"Нийгмийн даатгалын шимтгэлээс дөрвөн хувийг нь даатгуулагч өөрөө хуримтлуулах боломжтой”

Тэтгэврийн системийг хагас хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх агуулга бүхий Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг гишүүн Н.Учрал, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, З.Нарантуяа, Б.Саранчимэг нар өчигдөр УИХ-д өргөн барив. УИХ-ын дарга тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Тэд тус ажлын хэсгийн гишүүн юм. Нийгмийн даатгалын улсын сангаас олгож буй тэтгэврээр даатгуулагч ирээдүйн амьжиргааны зардлаа бүрэн хангах боломжгүй, монголчуудын насжилт нэмэгдэх үед төр дангаараа тэтгэврийн сангийн алдагдлыг бүрэн хариуцахад хүндрэлтэй гэдгийг хаана хаанаа хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс ч даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэн, эл төслийг санаачилжээ. Олон улсын түвшинд ихэнх орон хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог нэмэлтээр нэвтрүүлсэн байдаг. Улмаар хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагч нь хувийн тэтгэврийн сангууд, даатгалын компаниуд болсон нийтлэг жишиг бий. Өөрөөр хэлбэл, хувийн тэтгэврийн нэмэлт хуримтлал бүрдүүлэх чиглэлд төр дэмжиж ажиллах нь оновчтой шийдэл болдог аж.

Харин манайд хувийн тэтгэврийн харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчин бүрдээгүй ч зарим байгууллага ийм сан байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нэгэнт эрх зүйн зохицуулалтгүй тул хувийн тэтгэврийн санд мөнгө төлсөн даатгуулагч, ажилтны эрх ашиг зөрчигдөх, цаашлаад дампуурвал хэрхэх, эрсдэлээс яаж сэргийлэх арга зам нь тодорхойгүй байна. Тиймээс ч төрийн холбогдох байгууллагаас эдгээр санд зөвшөөрөл олгоогүй, тогтмол хяналт, шалгалт хийдэггүй, засаглалын зохистой байдлыг хангасан, эсэх нь тодорхой бус, үйл ажиллагаа, санхүүгийн тайлан мэдээлэл нь гишүүд, олон нийтэд ил тод биш байгаа юм. Эдгээр харилцааг одоогийн Нийгмийн даатгалын багц хуулиар зохицуулах боломжгүй тул тусдаа хууль санаачилсан нь Хувийн тэтгэврийн тухай хуулийн эл төсөл.

Төслөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсны дараа тэд хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр гишүүн Н.Учрал “Иргэдийн 80 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага тэтгэвэр авч байна. Нийгмийн даатгалын шимтгэлээс тэтгэврийн даатгалын санд ногдох 17 хувиас дөрвийг нь хувийн тэтгэвэртээ зориулсан хуримтлалд шилжүүлэх эрхийг уг хуулиар нээх юм. Хуримтлалд нь хүү, өгөөж тооцогдож, өсөх ёстой. Жишээ нь, 800 мянган төгрөгийн цалинтай хүн нийгмийн даатгалд сар бүр төлдөг шимтгэлийнхээ дөрвөн хувийг Хувийн тэтгэврийн санд байршуулснаар 30 жилийн дараа 76 825 902 төгрөгийн хадгаламжтай болоод зогсохгүй сар бүр 777 мянган төгрөгийн тэтгэвэр авах боломж бүрдэнэ” гэлээ. Өөрөөр хэлбэл, одоо 800 мянган төгрөгийн цалинтай иргэн 414 мянга орчим төгрөгийн тэтгэвэр тогтоолгохоор байгаа бол хуулийн төслийн дагуу 777 мянга орчим төгрөгийг улсаас болон хувийн тэтгэврийн сангаас авахаар буй юм. Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээнээс хамааран урт хугацаанд өснө. Тэтгэвэрт гарах иргэн улсаас тэтгэвэр авч, хувийн тэтгэврийн хуримтлалаасаа давхар тэтгэвэр тогтоолгож, хоёр эх үүсвэрээс орлоготой болно гэсэн үг” хэмээсэн. Мөн орон байрны нөхцөлөө нэг удаа дээшлүүлэх, эмнэлгийн тусламж авахад хуримтлалаасаа тодорхой хувийг урьдчилж зарцуулахаар тусгасан байна. Иргэн цаг бусаар нас барвал хуримтлалыг нь нэр заасан иргэн болон үр хүүхдэд нь өвлүүлэх гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)