НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг 21 сая ам.доллароор гадаад дахь зээлээ төлжээ

Монгол Улсын Хөгжлийн банк нь улсын эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, манай орны хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл удирдах албан тушаалтнууд нь эрх мэдлээ урвуулан танил тал, найз нөхдөдөө үйлчилж, гадаад зах зээлд арилжсан бонд болон татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийснийг АТГ-ынхан баримтжуулан шалгасаар байгаа. Үүний нэг нь өндөг, махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг болон дээрх банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр нарт холбогдох үйлдэл. Тэдэнд АТГ-ынхан одоогоос яг нэг жилийн өмнө эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Ц.Баатарбилэгийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьсон билээ. Түүнээс хойш бүтэн жил өнгөрөхөд мөрдөн шалгах ажиллагааг нь дуусган яллах дүгнэлт үйлдүүлэн гэм буруутай, эсэхийг нь хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байгааг эх сурвалжууд мэдээллээ.

Ц.Баатарбилэгийн удирддаг НВЦ компани нь Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл авч бүтээн байгуулалтаа санхүүжүүлэхээр төсөл бичсэн байдаг. Гэвч дээрх хэмжээний мөнгийг зориулалтынх нь дагуу ашиглаагүй, урьд нь авсан зээл, түүний хүүгийн төлбөрт өгч, заримыг нь шамшигдуулсан нь тогтоогдоод буй гэх мэдээлэл бий. Тодруулбал, Ц.Баатарбилэг гадаадын арилжааны банкуудаас их хэмжээний зээл авсныгаа Хөгжлийн банкнаас авсан мөнгөөрөө төлсөн нь тодорхой болсон аж. Түүгээр ч зогсохгүй дээрх банкнаас шалгуур хангахгүй материал бүрдүүлж, ашиггүй ажилладаг аж ахуйн нэгжээ барьцаанд тавьж зээл аван Хөгжлийн банкийг алдагдалд оруулсан нь ч батлагдсан сурагтай. Харин түүнд давуу байдал олгосон үндэслэлээр Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг буруутгасан юм. 2016 оны арванхоёрдугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдож, 2019 оны зургадугаар сарын эхээр хүсэлтээрээ чөлөөлөгдсөн Б.Батбаярыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэмээн Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар тооцсон билээ.

Б.Батбаярын хувьд зөвхөн НВЦ компанийн удирдлагаар тогтохгүй, “Алтай групп” буюу олны дунд “Алтай констракшн”-ы гэдгээр нь мэдэх болсон Х.Бат-Эрдэнэд ч давуу байдал бий болгон, үнийн дүндээ хүрэхгүй объектуудыг зээлийн барьцаанд авахад нь нөлөөлсөн байж болзошгүй хэмээн шалгуулж буй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)