Нийгмийн сүлжээнд нийтээрээ хөл алдсаар байх уу

Хөл алдахад унадаг. Явганаас унавал шороо тоосоо гөвөөд босно. Хадан хясаан дээрээс хөл алдвал ангал руу ниснэ. Завханд уулын спорт сонирхогчид ийн унасныг бүгд санаж байгаа байх. Өмнөд хөршийн байгалийн үзэсгэлэнт, дэлхийн шилдэг киноны зураг авсан газарт дүүжин гүүрээр, эсвэл өндөр хадан хясаан дахь замаар явах хүмүүсийн паспорт энгэрт нь байгаа, эсэхийг шалгаж байж зөвшөөрөл олгодог гэсэн. Өндрөөс нисэж одвол иргэний бичиг баримтаар хэн гэдгийг нь таньж арынх нь ажлыг зохицуулдаг юм байна. Хүн гэлтгүй мал, амьтан ч хөл алдах үе бий. Байгалийн зохилдлого хаачих билээ, тухайлбал, үертэй ус руу орсон адуу мал хөвөөд гардаг л даа.

Хөл алдсан мал хөвөөд гардаг. Харин усанд ч, амьдралд ч хөл алдсан хүн, хүмүүс хөлөө олох гэж ихэд зүдрэх. Яг үүн шиг байдал орчин үеийн хил хязгааргүй, цахим харилцааны талбар фэйсбүүк, твиттер зэрэг орон зайд бий болоод удлаа. Дэлхий нийтээрээ мэдээлэл, харилцааны энэ мэт талбарыг ашиглаж байна. Анзаарахад монголчууд илүүтэй хэрэглэдэг гэлтэй. Ямартай л садар самуун сурталчилдаг сайтуудад хандагсдын тоогоор Монгол Улс тэргүүлсэн байсан нь хэдхэн жилийн өмнө юм. Садарч самуурах нь нэгэн төрлийн дон. Тиймээс хүн ам цөөтэй улсын төр, засаг аюулгүй байдал талаас харсан байх, тийм мэдээллийн эх сурвалжуудаас татгалзсан. Зөв шийдвэр байлаа.

...Гэмгүй хүмүүс элдэв ярианд орж сэтгэл зүйгээр хохирч байдаг нь технологийн хөгжлийн эриний шинэ төрлийн гажиг, зовлон болжээ. Нийгмийн санаа бодол, төлөвшилд хортой энэ мэт үзэгдлийг хүчээр таслан зогсоох уу...

Харин өдгөө монголчууд фэйсбүүк, твиттерт байг гэх хүнгүй юм чинь гэсэн шиг хөгшин, залуугүй зоргоор бэлчиж байна. Бэлчих бэлчихдээ яг л салхинд хийсэх хамхуул мэт зүг чиггүй өнхөрнө. Хэн, хаана, юу хийх, ямар үг, өгүүлбэр бичих бусдад хамаагүй, үг хэлэх, мэдээлэх, мэдээлэл олж авах эрх чөлөөгөө эдэлж байна гэх байх. Тэр ч аргагүй.

Нийгмийн сүлжээг цаг хожих, ажлаа бүтээх, найз нөхөдтэйгөө харилцаатай байх үүднээс зориулалтынх нь дагуу боловсон ашигладаг хүмүүс байхад яг л гудамжинд, нийтийн унаанд хулгай хийдэг шиг, ажил албаныхаа орчинд атаархаж жөтөөрхсөн, нэгнийхээ ар хударгаар элдэв муу юм хийх лүгээ адил, эсвэл өнөөдөр сонгууль болж буй мэт нэг нэг рүүгээ дайрч доромжилсон мэдээлэл ар араас нь хөврүүлнэ. Түүнийг нь тосон авч томруулбал томруулаад, хасаж танавал танаад, эсвэл элдвээр хачирлан өөрөө бичсэн мэт болгоод тавьчихна. Бага байхад үг дамжуулж тоглодог байлаа. Олуул зэрэгцэж сууна. Нэг нь хамгийн эхний хүний чихэнд ямар нэг үг хэлэхэд тэр нь дараагийн хүний чихэнд шивнэнэ. Сонссоноо зөв дамжуулсан, эсэхийг хянах боломжгүй. Зарим хүүхэд үнэнчээр зөв явуулсан байхад тоглоомыг хөгжилтэй болгох гэж, эсвэл зүгээр л үймүүлэх гэж зориуд мушгин гуйвуулж сонсох аргагүй бүдэг авиа дамжуулсан нь ч байна. Ийм тохиолдолд эцсийн дүнд анх хэлсэн үг тэс өөр болж очсон байхыг бүгд мэднэ. Зөгий гэдэг үг замдаа гажсаар загас эсвэл зөөхий болсон байж ч мэднэ. Өнөө нийгмийн сүлжээнд мэдээлэл яг ийм маягтай нэгээс нөгөөд хүрч буй бөгөөд мэдээллийн агуулга, утга чанар алдагдах нь олонтоо. Албан ёсны, хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн сэтгүүлчид ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгслийн дэргэдэх сайтууд харьцангуй бодит мэдээлэл түгээдэг. Гэтэл олон нийт тэдгээрийг ялгаж салгаж ойлгох нь цөөн.

Цэцгэнд төөрсөн эрвээхэй гэдэг шиг сошиалын мэдээлэлд төөрсөн хүмүүс хэрэгт дурлан бие биеэсээ асууна. Худал, үнэн нь мэдэгдэхгүй яриа ам дамжин яваад л байна. Жишээ нь “ЖДҮ-чин гишүүд улсад, ард иргэдэд хохирол ихээр учрууллаа” гэсэн утгатай мэдээллийг хүмүүс хэдэн сарын турш уншаад, үнэн гэж бодож байтал тэр дунд нэр дурдагдсан, амнаас нь унах үг болгон хариуцлага байх учиртай эрхэм гишүүн “ЖДҮ бол хулгай биш. Хэргийг хурдан шийд” гэсэн шаардах бичиг харуулан зургаа тавьсан байх. Төрийн хууль баталдаг байгууллагад сонгогч олныг төлөөлөлөн ажилладаг төрийн түшээ ингэж хэлэхэд үнэмшихгүй байхын аргагүй. Гэтэл түрүүчийнхтэй зөрчилдөөд байдаг, аль нь бодитой вэ. Ингээд л мэдээллийн төөрөгдөл эхэлнэ.

Нийгмийн сүлжээчид хүссэн хүнээ нас баруулна, өрөнд оруулна. Хань ижил, амраг садантай нь муудалцуулна. Эхнэр, нөхрийн хооронд илжиг жороолуулна. Ойрын үед сайн танилд минь тохиолдоод буй зовлонг жишээ болгоё. Эхнэрээсээ албан ёсоор салсан хижээл насны эр гэртээ хүүтэйгээ амьдардаг юм. Тогтмол цалинтайн сацуу ур чадвараа мөнгө болгож чаддаг боломжийн эр л дээ. Ганц бие амьдраад гурван жил болж байгаа бөгөөд өнгөрсөн зун нэг л өдөр нийгмийн сүлжээгээр танилцсан аятайхан царайтай бүсгүйн дуудлагаар очиж танилцсан биш, юу юугүй нэг гэрт орсон. Өдгөө танил маань хань ижилтэй болж амьдарч байна гэхээс илүүтэй цөлмүүлж буй юм. Цаадах нь мөнгө авахын тулд архидуулдаг. Хамт ууж буй дүр эсгэж, сайхан аашийг нь хөдөлгөж байгаад данснаас нь санаснаараа мөнгө гаргуулдаг. Танил маань ийнхүү хаанахын хэн болох нь төдийлөн тодорхойгүй эмэгтэйд тархиа тушаан, цалингийн гадуурх бүхий л орлогоо нийгмийн сүлжээнээс олж авсан үл таних эмэгтэйн өрийг дарах ажилд зориулж байна. Холбоогоо тасалъя гэж оролддог ч элдэв аргад нь дарагдаад атганаас нь гарч чадахаа байсан бололтой. Тэр найзын танил, ажил хэргийн холбоотой ахимаг насны эмэгтэй энэ тухай мэдээд “Ямар нэг аргаар наад шулмынхаа гараас мултар” гэж зөвлөсөн ч ямар арга, тактик хэрэглэхээ мэдэхгүй гайхширч буй гэнэ. Энэ мэт, кинонд л гардаг байх гэхээр, нийгмийн сүлжээг буруу гараар ашигласны балгаас үүдэлтэй элдэв явдал бишгүй байх болжээ.

Мэдээлэл бол оюун санааны хэрэгцээ юм. Хорвоогийн түмэн явдлын тухай өгүүлэх олон мэдээллийн дундаас өөрт хэрэгтэйг шүүж авч, мэдлэг болгон хуримтлуулж, ажил амьдралдаа ашиглаж байх нь хэн хүний хэрэгцээ бөгөөд сэтгэлгээ ч дагаад бүрддэг. Тийм болохоор мэдээлэл ямар байна, сэтгэл, сэтгэлгээ агаар нэг өнгө аястай бүрэлдэх тул мэдээллийн аюулгүй байдал улс, үндэстэнд нэн тэргүүнд тавих асуудал. Тийм ч учраас тухайлбал, манай өмнөд хөрш төрийн бодлогын хүрээнд нийгмийн сүлжээнд тун хянамгай ханддаг байх нь. Тэр улсын иргэд манайхан шиг сошиалд бэлчиж зөв, буруу, баруун, солгойгүй худал, үнэн нь мэдэгдэхгүй, бусдыг уриалсан, хөөргөдсөн, турхирсан мэдээллүүдээр бөмбөгдүүлдэг бол тэрбумаар тоолох хүн амтай улс оронд нь байсхийгээд эмх замбараагүй байдал үүсэж байх биз ээ. БНХАУ-д фэйсбүүк хориотой л гэдэг. Тийшээ яаж нэвтрэхээ мэддэг, өөрөөр хэлбэл, тэр хэрийн боловсролтой хүмүүс нь бол ашиглаад л байдаг юм билээ. Бусад нь чаддаггүй, магадгүй шаардлага ч үгүй байх.

Твиттер гэж цахим харилцааны чухал хэрэгсэл байх агаад тэнд голдуу улс төр, эдийн засгийн чиглэлд үзэл бодлоо илэрхийлж, мэдээлэл солилцдог байснаа сүүлдээ нийгмийн асуудал, хувь хүмүүсийн шинжтэй мэдээлэл давамгайлах болсон байна лээ. Тэнд ёстой л дээхнэ үед хар захад хонины хар нүднээс бусад нь байна гэж ярьдаг байсанчлан байхгүй мэдээлэл гэж үгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд улаан нүүрээрээ орж ирээд дунд нь ороод дэвчихнэ. Төрийн, яамны боловсруулаагүй, олон нийтэд мэдээлэх болоогүй тушаал, шийдвэрийг тавьж, хүмүүсийг үймүүлнэ. Твиттер нь насанд хүрэгчид жиргэдэг, орчин үеийн, цаг хугацаа хэмнэсэн, түргэн шуурхай хэрэгсэл яах аргагүй мөн. Хэлэлцүүлгийн ч, хүмүүс хоорондын маргааны ч талбар, бие биеэ түлхэх, унагах санаархлаа илэрхийлж байдаг индэр ч болсон. Түүнийг ухаалгаар ашигласан нь мэдээллийн багтаамж ихтэй орчинд хожно. Ухаалгаар ашиглаж чаддаггүй ухамсаргүй хүмүүс нь бусдыг хохирооно. Энэ цагийн дайсан мэт гээд хэлчихэд ч буруудахааргүй.

Нийгмийн сүлжээ олныг төдийлөн хамарч амжаагүй байсан үед мэдээллийн сайтуудад гарсан мэдээ, нийтлэл, ярилцлага уншиж комент буюу тайлбар хэсэгт зориуд, ямар ч зорилго, бодлогогүйгээр юу ч хамаагүй бичиж, дур тачаалаа тайлдаг хэсэг хүн байсан. Өдгөө тэднийг нийгмийн сүлжээний хөлсний бичээчид болсон гэж хардаг. Тэд мөн мэдээллийн сайтуудад ч бичиж байгаа нь илт. Уншихад андашгүй. Нийтлэл, ярилцлагын мөн чанартай нэг их хамааралгүй, логикгүй хараал, хийх юмаа олж ядсан хүнээс л ийм үг, хэллэг гарна даа гэхээр өгүүлбэрүүд дурайлгасан байдаг. Одоогоос найман жилийн өмнө гадаад явах виз бүтэхгүй, ажил олдохгүй байна гээд, ийм юм хийж өөрийгөө зугаацуулж өдөр өнгөрөөж байна хэмээн өөрийгөө танилцуулсан хүнтэй таарч жигшиж байлаа. Тухайн үед гайхаж, яагаад тийм увайгүй аашилдгийг асуухад ердөө л “Надаас юу хорох вэ дээ, хийх ажил олдохгүй юм чинь” гэж билээ. Ийм хүн маш олон бий. Тэр хэрээр гэмгүй хүмүүс элдэв ярианд орж сэтгэл зүйгээр хохирч байдаг нь технологийн хөгжлийн эриний шинэ төрлийн гажиг, зовлон болжээ. Нийгмийн санаа бодол, төлөвшилд хортой энэ мэт үзэгдлийг хүчээр таслан зогсоох уу. С.Нарангэрэл докторын байнга ярьдагчлан ёс суртахуунтай иргэн олон болсон цагт нийгэм соёлжиж, илүү амгалан тайван болох байх л даа. Тэр болтол ямар зай, зам туулах нь хөгжлийн бодлого тодорхойлогчдын ухаан, алсын хараа, нэгдэл, нягтралаас хамаарах болов уу.

Бага, дунд ангийн хүүхдүүдээ фэйсбүүктэй байхыг зөвшөөрдөггүй эцэг, эх мэр сэр байдаг. Хүүхдүүдийнхээ хиргүй тунгалаг сэтгэлийг хайрлаж, худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээллээр тархийг нь гашилгахаас болгоомжилж, анхаарлыг нь хичээл, номоос нь өөр зүйлд сатааруулахгүй гэсэндээ ийм бодлого баримталдаг нь тун ухаалаг. Энэ туршлагыг аль болох дэлгэрүүлэх сэн.

Нийгмийн сүлжээнд нийтээрээ хөл алдалгүй, урагшаа харж, бие биедээ элэгсэг найрсаг хандаж, хүн бүр хажууд буй хүнээ хүндэтгэж харилцан, өөрөө ч, өрөөл бусад ч амьдрахад таатай орчин бүрдүүлж байхын төлөө сэтгэл гаргаж байя. Нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлаж, ядаж цаг заваа хэмнэж, нүдний хараагаа хамгаалж, угаас ачаалал ихтэй нэмж хэрэггүй мэдээллээр цэнэглэн ядраалгүй нийгэм дэх хувийн орон зайгаа эерэг бүхнээр дүүргэн, инээж амьдаръя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)