Н.Болор-эрдэнэ: Киноны зураачид өлөн нүд, ширэн нүүртэй

Түүнтэй нэлээд олон киноны нээлтийн ёслол дээр таарч байв. Урт үс, бүрх малгай, чамин хүзүүний ороолтоор байнга гангарах түүнийг анх хараад рок хамтлагийн хөгжимчин юм болов уу гэж бодсоноо нуух юун. Гэтэл тэрбээр киноны зураач, тэр ч бүү хэл шүүмжлэгч, урлаг судлаачдаас чамгүй өндөр үнэлгээ авсан “Ану хатан”, “Долоон бурхан харвадаггүй”, “Содура” зэрэг киноны ерөнхий зураачаар ажилласан нэгэн аж. Тэрбээр кино урлагийн шилдгийг шалгаруулдаг “Монголын Академи авардс-2016” наадмын шилдэг зураачийн шагнал хүртсэн юм. Дэлгэцийн урлагийн арын албанд 2005 оноос хойш “гялалзаж” яваа зураач Н.Болор-Эрдэнийг “Далд хүмүүс” буландаа урилаа.

-Өнгөрсөн хугацаанд дэлгэцийн хэчнээн уран бүтээлд зураачаар ажиллав?

-“Аравт”, “Ану хатан”, “Миний ах атаман”, “Ар хударга”, “Үхэж үл болно”, “Долоон бурхан харвадаггүй”, “Намрын синдром”, “Содура” зэрэг 30 гаруй кинонд ажиллалаа. Одоо “UBS” телевизийн бүтээж буй “Говийн домог” киноны зураачаар ажиллаж байна.

-Ихэвчлэн түүхэн кинонд ажилладаг юмаа даа.

-Их сонирхолтой. Сургуулиа төгсөөд хамгийн анх түүхэн кинонд ажилласан. Зураачийн чадал шавхсан ажиллагаа ихтэй. Маш их судалгаа хийж, мэдлэгээ тэлэх боломж олгодог юм.

-Энэ төрлөөс илүү уран зөгнөлт, үлгэрийн кино нь зураачдын ур чадварыг илүү тод харуулах юм биш үү?

-Тийм шүү. Би өөрөө ч энэ төрлийн кино үзэх дуртай. Харамсалтай нь, манайд хийхгүй байна.

-Түүхэн кинонд ажилласнаас орчин үеийн сэдэвтэй бүтээлд ажиллах нь биед амар биз дээ. Тэгээд ч авах үнэ хөлс нь бараг адилхан, зарцуулах цаг хугацаа ч богино гэж санагдах юм.

-Тэр ч тийм л дээ. Гэхдээ би нэгэнт ийм мэргэжил эзэмшсэн юм чинь өөрийгөө зовоож, түүнээс сэтгэлийн таашаал авмаар байна шүү дээ. Яг үнэндээ надад орчин үеийн сэдэвтэй кинонд ажиллах нь илүү түвэгтэй санагддаг.

-Кино бүтээх явцад зураачдад тулгардаг хамгийн том бэрхшээл юу вэ?

-Нэг л зүйл бий. Энэ бол санхүүгийн асуудал. Ялангуяа түүхэн кино бүтээхэд зардал өндөр. Зураачид кинонд хэрэглэх жижиг хэрэглэл, тайз декораци гээд зохиолд дурдагдсан, зураг авахад хэрэглэх бүхий л зүйлийг зурж дүрслэн, төсвөө гаргаж өгдөг юм. Гэтэл киноны продюсер тэр төсвийг таначихдаг. Маш бага зардлаар хүссэн зүйлээ хийхийг биднээс шаарддаг. Энэ тохиолдолд их хэцүү. Гэхдээ зураачдад хүссэнээрээ ажиллах боломж олгодог продюсерүүд ч бий.

-Зураачид киноны зураг авах өнцөг, үйлдэл бүрийг нэг бүрчлэн зурж storyboard буюу төлөвлөгөөт зураг гаргадаг. Гэтэл сүүлийн үеийн зарим киноны зураачид энэ ажлыг орхигдуулдаг болжээ.

-Залхуурч л байгаа хэрэг байх. Би ажилласан бүх киноныхоо “storyboard”-ыг зурсан. Энэ нь найруулагч, зураглаачдад юу хүсэж, яаж ажиллах гэж буйгаа ойлгуулахад илүү дөхөм. Үйл явдлыг илүү тодруулж харуулахад энэ ажил их чухал.

-Киноны дүрүүдийг тодорхойлохдоо та юуг голчилж анхаардаг вэ?

-Хамгийн түрүүнд жүжигчний гадаад төрхийг бүрэн өөрчлөхийг хүсдэг. Өмнө тоглосон дүрүүдээс нь тэс өөр харагдуулахыг хичээдэг юм. Гаднах төрхийг нь өөрчилснөөр жүжигчний тоглолт ч өөрөөр илэрдэг.

-Таны тодорхойлсон дүрийн онцлог, төрх жүжигчинд таалагдаагүй, эсэргүүцсэн тохиолдол бий юү?

-Таалагдахгүй гэхээс илүү айдаг. Сүүлд талийгаач Ц.Батхуяг ахыг “Содура” кинонд тоглоход үсийг нь хусаж, магнайг нь өргөн болгож хувиргасан. Эхэндээ нэг их дуртай байгаагүй. Гэхдээ эвлэрсэн. Одоо зургийг нь авч буй “Говийн домог” кинонд жүжигчин С.Лхагвасүрэн ахын чихийг цоолж, ээмэг зүүлгэх гээд дийлээгүй. Зүүгээр хатгуулахаас маш их айдаг юм билээ.

-Гэрээ музей шиг тохижуулсан зураач олон. Та бас хуучны эд зүйл цуглуулдаг уу?

-Киноны зураач бүрийн хообий. Би 1930-1990 оны хооронд хүмүүсийн хэрэглэж байсан зүйлийг цуглуулах дуртай. Оюутан байхаасаа л цуглуулсан. Хүмүүст байдаггүй чамин зүйл их бий.

-Дагнаж цуглуулдаг зүйл бий юү?

-Радио, зурагт, пянз тоглуулагч, зургийн аппарат гээд цахилгаан хэрэгсэл цуглуулдаг. Бас бугуйн цаганд дуртай.

-Киноны зураачид нэг нэгнээ “орон байрны хулгайч” гэж хошигнодог юм билээ.

-Нээрээ тийм шүү. Өлөн нүдтэй, ширэн нүүртэй хүмүүс (инээв). Айлд ороод зүгээр сууж чадахгүй нүд гүйлгээд хаана, юу байгааг нь харчихдаг. “Танайд нэг тийм юм байна билээ. Түр хэрэглүүлээч” гэхээр “Чи хэзээ олоод харчихав” гээд хүмүүс гайхдаг юм.

-Танихгүй айлд яваад ортол эртний ховор эд байвал яах вэ. Гуйгаад авах уу?

-Гуйна шүү дээ. Тийм тохиолдол зөндөө. Эхлээд “Пөөх, энэ ямар гоё эд вэ. Хэнийх вэ” гээд тандана. Тэгээд нэг их ач холбогдол өгөхгүй, тоохгүй бол үнэнээ хэлээд “Надад өгөөч, зараач” гээд гуйна. Бүр болохгүй бол хулгайлаад ч хамаагүй аваад гарна (инээв). Гэхдээ бидний нүдэнд тордог тэдгээр зүйл чинь үнэт эдлэл, алт эрдэнэс биш шүү дээ. Бусдын нүдэнд хог гэж харагдахаар, инээд хүрмээр юмс байдаг юм.

-Хулгайлсан зүйл олон бий юү?

-Байгаа шүү. Киноны зураг авах гээд нэлээд олон айлаар орсон юм. III хороололд нэг айлд яваад ортол тавилга, аяга таваг гээд бүх л зүйл нь хуучны орос эдлэл. Тэр айлын эзэн надаас “Сонирхож байгаа нэг зүйлийг чинь бэлэглэе. Алийг нь авмаар байна вэ” гэж асуусан юм. Би “Бүгдийг нь авмаар байна” гээд хэлчихсэн. Гэтэл “Тийм боломж байхгүй. Аль алийг сонирхож байгаа юм бэ” гээд дахиад асуулаа. Би ч нэлээд хэдэн зүйл ялгаад үзүүлтэл “Энийг болно, тэрийг болохгүй” гээд ялгачихсан. Харин тэр айлаас гарахдаа би өгөхгүй гэж байснаас нь нэлээд хэдийг нууцаар аваад гарчихсан. Гэхдээ дараа нь “Уучлаарай ах аа, би үнэхээр сонирхож байсан болохоор авчихсан шүү” гээд үнэнээ хэлсэн.

-Тэр айл шиг хуучны эд хогшлоо хадгалдаг, тийм тохижилттой айл хэр элбэг вэ?

-Бараг байхгүй дээ. Зургаа бил үү, долоон жилийн өмнө Хонхорт нэг айлд очсон. Ёстой гоё. Яг хуучнаараа. Чемодан давхарлаад тавьчихсан, хуучин орос зурагт, тавилгатай. Хэсэг шоконд орсон. Бага насандаа буцаад оччихсон юм шиг. “Би хэсэг ганцаараа суугаадахъя” гээд 20-иод минут тэр айлд суусан.

-Сүүлийн үед хийж буй монгол кинонуудын зураачийн ажилд шүүмжлэлтэй хандмаар алдаанууд ажиглагддаг. Дайн тулаантай хэсэгт индүүдлэг нь арилаагүй шинэ дээл жүжигчдэд өмсүүлсэн, жижиг хэрэглэл нь огт үнэмшилгүй байдаг гэх мэтчилэн.

-Би ч тийм алдаа гаргаж байлаа. Гэхдээ алдаа гэхээс илүү нөгөө л продюсерийн зүгээс ирдэг бас нэг дарамт энэ. Тодруулбал, дайн тулаантай хэсэгт мэдээж жүжигчид урагдсан, хуучирсан дээл өмсөх ёстой. Бид захиалж хийлгэсэн хувцсаа будаж, зарим хэсгийг нь ханзалж хуучруулах ёстой. Гэтэл продюсерүүд “Энэ хувцсыг урж болохгүй, дараа нь өөр кинонд ашиглана” гэдэг. Энэ тохиолдолд бид үгэнд нь орохоос өөр аргагүй. Япончуудтай хамтарч хийсэн “Чингис хаан” киноны үеэр жижиг хэрэглэл, дээл хувцсыг хуучруулах гэтэл зөвшөөрөөгүй. Цайны аяганд өнгөр тогтож, элэгддэг шүү дээ. Тэр кинонд хэрэглэх аягыг тийм болгож янзлах гэтэл гадаад жүжигчин нь “Би зөвшөөрөхгүй. Өвчин авчихвал яах юм” гээд бидний ажлыг хийлгээгүй.

-Кино бүтээхэд хэдэн төгрөгөөр санхүүжүүлснээ продюсерийн ажил хийчихлээ гэж эндүүрдэг, мэргэжлийн бус хүмүүс энэ салбарт их байгаагийн илрэл юм уу даа.

-Яг үнэн. Уг нь энэ чиглэлээр дагнаж ажилладаг, мэргэжлийн хүмүүс олон байгаасай л хүсдэг юм.

-Мэргэжлийн кино зураачдын холбоо байгуулсан гэсэн. Энэ холбоо хэдэн гишүүнтэй вэ?

-Монголын кино урлагт зураачдын эзлэх байр суурийг тодорхой болгох, үнэлэмжийг өсгөх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Одоогоор Ж.Цогт, Н.Батжаргал ах болон “Movie art” урлангийн 40 гаруй зураач энэ холбоонд нэгдсэн.

-Зураг авах явцад зураачийн эрх зөрчигдвөл холбоо хамгаалах уу?

-Хамгаална. Холбооны гишүүд ч үүргээ биелүүлж, эрхээ хамгаалуулах ёстой.

-Гадаадын кино үзэх бүртээ зураачийн ажлыг их анхаарч хардаг байх. Хийсэн ажлууд нь таалагддаг зураач байдаг уу?

-Байлгүй яах вэ. Оросын эх орны дайн, тулаантай ихэнх киноны зураач Солбон Лыгденов гэж хүн бий. Тэр хүний ажилласан бүх кинонд дуртай.

-“Содура” кинонд ажиллахаасаа өмнө цаатнуудын амьдралыг нүдээр харж байсан уу?

-Киноны зургийг авч эхлэхээс өмнө найруулагч, зураач, зураглаач гэсэн 10-аад хүн тэнд очиж судалгаа хийсэн. Түүнээс биш өмнө нь очиж үзээгүй.

-Хамгийн их халж, хөрч ажилласан кино нь “Содура” юу?

-Үгүй ээ. Хөвсгөлд хөлдөж үхэх байх гэж бодсон чинь тэгээгүй. Харин “Үхэж үл болно” киноны зургийг Сэлэнгэд өвөл авсан юм. Тэгэхэд л осгохоо шахсан шүү.

-Ихэнх зураачид рок хөгжим сонирхдог юм билээ. Та бас хөгжмийн энэ урсгалд дуртай юу?

-Тийм ээ, дуртай. Яагаад ч юм амьд хөгжим, дүрслэх урлаг хоёрт нандин холбоо байх шиг санагддаг. Хэмнэл, агуулга нь тохирдог байх.

-Таны стиль их өвөрмөц. Бас улаан хивсний ёслол, киноны нээлтэд их ганган хувцаслаж ирдэг. Эхнэрийг тань загвар зохион бүтээгч мэргэжилтэй гэж сонссон. Таны хувцсуудыг эхнэр тань урладаг уу?

-Миний ханийг Г.Хорол-Энх гэдэг. Загвар зохион бүтээгч. Эхнэрийнхээ бүтээлээр гангарчихдаг шүү. Зөвхөн надад зориулж, ганцхан ширхгийг урласан болохоор сэтгэл өег өмсдөг. Би ороолт, бүрх малгайнд бас их дуртай. Нэлээд олон бий. Сүүлийн хэдэн жил 10 гаруй киноны хувцасны зураачаар надтай хамт ажиллалаа.

-Ажил, гэртээ байнга л хамтдаа байх сайхан байх даа.

-Амар байдаг юм. Өөр мэргэжлийн хүн бидний мэргэжлийн онцлогийг ойлгохгүй шүү дээ. Хамт ажилладаг, зовлон жаргалыг нь мэддэг болохоор ойлголцоход амар.

-Гэрлээд хэр удаж байгаа вэ?

-Зургаан жил болж байна.

-Хэдэн хүүхэдтэй вэ?

-Хоёр хүүтэй. Б.Соёмбо, Б.Маргад гэж тэрсхэн жаалуудтай.

-Танай удамд зураач, гарын уртай хүмүүс байсан болов уу?

-Байдаг. Миний аавын талынхан бүгд гарын дүйтэй хүмүүс. Өвөө маань уран Авирмэд гэж хүн байлаа. Өвөөгийн урласан дээл, зодог шуудаг, монгол гутлыг тэр үеийнхэн нь шагшдаг байсан юм гэсэн. Аав маань ч 20-иод жил урлагийн байгууллагад ажилласан, А.Найданням гэж хүн бий.

-Таныг ӨМӨЗО-д ажиллуулахаар урьсан гэсэн. Энэ киноны тухай яриач. Бас эхнэртэйгээ хамт ажиллах уу?

-Тийм ээ, хамт ажиллаж байгаа. ӨМӨЗО, АНУ, ОХУ, Япон, Солонгос, Монгол зэрэг зургаан улсын уран бүтээлчид хамтарч Чингис хааны тухай кино хийж буй. Амралтаараа нутагтаа ирчихээд байгаа нь энэ. Энэ сарын сүүлээр ӨМӨЗО руу дахин явна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)