Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж Үйлдвэрчний эвлэлийнхэн жагсаж байна

2017 онд Монголын Улсын эдийн засаг хүндэрсэн шалтгаанаар Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран ажиллах өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд долоон төрлийн татвар болон НДШ-ийг нэмэгдүүлнэ хэмээн тохиролцсон юм. Тухайн үед Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо удаа дараа мэдэгдэл хийж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байв. Тэгвэл өнөөдөр үйлдвэрчний эвлэлийн гишүүд дээрх асуудалтай холбоотойгоор Сангийн яамны гадаа жагсаж байна. 

Энэ үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Засгийн газраас 2020 оноос НДШ болон бусад татварыг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авна хэмээн амласан. Гэвч төсөв батлах замаар НДШ-ийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. Үүнийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон манай хөдөлмөрчид эрс эсэргүүцэж байна.

Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "улсын төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор НДШ-ийг нэмэгдүүлж байна" хэмээн хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Төсвийн алдагдлыг татвар нэмэгдүүлэх замаар нэмж болохгүй. Нийгмийн даатгалын халдашгүй хөрөнгийг төрийн санд хутгаснаас болж төсвийн хөрөнгө даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх бүрэн бололцоогүй болчихлоо. Энэ хүнд байдлаас гарахын тулд төр иргэдийн нуруун дээрх ачааг улам хүндрүүлж байна. Иймд бусад иргэд бидэнтэй нэгдэж эрх ашгаа хамгаалахыг уриалж байна. 

Мөн өнөөдөр 1995 оны Нийгмийн даатгалын багц хуулиуд үйлчилж байна. Нийгмийн даатгалын тогтолцоог иж бүрнээр нь шинэчлэх цаг нь болсон" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)