Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын гүйцэтгэгчээс 1.5 тэрбум төгрөг нэхсэн хэргийг д.жигжиднямаа та мэдэх үү

Төмөр замын салбар бол Орос, Хятад хоёрын дунд оршдог далайд гарцгүй Монгол Улсын хувьд стратегийн онцгой ач холбогдолтой юм. Тийм учраас төр, ард түмэн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ салбарын үйл ажиллагаанд анхаарал хандуулж, алдаа эндэгдэл, хууль бус үйл ажиллагаа гарахаас сэрэмжлэн сэргийлж байх учиртай.

Хэрэвзээ төмөр замын салбарт буруу зөрүү байх аваас засаж залруулах арга хэмжээг нэн даруй авч байх нь хэн бүхний үүрэг билээ. Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл энэ удаа УБТЗ ХНН-ийн хариуцаж тавьсан төмөр замтай холбоотой нэгэн мэдээллийг хүргэе.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж байгаа Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг 2019 оны тавдугаар сарын сүүлчээр тавьж дуусгасан. Энэ нь манай улсын шатахууны хэрэгцээг хангах чухал үүрэгтэй төмөр зам болоод зогсохгүй зүүн тийш үргэлжлүүлэн тавих төмөр замын эхлэл болж байгаагаараа давхар ач холбогдолтой.

Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтад тооцогдох Нефть боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр замын газар шороо, далан барих ажлыг үндэсний дөрвөн компани туслан гүйцэтгэгчийн статустай гүйцэтгэсэн байдаг.

Гэвч энэ бүтээн байгуулалтын явцад нэгэн ноцтой хэрэг гарчээ. Энэ талаар өнөөг хүртэл аль нэгэн хуулийн байгууллага, эсвэл УБТЗ ХНН-ийн удирдлага ам нээгээгүй юм. УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа “Таван Хайрхан” ХХК-ийн ерөнхий захирал П.Түвшинцогт нар 2018 оны зургадугаар сарын 15-нд Ажил, үйлчилгээний гэрээ байгуулсан байна.

Энэ гэрээний дагуу “Таван Хайрхан” ХХК нь Сайншанд өртөө Нефтийн үйлдвэрийн шинээр баригдах төмөр замд төмөр бетон хоолой цутгах, барих, төмөр замын далан шороог ПКО+00-ПК67+80,00 хүртэлх I хэсгийн ажлыг гүйцэтгэхээр болжээ. Гэрээний үнийн дүн нь 5 122 408 356 (Таван тэрбум нэг зуун хорин хоёр сая дөрвөн зуун найман мянга гурван зуун тавин зургаа) төгрөг бөгөөд гэрээ байгуулагдсаны дараа үнийн дүнгийн 20 хувь болох 1 024 481 671 төгрөгийг “Таван Хайрхан” компанийн Хас банкны 107 салбарын 5000959152, Худалдаа хөгжлийн банк дахь 403114311 тоот дансруу шилжүүлэхээр гэрээнд заасан байна.

Гэтэл гэрээ байгуулсны дараахан цагдаагийн байгууллагад “2018 оны зургадугаар сарын 18-нд Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан скүэр” төвийн гадна иргэн А.Уранбилэг нь бусдад 1.5 тэрбум төгрөгийг залилуучихлаа” гэх гомдол иржээ. Үүний дагуу Хан-Уул дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн 181002946 дугаартай хэрэг нээсэн байна.

Улмаар 2018 оны арванхоёрдугаар сарын 25-нд Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрөл бичиж “Таван Хайрхан” компанийн Хас банкны 107 салбарын 5000959152, Худалдаа хөгжлийн банк дахь 403114311 тоот дансны зарлагын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг дээрх хоёр банканд даалгажээ.

Гэвч энэ бүхний цаана шал өөр асуудал явж байсан нь удалгүй ил болсон байна. “Таван Хайрхан” ХХК-иас н.Батбаяр гэгч нь уг ажлыг өгсний хөлс гэж 500 сая төгрөг нэхжээ. Тус компанийнхан н.Батбаяр гэгчид нэхсэн 500 сая төгрөгийг өгсөн байгаа юм.

Тэрбээр дахиад 1 000 000 000 (Нэг тэрбум) төгрөг нэхсэн байна. Тэр шаардлагыг нь биелүүлээгүй учир 2019 он гартал “Таван Хайрхан” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсөнд гэрээний дагуу олгохоор нэгэнт шийдвэрлэсэн санхүүжилтийг нь гацаасан зэрэг ноцтой явдлууд өрнөсөн байна. Үүнээс болоод тухайн үед “Таван Хайрхан” ХХК-ийн хийж гүйцэтгэх ёстой ажил саатаж байсан талаар эх сурвалж хэлж байгаа юм.

Энэ хэрэг хууль хяналтын байгууллагын анхааралд хэдийн өртөж, хэргийн эзэд ч ил болж буй аж.Харин бид энэ талаар УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагаас асууж байгаа юм. Д.Жигжиднямаа та Нефть боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэгчээс 1.5 тэрбум төгрөг нэхсэн хэргийн талаар мэдэх үү гэж.

Ингэж асуухын учир нь “Таван Хайрхан” ХХК-ийн дээрх ажлыг гүйцэтгэх эрхийг олж авсан процесс, түүнээс хойш санхүүжилт нь тодорхой хугацаагаар зогссон тухай, мөн улсын чухал объектын бүтээн байгуулалтыг гүйцэтгэгчтэй холбоотой банкны дансыг нь хаасан болоод хууль хяналтын байгууллага дээр хэрэг үүсгэгдэн шалгуулж байсныг Д.Жигжиднямаа мэдэхгүй өнгөрөх ёсгүй. Хамгийн гол нь Д.Жигжиднямаа гэрээ байгуулдаг, араас нь н.Батбаяр гэгч этгээд 1.5 тэрбум төгрөг нэхдэг, заримыг нь авчихсан нь анхаарал татаж байгаа юм.

Түүнчлэн энэхүү н.Батбаяр гэгч, нэг тэрбумыг нэмж өгөхгүй болохоор “Залилуулчихлаа” гээд цагдаад хандсан А.Уранбилэг гэдэг хүмүүс хэн бэ гэдгийг Д.Жигжиднямаа мэдэх үү гэдгийг асуучихъя. Д.Жигжиднямаа төрийн, ард түмний, олон нийтийн хэвлэл мэдээллийн өмнө хариулах үүрэгтэй билээ.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)