Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг аравдугаар сарын 1 хүртэл 100 мянган төгрөгөөр нэмлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалттай холбогдуулан эдийн засгийг сэргээх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол баталлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын зарим гишүүний хамт энэ талаар мэдээлэл хийсэн бөгөөд цар тахлын үед хэрэгжүүлэх хоёр дахь багц төлөвлөгөө болж буй уг тогтоолын хүрээнд дараах дөрвөн арга хэмжээг тусгажээ.

1. 0-18 насны хүүхэд бүрт энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 70 мянган төгрөгөөр нэмж, 100 мянга болгон олгоно. Дөрөвдүгээр сарын мөнгөний үлдэгдэл болох 70 мянган төгрөгийг өчигдрөөс нөхөн олгож эхлэв.

2. Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүдэд олгодог хүнсний талоны мөнгөн дүнг энэ сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл хоёр дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр насанд хүрсэн 122 мянган хүн 32, 118.2 мянган хүүхэд 16 мянган төгрөгийн хүнсний талон авах юм.

3. Нийгмийн халамжийн сангаас сар бүр дараах иргэдэд олгодог 188 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл тус бүр 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Үүнд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настнууд, тэжээгч болон асран хамгаалагчгүй, хагас, бүтэн өнчин, олон хүүхэдтэй өрх тол

гойлсон эцэг, эх, одой хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийт 62.6 мянган иргэн хамрагдана.

4. Малчдын тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. 2019 оны жилийн эцсийн мал тооллогын А дансан дахь ямааны тоог үндэслэн үүнийг олгох аж.

Эдгээрийг хэрэгжүүлэхэд нийт 793 тэрбум төгрөг шаардлагатай. Цар тахлын улмаас цуцлагдсан, улс, тив дамнасан томоохон арга хэмжээнүүдэд зарцуулагдахаар төсөвлөсөн мөнгө, боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор хөдөлгөөгүй зарим төсвийг эдгээрт шилжүүлэх гэнэ.

Дараа нь тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Эдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хаанаас гаргах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Ч.Хүрэлбаатар (Сангийн сайд): -Энэ жил Залуучуудын ногоон наадмыг манай улс зохион байгуулах байсан. Мөн Токиогийн олимпод баг, тамирчид маань оролцох байв. Энэ мэт арга хэмжээнд төсөвлөсөн зардлуудаа ашиглана. Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор нэлээд зардал хэмнэсэн. Түүнчлэн зарим тусгай сангийн үйл ажиллагааны зардлыг ч хэмнэж чадсан юм. Бас зарим гадаад өрийг хойшлуулах гэрээ, хэлцэл хийж байгаа. Ингэснээр өрийн үндсэн төлбөр, хүүгийн зардлыг хэмнэх боломжтой. Төсөвт байгууллагуудаас ч хэмнэж болох зардлууд бий. Гэхдээ хөрөнгө оруулалтын зардал хасагдахгүй. Энэ оны эхний улирлын байдлаар нэгдсэн төсвийн орлого найман хувиар буурсан ч экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ хэрэгжүүлснээр үзүүлэлтүүд сайжирч байгаа.

-Төсвийн алдагдал ямар хэмжээнд хүрэхээр байгаа вэ. Ер нь эрсдэлээ тооцсон уу. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ шүү дээ.

-Сонгууль болно, амьдрал ч үргэлжилнэ. Энэ бүхнийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд Засгийн газраас шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байгаа. Сая дурдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр төсвийн алдагдал нэмэгдэхгүй. “Их-20”-ийн санаачилгаар улс орнуудад гадаад өр, төлбөрөө хойшлуулах боломж бүрдэж байна. Сангийн яам энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн. ОУВС-тай хамтран манай улсын хэрэгжүүлж байгаа хөтөлбөр энэ сарын 24-нд албан ёсоор дуусна. Засгийн газар тус хөтөлбөрийн хэрэгжилтийг 80-85 хувьтай байна гэж дүгнэсэн.

-Ноолуурын урамшууллыг хэрхэн олгох талаар тодруулахгүй юу?

Ч.Улаан (Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд): -Малчдын А дансанд бүртгэлтэй ямааны тоог том, жижиг, үүлдэр угсаа, стандартын дунджийг баримтлан нэгжийн гарцыг тооцож олгоно. Урамшууллыг малчдын дансанд улсын төсвөөс шууд шилжүүлэх юм. Цаг үеийн байдлаас болж дотоодын үйлдвэрүүд одоо л ноолуур худалдаж авч эхэлж байгаа учраас малчид яаран зарах гэсний хэрэггүй болов уу. Ноолуурын урамшуулалд ямаа тоолуулсан өрх бүр хамрагдана. Зарим аймагт дотоодын компаниуд ноолуур авч байгаа. Түрүүлээд ноолуураа зарсан хүмүүст ч урамшуулал өгнө гэсэн үг.

-Засгийн газар богино хугацаанд шийдвэр гаргахдаа судалгаа, тооцоонд үндэслэж чадаж байгаа юу?

У.Хүрэлсүх (Ерөнхий сайд): -Цагийн байдлаас шалтгаалж бид янз бүрийн шийдвэр гаргана. Засгийн газар, нийслэлийн удирдлага, Улсын онцгой комиссоос гаргаж буй шийдвэр хүн бүрт таалагдахгүй байж магадгүй. Хүн бүрт таалагдах гэж шийдвэр гаргахгүйгээ бас хэлье. Бид нийтийн эрх ашгийн төлөө ажиллана. Сайн бодож байж шийдвэр гарга гэдгийг бүх дарга нарт хэлж байгаа. Сая баар, цэнгээний газрыг нээсэн нь буруу байсан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)