгыг эргэн харж, ёс зүйдээ анхаараасай гэж Хүүхдийг ивээх сангийн мэргэжилтнүүд уриаллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)