Н.ГАНХУЯГ: ЦЭВЭЭНРАВДАН БИД ХОЁР БИЕ БИЕДЭЭ САЙНЫГ Ч, МУУГ Ч БАС ЗӨНДӨӨ ЗААСАН ДАА

  “Говийн зэрэглээ” киноны ангийн байцаагч буюу жүжигчин Н.Цэвээнравдан агсантай хачин адилхан нэг бүсгүйтэй санаандгүй танилцсан юм. Шинэхэн танил Оюунчимэг маань тэр хүний дүү юм билээ. Тэрбээр сайхан нөхөрлөлийн үлгэр дууриал болсон түүх ярьж өгсөн нь урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуяг болон ахынх нь тухай байсан юм. Хорвоог орхиод 20 жил болж байгаа ахыг нь үргэлж дурсан, түүнд зориулан ном, бүтээл хийж, амьд мэт байлгаж чаддаг Н.Ганхуягт “ангийн байцаагч”-ийн ээж, ах дүүс нь үргэлж талархаж явдаг юм билээ. Чаддаг бол Ганди (Н.Ганхуягт) ахдаа зориулаад ном бичихсэн гэж ярьсан тэрбээр надад нэг ном өглөө. Анддаа зориулан бичсэн Н.Ганхуягийн “Няндагийн Цэвээнравдан” хэмээх номыг тун амтархан уншиж дуусгав. “Би чамд хайртай” киноны хэсгээс санаанд бууж байна...


  Гудамжинд “Би чамд хайртай” гэж цагаан шохойгоор томоос том бичсэн байхыг хараад “Ийм заваан юмыг хэн бичиж, гудамж талбай бузарладаг байна аа” гээд ийш тийш харж байгаа Цэвээнравдан агсны дүр зурсхийв. Түүнтэй “уулзуулж” өгсөн СУИС-ийн Тайз, дэлгэцийн урлагийн сургуулийн найруулагч, жүжигчний тэнхмийн эрхлэгч, урлаг судлалын ухааны доктор, профессор, найруулагч Н.Ганхуягтай ярилцахаар СУИС-ийг зорилоо. “Цэргээс халагдангуутаа тэрбээр алдарт жүжигчин Ц.Гантөмөрт хандаж, найруулагч А.Чойсонтой уулзсанаар Улсын хүүхэлдэйн театрт “ногоон гэрэл”-ээр яваад орчихож. Адтай, авьяастай, итгэлтэй, ирээдүйтэй гэдгээ театрынхандаа таниулсан юм биз, аз хийморь нь шовойгоо биз, ганцхан жил дагалдан жүжигчин хийгээд тэрбээр Ленинградын Урлагийн их сургуульд сурахаар явсан юм...

Дотуур байранд нэг орос оюутантай муудалцаж, “Чингисийн Монголын алганы амтыг үзэх үү” гэж “онгироод” асуудалд орж, дипломын ажлын завсраар Элчин сайдын дагавар бичигтэй эх орондоо ирэв ээ. Соёлын яамныхан шинэ боловсон хүчнээ “халуун дотно”-оор хүлээн авч, Дундговь аймгийн Соёлын ордон руу найруулагчаар явуулжээ. Тэнд очоод намын ойд зориулсан концерт найруулав. Гэтэл төвөөс ирсэн намын дарга “Энийг хас, үүнийг өөрчил” гэж муйхарлан зүтгэхээр нь бачимдахдаа “Намаас өмнө урлаг байсан юм. Битгий дэмийр” гээд хэлчихэж. Хариуд нь “биеэ тоосон, онгироо, сагсуу” гэдэг нэр зүүж, “Чингисийн балаг” дээрээ дахиад нэг балаг тарьчихлаа...

1978 оны сүүлчийн өдөр Соёлын ордонд э.харцага сүлд модны наадам эхэлж, Мандалговийнхон бөөн баярт умбаж, өвлийн өвгөнийг тэсэн ядан хүлээж байв. Өглөөнөөс эхлэн өвлийн өвгөний хувцсаа өмсөж, үгээ цээжилж, хэрэндээ л сургуулилалт хийж байсан тэр хүн сүлд модны наадамд ирсэнгүй. Мандалговийнхон өвлийн өвгөнгүйгээр шинэ оноо угтлаа. “Өвлийн өвгөн хааччихав” гэтэл сайн дурын уран сайханч нэг нөхөр шил юмтай ирээд...нөгөөх нь хоёр болоод...тэгээд унтчихсан гэнэ. “Хоёр жил” унтсан өвлийн өвгөнийг Дэрэн сум руу явуулж, клубийн эрхлэгчээр “томилов”. Тэрбээр ээжийнхээ хийж өгсөн сэгсүүргэн дээл, үнэгэн лоовуузыг өмсөөд, замын машинд дайгдан, Дэрэн сум руу дэргүүлж өгчээ. Клубийн үүдэнд түүнийг хар хүрэмтэй туранхай бор залуу тосож авсан нь кино механикч Наранбат байжээ. Ажил, амьдрал нэгтэй болохоор мань хоёр сална гэж үгүй. Хөдөө хээр явсан ч хэлхээтэй юм шиг цугтаа байдаг хоёрыг “Дэрэнгийн дэвхрэг, царцаа хоёр” гэдэг болж.

Туранхай тэгээд гар, хөлөө савчиж явдаг болохоор нь Наранбатыг дэвхрэг, харин арай махлагдуу, урт соёо сахалтай, бүлтгэр нүдтэй Цэвээнравданг царцаа гэж нэрлэсэн хэрэг. Дэрэнгийн “царцаа” “ангийн байцаагч” болдог 1980 оны зун бид танилцаж билээ. Тэр үед би “Говийн зэрэглээ” кинонд туслах найруулагчаар ажилласан юм... Н.Цэвээнравдан хүүхэд шиг цайлган, хэнээс ч айж эмээлгүй шулуухан хэлчихдэг, ёстой нэг авьяас нь буцалсан, надад сайн, муу янз бүрийн юм зааж өгсөн анд минь байлаа” гэж Н.Ганхуяг “Няндагийн Цэвээнравдан” номдоо өгүүлжээ. “Говийн зэрэглээ”-гийн ангийн байцаагчийн дүрээр Монголын кино урлагт мөр өө үлдээж, хүмүүсийн сэтгэлд хоногшсон жүжигчин Ц.Цэвээнравдан 20 жилийн өмнө ид бүтээдэг 42 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Гэхдээ тэр хүн одоо хүртэл амьд байгаа.

 -Хаана хэзээ төрсөн, яагаад энэ мэргэжлийг сонгов зэрэг улиг болсон асуултыг алгасаад таны уран бүтээл, ном болон андын талаар ярилцмаар байна. “Няндагийн Цэвээнравдан” номыг тань уншаад тэр хүнтэй уулзах шиг боллоо. Бичлэгийн хэлбэр, хүүрнэл, дэд гарчгууд гээд нэлээд мэргэжлийн түвшинд бичсэн байна билээ. Үүнээс гадна мэргэжлийн хэд хэдэн ном гаргасан гэсэн. Ер нь шүлэг, яруу найраг бичнэ биз?

-Монголын зохиолчдын эвлэлийн шагналтай хүн шүү, би чинь. Цэвээнравдандаа зориулан бичсэн тэр ном хүмүүст нэлээд хүрдэг шиг байгаа юм. Нэг удаа бариад л дуустал нь уншчихлаа гэж олон хүн хэлж байсан. 1992 оны гуравдугаар сарын 12-нд тэр маань нас барсан. Тэр үед би найздаа зориулаад “Тоншуул” сэтгүүлд хоёр нүүр нийтлэл, дурсамж бичсэн юм. Шөнөжин сууж бичихдээ тувт уйлсан. Эхнэр маань хүртэл “Цэвээнравдан ах нас барсан гэхээр үнэмшихгүй юм. Яг одоо инээгээд л ороод ирэх юм шиг санагдаад байна” гэж байсан. Үнэхээр тэр хүнийг байхгүйгээр бодож чадахгүй тийм хэмжээнд бид үерхэж, нөхөрлөсөн.

-Энэ хорвоогоос явчихсан найзаа амьд байлгаж чаддаг, үргэлж дурсаж, хойч үеийнхэнд ярьж байгаа энэ үерхэл агуу санагдлаа. Нөхөрлөл гэж чухам юу юм бэ?

-Хүн жаргаж, баярлаж явах үед найз олон. Харин гутарч, ядарч, зовж явахад хамт байж, дэмжиж, сэтгэлийн дэм өгч байдаг хүнийг сайн анд нөхөр гэдэг юм болов уу. Найзын мөн чанар тэр л байх. Цэвээнравдан бид хоёр үнэхээр сайн найз байсан. Бие биедээ сайныг ч заасан, мууг ч бас зөндөө заасан даа (инээв). Хүн амьдралын сайн, муу юмны дундуур туучиж явдаг юм хойно, бүхнийг л хийнэ шүү дээ. Би ч оюутнууддаа үргэлж сайн юм заагаагүй байх аа (инээв).

-Цэвээнравдан агсны бага хүү жүжигчний мэргэжлээр сурч байгаа гэл үү?

-Төгсбилэгт гээд аавыгаа өвчсөн хүү бий. Цэвээнравдан маань “Бага хүүгээ жүжигчин болгоно, тэгэх учиртай” гэдэг байсан юм. Тэр хүү аавыгаа нас барахад хажууд нь байсан. Гэртээ аавтайгаа хоёулхнаа байсан хэрэг. Өөдөсхөн амьтан аавыгаа өөд болсныг ч мэдэхгүй мээмийг нь хөхөөд хэвтэж байсан юм билээ. Цэвээн маань их том мээмтэй шүү дээ. Тээр жилийн зун би “Тэмцлийн оч” киноны туслах найруулагч хийж, бас нэг ноёны хүүгийн дүрд тоглосон юм. Цэвээн маань “хөөс” Очир гэдэг дүр авсан. Мань хүн зураг авалтын үеэр киноны монтажчин С.Алтанцэцэгтэй учир ургуулаад, хамтран амьдрах юм болов оо. Тэгээд намар нь Ганданд аавынхаа хашаанд гэр барилаа. Жижигхэн хашаан дотор данхайсан том гэр барьчихсан чинь баруун тал нь жорлонгийн хаалганд, хаалга нь муу усны нүхтэй тулчихаж билээ. Тэр гэрийг Цэрэндагва, Равдан ах, Со бид хэд барьсан юм. Тэгж туурга тусгаарлаж, бяцхан найр хийсэн дээ. Тэдний дундаас гарсан хүүхэд бол Төгсбилэгт юм шүү дээ.

-Ер нь аавын “үнэр”байна уу. Аавын авьяасыг өвлөж үү?

-Би найзынхаа гэрээсийг биелүүлж, хүүг нь гайгүй жүжигчин болгочих юмсан гэж боддог. Төгсбилэгт багш нараас муу, сайн үг сонсож, загнуулаад л гүйж яваа даа. Тэр хэрээр их ахиж байгаа. Б.Мөнхдорж багшийн удирдсан ангид сурдаг. Одоо гуравдугаар курс. Олон улсын театрын өдөрт зориулаад манай урлагийн их сургуулиудын дунд “Театр-шинэ үе” наадам зохион байгуулдаг. “Шинэ үе” продакш ивээн тэтгэж явуулдаг юм. Оюутнууд маань жилийн турш хүлээдэг том наадам. Бэсрэг “Гэгээн Муза” гэж болно. Тэр хүү энэ арга хэмжээнд олон зүйлээр оролцож байна билээ. Аав шигээ монхордуу хамартай, дуу нь хүртэл адилхан шүү. Цэвээн маань театрт анх орж ирэхдээ шулгадуу, заримдаа гацдаг байсан шүү дээ. Сүүлдээ засарсан л даа. Мэргэжил нь нөлөөлсөн байх. Ленинградын Урлагийн сургуульд байхад нь орос багш нь халбага, сэрээ бариад өдөржин хэл, тагнайтай нь “ноцолддог” байсан гэж өөрөө ярьдаг байсан. Тэрийг нь хүртэл хүү нь дуурайсан. Сүххуяг сая наадмын үеэр ирчихээд “Аавтайгаа их адилхан юм” гэж байна билээ. Авьяасын хувьд ч аавын юм байгаа. Илүү юү, дутуу юу гэдгийг харин өөрийнх нь ухаан мэднэ. Өөрийгөө зөв залаад явбал сайн жүжигчин болно. Хошин урлагийн төрлөөр явах бодолтой байгаа гэсэн. Цэвээн маань “Жүжигчин хүнд нэг л ховор чанар заяасан байх ёстой. Тэр нь нүүрний буян” гэж ярьдаг байсан юм. Тэр үед би гайхаад л өнгөрсөн. Одоо бодох нь ээ, тэр үг ямар үнэтэйг ойлгож байна. Энэ бол түүний нээлт ч байж болох юм. Найз маань нүүрний буянаараа түмэнд хайрлагдсан жүжигчин байж дээ. Энэ үгийг хүү нь одоо тусгах хэрэгтэй. Өнгөрсөн зун Биндэрийн найруулсан нэг киноны гол дүрд тоглосон гэж ярьсан. Тэгэхээр нь би “Юу юуны туханд хүрээгүй байж гол дүрд тоглоно гэж юу байдаг юм” гэж загнасан.

-Яагаад загнав. Залуу хүн шууд гол дүрд тоглох дэмий гэж үү?

-Жүжигчин хүн өөрийгөө нэг л удаа зарладаг юм. Анхнаасаа л өөрийгөө зөв үнэлж, сайн худалдаж чадахгүй бол тэгээд өнгөрнө. Амжилт үзүүлж чадахгүй бол үзэгчдийн сэтгэлд тэр чигтээ үлдчихдэг. “За энэ ч дээ нэг тиймэрхүү л жүжигчин дээ” гээд анхных нь дүрээр хүлээгээд авчихдаг юм. Тиймээс анх гарч ирэхдээ л дүрээ маш зөв сонгож, их бодож, хийж, боловсруулах хэрэгтэй. Би шавь нартаа байнга ингэж хэлдэг.

-Үнэхээр сүүлийн үед залуучууд болсон болоогүй л энд тэнд гүйж яваа харагддаг. Залуучууд гэлтгүй алдартай нэвтрүүлэгч, сэтгүүлч, жүжигчид ч жижиг сажиг зүйлээр “оролдоод” байгаа?

-Дэмий зүйл. Гэхдээ оюутны амьдрал тарчиг шүү дээ. Янз бүрийн сурталчилгаа, клипэнд тоглохоор мөнгө өгдөг. Түүнээс татгалзах хэц үү байх л даа. Ер нь хүн санаанд багтсан, чаддаг зүйлээ л хийх хэрэгтэй. Чадахгүй зүйл рүү, мөнгө амласан болгон руу гүйж, савчаад байвал олигтой юм гарахгүй л дээ.

-Гэхдээ Монголын өнөөгийн эдийн засаг тэгж савчихаас өөр аргагүй байдалд оруулаад байх шиг. Ялангуяа урлаг соёлынхныг... Зөвхөн Монголд гэлтгүй мөнгө хөөхгүй дан урлаг гээд зүтгээд байх боломж бий юү?

-Хөгжингүй том орнуудад урлагийн боловсролын ач холбогдлыг өндөр үнэлж, төр засгаасаа бодлогоор хөгжүүлж, эдийн засгаар нь дэмждэг. Улсын мөнгөөр том уран бүтээл тавиад, түүнийгээ үнэгүй үзүүлэх жишээтэй. Манайх тийм түвшинд хүрэх арай болоогүй байна л даа. Театр түрээсэлнэ, студид мөнгө төлнө гээд зарлага их байгаа учраас сайн бүтээл гэхээсээ орлоготой, олон үзэгчийг татсан юм хийхэд анхаардаг. Тэгээд ирэхээр урлагийн жинхэнэ мөн чанар гэдэг зүйл алдагдахад хүрч байгаа.

-Сүүлийн үед Монгол “үнэртсэн” кино хийх нь ховордоод байна уу даа?

-Сүүлийн үед янз янзын олон кино хийж байна. Гэхдээ үндэсний шинжтэй, яг монгол кино мөн дөө гэчихээр юм гарахгүй байгаа нь үнэн. Гадаадын кинонуудаас санаа авч, жүжигчид нь солонгос хүнийг, хэв маягийг дуурайж, нэг тийм эрлийз байдалтай, хуулбарласан хандлага их байгаа. Тэд бүгд бидний шавь л даа. Тэглээ гээд хийж байгаа хүмүүсийг буруутгаад байж болохгүй, мөнгөний асуудал хэцүү л дээ.

-Соёл урлагийг хөгжүүлэхэд бодлого дутаад байна гэж яриад бүр улиг болчихож. Тэр бодлогыг мэргэжлийнхэн нь тодорхойлж, боловсруулах ёстой биш үү. Тэгэхгүй бол дээдчүүл ч тоохгүй, ярихаас хэтрэхгүй байна.

-Энэ тухай уран бүтээлчид, урлагийн мэргэжилтнүүд амаа чилтэл яриад одоо бүр залхсан. Тиймээс төрд даатгахаас илүүтэй мэргэжлийнхэн хүчээ нэгтгэж, бодлого боловсруулах ёстой байх гэж бодох болсон.

-Тэгээд манай урлаг соёлынхон нэгдэж чадаж байна уу?

-Мэргэжил нэгтнүүдээ базаад, зангидаад аваад явчих нэг манлайлагч хэрэгтэй байх шиг. Тэгэхгүй бол өөр өөрсдийн ажилдаа түүртээд, ухнадсаар байтал цаг хугацаа нэг мэдэхэд л өнгөрчих юм.

-Тэгвэл нэг цуглаж байгаад, тэр манлайлагчийг сонгочихож болно биз дээ?

-(Инээв). Ярихаараа бүгд лидер болчих гээд нэг тийм зовлонтой монгол зан байна. Хэдэн жилийн өмнө Соёл урлагийн ажилтны улсын зөвлөлгөөн болж, Төрийн ордонд хуралдлаа. Тэр үед би “Соёлын яам гэж тусдаа байж болдоггүй юм бол соёл урлагийн бодлогыг хэрэгжүүлэгч, бие даасан хүчтэй агентлагтай байх ёстой” гэж хэлж байсан. Бүгд л дэмжсэн. Соёл урлагийн хороог ч байгуулсан. Гэхдээ яамны дэргэд бас Соёл урлагийн бодлогын газар гэж бий. Эрх мэдлээ булаацалдсан, асуудлыг хоорондоо шидэлцсэн тусдаа байгууллагатай болчихсон. Уг нь энэ хоёр нэг байгууллага байх ёстой гэж олон хүн бодож байсан юм.

-Та 2007 онд “Монголын театрын нэвтэрхий толь” гаргасан байх аа. Нэлээд эрэлттэй, оюутнууд, мэргэжилтнүүдэд гарын авлага болохоор бүтээл болсон гэж байсан?

-Алтан үеийнхэн хэмээн хүндэлдэг бурхдын дурсгалд зориулсан бүтээл юм. 1000-аад уран бүтээлч болон уран бүтээлийн түүх, театрын урлагийн нэр томъёо гээд Монголын театрын урлагийн тухай ном юм. Энэ номыг бүтээхэд БСШУЯ-наас их дэмжлэг үзүүлсэн. “Русский гимнази”-ийн захирал М.Энхтайван гол ажлыг нь нугалж өгсөнд баярлаж явдаг. Цөөхөн хувь хэвлүүлсэн болохоор хэдийнэ дууссан. Жаахан янзлаад, шинээр баяжуулаад дахин хэвлүүлэх санаатай байгаа. Бараг бэлэн болчихсон. Одоо санхүүгийн асуудлаа шийдчихвэл болно. Сүүлийн үед судалгааны ажил гээд бичиг, цаастай “ноцолдоод” завгүй байна. Сүүлд нэг ном гаргасан. Англи, америк, франц зохиолчдын инээдмийн есөн жүжгийг орчуулан, хэвлүүлсэн юм. Тухайн хэлнээс нь бус, орос хэлнээс орчуулсан. Одоо өөрийн кино, жүжгийн зохиолын түүвэр, шүүмж, судлалын ажлаар ном гаргахаар төлөвлөөд байна. Өмнө нь гаргасан “Нүд” номоо шинэчлээд хэвлүүлчих санаатай. Бас Оросын зохиолч А.Ванпиловын жүжгийг орчуулаад хэвлэхэд бэлэн болгосон. Эхийг нь бэлэн болгосон гурван ном хэвлэлтээ хүлээгээд байж байна даа. Ер нь жүжгийн зохиолын номны эрэлт их явцуу шүү дээ. Мэргэжлийнхэн л сонирхох байх, эрсдэлтэй зүйл л дээ. Дээхнэ үед жүжгийн зохиолыг бодлогоор хөгжүүлж, яамнаас хөрөнгө мөнгө зарж, хэвлүүлдэг байлаа. Гол ажлыг нь Э.Оюун багш л хийж байсан юм.

-Таныг А.П.Чеховоор “өвчилс өн” хүн гэх юм билээ.

-Би А.П.Чеховын жүжгүүдийг сургалтын гол хэрэглэгдэхүүн болгодог юм. Би тэр хүний жүжгүүдээр эмхтгэл гаргасан. Чеховын бүтээл үүдийг уншихад уйтгартай, гунигтай юм шиг боловч сэтгэлийн дотоод зөрчлийг гаргасан, амьдралын ухааныг өгүүлдэг онцлогтой. Тиймээс оюутан, жүжигчин, найруулагч түүнийг уудалж, ухахад сонирхолтой өгөгдөхүүн юм. Жил бүрийн тавдугаар сард Бээжинд Азийн театрын сургуулиудын том наадам, форум болдог юм. Тэр наадамд манай оюутнууд Чеховын “Цахлай” жүгээр оролцохоор бэлтгэж байна. Энэ жил уг наадам Чеховын бүтээлийг онцолж байгаа юм. Би тэр үеэр зохиолчийн талаар илтгэл тавина.

-Д.Цоодол гуай Чеховын шилдэг өгүүллэгүүдийг орчуулан “Бачтай хүмүүс” ном хэвлүүлсэн байна билээ.

-Өмнөх үгийг нь би бичсэн шүү дээ. Цоодол гуай өгүүллэг, туужийг нь, би жүжгийн зохиолыг нь дагнан орчуулдаг юм.

-Өнгөрсөн Наадмын хүндэтгэлийн ёслолд Завханы 999 морин хуурч хуур татсан нь олны талархлыг хүлээж, Цагаан сарын үеэр болсон ардын урлагийн “Мөнгөн хараацай” анхдугаар наадмын шилдгээр тодорсон. Энэ тоглолтыг та найруулсан гэл үү?

-Би уг нь Хөвсгөлийн хүн. Эхнэр маань Завханых. Хазгар хүн хадамсаг гэдэгчлэн би Завхан руу их явах болсон. Сүүлийн үед Завхан нутагт илүү татагдаад байгаа. Энэ нь ажил мэргэжилтэй минь бас холбоотой л доо. Аймгуудын Хөгжимт драмын театрын захиалгаар СУИС-д мэргэжилтэн бэлтгэдэг юм. Бүр нэг ангиар нь сургаж, төгсгөнө. Тэд төгсөөд аймагтаа очиж ажилладаг. 2000 онд Завханаас нэг анги бүрдүүлж, төгсгөсөн. Завханд Төрийн шагналт Л.Ванганы нэрэмжит театр бий. Тэр мундаг хүний нэрэмжит театр учраас боловсон хүчин сайтай, манлайлагч байх ёстой. Өнгөрсөн зун 800 суудалтай театрын суурь тавигдлаа. Мөн Завхан Хөгжим бүжгийн коллежтой шүү дээ. Тэр сургуулийн өргөтг өлийг барилаа. Соёл урлагийн төлөө Санжмятав дарга их зүйл хийж байна. Энэ мэтчилэн тэр нутаг руу гүйх ажил мундахгүй. Өнгөрсөн зуныг би их жаргалтай өнгөрүүлсэн. 1024 хуурчийн тоглолтыг найруулаач гэсэн урилга авсан юм. Хуурын эгшигт уярч, Отгон тэнгэр хайрханаа харж, хүүхдүүдтэй ажиллахад хачин их аз жаргалтай байсан. Зуны эхэн сард Хайрханы овоон дээр гарахад цасан шамарга тавьж байхад, бэлд нь суугаад хуурдаж байгаа хүүхдүүд наранд шарагдаад хөлс нь асгарч байх жишээтэй. Гайхалтай, сонин үзэгдэл шүү. 1024 морин хуурч бэлтгэсэн гэхээр нь би анх үнэмшээгүй. Учир нь 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баярын арга хэмжээг би найруулж, 800 морин хуурчийг хот, хөдөөгөөс бүрдүүлэх гэж махаа идсэн юм. Тэгсэн чинь үнэхээр 1024 морин хуурч эгнэж суугаад, биеэрээ найгаж, хуураа татахад ямар гайхалтай байсан гээч. Яг л Дуут нуур давалгаалж байгаа мэт. Өөрийн эрхгүй нулимс асгарч билээ. Хуурын аялгуу гэдэг тийм гайхалтай. Ирэх жил болох Завхан аймгийн 90 жилийн ойгоор 2200 морин хуурчийн тоглолт хийхээр бэлтгэж байгаа гэсэн.

-Та хуур татдаг уу?

-Гэрт хуур байдаг ч татаж, дуугаргаж үзээгүй. Надад хөгжмийн авьяас заяагаагүй юм билээ. Намайг гурав, дөрөвдүгээр ангид сурч байхад шиг санагдана. Аав маань мах бэлтгэлд нэг бяруу тушааж, мөнгөөр нь надад жижиг баян хуур авч өглөө. Би яаж ч “ноцолдоод” тэр хөгжмөөр тоглож сураагүй шүү дээ.

-Та алтан үеийнхний хормойноос зүүгдэж боловсорсон азтай хүмүүсийн нэг. Тийм болоод ч тэр үү, таны найруулсан кино, жүжгүүд одоо хэр нь хүмүүсийн сэтгэлд байдаг?

-Таван киноны зохиолыг бичиж, найруулсан, 10-аад жүжигтэй хүн, би. Зарим жүжгээ өөрөө найруулж байсан. Беларусст сурч байхдаа “Амин булаг”, “Мичдийн зургаан гялбаа” жүжиг бичсэн. Тэр үед С.Эрдэнэ гуай тэнд очиж таараад, би “Амин булаг”-аа уншуултал нэлээд тоосон. Хачин их урамшиж, Монголд ирээд найруулагч Доржсүрэн агсанд уншуулсан. Тэгсэн мөн л овоо жүжиг байна гэсэн. Тэгээд Найдандорж найруулж, тавихаар болсон ч зах зээлийн хүнд үед “цохигдоод” хаягдсан. “Мичдийн зургаан гялбаа”-гаа өөрөө найруулж, Драмын театрын бага тайзнаа тавьсан. 1990- ээд онд бага тайзны тавилт их моодонд ирж байлаа. Бид Оросоос сурч ирсэн зүйл. Сүүлд энэ зохиолыг минь МҮОНТ-ийн Энхтуяа телевизийн жүжиг болгосон нь одоо “Алтан фонд”-од бий. Хааяа зурагтаар гарч байгаа харагддаг. 1993 онд “Мичдийн зургаан гялбаа”- гаараа би кино хийсэн. Асрамжийн газарт байгаа хөгшчүүлийн тухай өгүүлдэг шүү дээ. Ч.Долгорсүрэн, Г.Гомбосүрэн, Лха.Долгор, ГБатсүх, З.Пүрэв нарын алтан үеийн мундаг жүжигчид тоглосон.

-Тэр кинонд цасыг цаасаар орлуулсан гэдэг билүү?

-Зургийг нь хавар өдийд авсан юм. Уг нь бүх зургийг цастай үед авах байсан. Гэтэл хунгарлачихсан цас нэг өдрийн дотор л хайлчихсан байсан. Тэгэхээр нь бүгдээрээ цаас хайчилж, цас хийв ээ. Зайлуул, Долгорсүрэн гуайн гар цэвр үүтчихээд л “цас” хийгээд сууж байсан даа. Яагаав, Батсүх гуай модны орой дээр суучихаад хашгирдаг хэсэг байдаг даа. Тэр үед цас будрах ёстой байсан юм. Тэгээд л нөгөө хийсэн “цасаа будрууллаа” даа. Цаас бол хэзээ ч цас болдоггүй хог билээ (инээв). Кино их хэцүү. Нэг удаа зураг аваад дууссан бол гүйцээ. Засаж залруулах аргагүй. Театрын бүтээл бол арай өөр. Энэ удаа алдсан бол дараа нь засаж, залруулаад, сайжруулаад байх боломжтойгоороо давуу талтай. “Хэлтгий заяа” киногоо эргээд харахад мөн л алдаа байдаг. Тэгэхгүй яав даа гэж боддог л юм.

-Та бас кинонд хэд хэдэн удаа дүрээ мөнхөлсөн байх аа?

-Оюутан байхдаа хоёр киноны жижиг дүрд гарсан. “Газрын үнэр”, “Тэмцлийн оч” байна. Намайг кино урлагт хөтөлж оруулсан хүн бол Р.Доржпалам гуай. “Морьтой ч болоосой”, “Энэ хүүхнүүд үү”, “Говийн зэрэглээ” зэрэг сайн бүтээлтэй, мундаг хүн шүү дээ. Орост киноны бүрэн дээд курс төгсөж ирсэн анхны найруулагч байсан. Драмын театрын тайзнаа Э.Войничийн “Овод” жүжгийг ч тавьсан гайхалтай найруулагч. Тэр хүний ачаар их зүйл сурсан. Би алтан үеийнхний хормойноос зүүгдчихсэн их азтай хүн шүү. Ардын жүжигчин П.Цэрэндагва ах ч тэгж хэлдэг.

-Тэр үеийнхний дайтай жүжигчид өнөөдөр яагаад гарч ирэхгүй байна вэ?

-Эрдэнийн үр зуусан үлгэрийн шувуу Монгол гээд буурай орон дээгүүр нисэж яваад хэрэгтэй газар нь энэ байна гээд цацсан байх гэж би их бэлгэшээж боддог, тэр үеийнхний тухай. Өөр хоорондоо давтагдашгүй, гайхалтай сайн жүжигчид тэр үед төрөн гарсан. Тэд мэргэжлийн сургууль дүүргээгүй. Тэдний их сургууль нь М.Горькийн хэлснээр амьдрал байсан. Тиймээс туулсан амьдралаасаа дүрийнхээ үрийг гарган авдаг байж. Эгэл амьдралаар батлагдан гарсан дүр учраас тийм амьд, бодитой байж чадсан. Өнөөдөр залуучууд дүрийн судалгаа муу хийж байна. Тэгэхээр хиймэл байгаа юм. Жигжигсүрэн гуай кино хийхдээ заавал дөрвөн улирал дамнуулдаг онцлогтой байсан. Тэр хооронд дүрийн судалгааг маш сайн хийдэг байхгүй юу. Одоо бол сарын дотор л кино хийчихэж байна. Судалгаа хийх цаг алга. Дэндүү урсгалаараа, илэх төдийхнөөр кино хийгээд байх шиг санагддаг. Ажиглаад байх нь ээ, сайн уран бүтээлчид төрдөг үе байх шиг байна. Баатар, Найдандорж гээд нэг үеийн сайн найруулагчид байна. Дараа нь Наранбаатарыг нэрлэж болно. Миний шавь юм шүү дээ. Монголд мюзиклийн төрлийг хөгжүүлэхэд их зүйл хийж байгаа залуу.

-Өнгөрсөн жил СУИС-д урлаг судлалын анги нээсэн билүү?

-Манайд сүүлийн үед мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид маш их үгүйлэгдэж байна. Хүмүүс хообийгоороо л энэ салбарыг авч явж байгаа. Энэ чиглэлээр сурсан хүн олон байдаг ч мэргэжлээрээ ажилладаг нь маш цөөн байсан. Одоо огт байхгүй гээд хэлчихэд хилсдэхгүй. Мэргэжлийн шүүмж гэдэг маш хэрэгтэй, чухал зүйл шүү дээ. Одоо манайд шүүмж, судлал гэхээр сэтгэгдэл төдий юм болчихоод байгаа нь харамсалтай. Алтан үеийнхний хормойноос зүүгдэж боловсорсон, Монголын тайз, дэлгэцийн урлагийн хойч үеийг бэлтгэх ажилд 20 гаруй жил зүтгэсэн энэ хүн маш их “мөлжүүртэй”. Хэвлэл мэдээллийнхэн, урлагийнхан гээд түүнийг “хоргойж, хормойдон, мөлжих” хүн мундахгүй.

 Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)